Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдлаа.
2013.07.03

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдлаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өчигдрийн / 2013.07.02 / хуралдаанаар “ Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий аудитор А.Зангад, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат нар танилцуулав.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийн төслийг УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны нийт зарлага 6,499.2 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 6,017.8 тэрбум төгрөгийн буюу төлөвлөгдсөн нийт зардлын 92.6 хувь, улсын төсвийн нийт зарлага 4,675.9 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 4,379.4 тэрбум төгрөгийн буюу нийт төлөвлөгдсөн зардлын 93.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг Улсын Их Хурлын Байнгын хороод хэлэлцээд төсвийн гүйцэтгэлийг батлах саналаа ирүүлсэн байна.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаараа хэлэлцээд "Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.