О.Баасанхүү Өршөөлийн хуулийг сураглав
Монгол Улсын Их Хурлын Гишүүн О.Баасанхүү
2013.07.04

О.Баасанхүү Өршөөлийн хуулийг сураглав

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн тавдугаар сард Өршөөлийн тухай хуулийн төслийг санаачилснаа мэдэгдсэн билээ. Гэвч эл хуулийн төсөл хаана гацаанд орсон нь мэдэгдэхгүй таг болсон.

Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах болоход гишүүн О.Баасанхүү эл төсөл яагаад намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй талаар лавлалаа.

Өршөөлийн тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдсан нөхцөлд ял эдэлж байгаа 3000 орчим хүн Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдана

Ингэхдээ тэр “Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа НӨАТ-ын тухай хуулийн төсөл болон Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ яагаад ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудалд багтааж болсонгүй вэ” гэж асуусан юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын тайлбараар бол УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Бусад гэсэн асуудал бий. Түүнд хамааруулж хэлэлцэж болох талтай. Гол нь хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн бол бүрэн боломж байгаа” гэж хариулав.

Өршөөлийн тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдсан нөхцөлд ял эдэлж байгаа 3000 орчим хүн Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдана гэж төсөл санаачлагчид мэдэгдэж байсан удаатай. Түүнчлэн Улсын дээд шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Н.Энхбаяр энэхүү хуулийн ачаар суллагдах бүрэн боломжтой гэж байсан ч зарим хуульчид “Авлига хээл хахуулийн хэргээр ял сонссон хүнд Өршөөлийн хууль хамаарахгүй” гэж мэдэгдсэн. Үүнээс ч болсон уу, ямар ч байсан Өршөөлийн тухай хуулийн төсөл УИХ-ын босгоор орж ирэхгүй хаанаа гацсан нь мэдэгдэхгүй байсаар хаврын чуулганыг хаалгах болж байна.