Баяр наадмын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2013.07.09

Баяр наадмын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм. Мөн уг асуудлыг авч хэлэлцсэн Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсов.

Байнгын хорооны санал, дүгнэлт, Ерөнхийлөгчийн зөвлөхийн хийсэн танилцуулгатай холбогдуулан гишүүн Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Б.Болор, Д.Арвин, Ө.Энхтүвшин нар асуулт асууж тодруулан гишүүн Д.Эрдэнэбат, Я.Содбаатар, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Су.Батболд, Д.Хаянхярваа, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Арвин, С.Баярцогт нар саналаа хэлсэн юм.

Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 36 нь буюу 60.0 хувь нь дэмжиж, энэ тухай УИХ-ын тогтоолыг гишүүдийн 61.7 хувийн саналаар батлав.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг 63.3 хувь нь дэмжлээ.