О.Баасанхүү: Эх орондоо амарч байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.08.01

О.Баасанхүү: Эх орондоо амарч байна

-Архангай аймгийн 90 жилийн ойн баярт гэр бүлийн хамт оролцоод саяхан ирсэн. Хөдөө сайхан байна лээ. Одоогоор Японы 15 хүнтэй хамт ажил хөөцөлдөөд явж байна.

Надтай яваа энэ хүмүүс Монголын төмөр зам, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх талаар судалгаа хийж яваа. Миний хувьд өмнө нь Элчин сайдын яаманд ажиллаж байсан болохоор тэр шугамаараа холбоо тогтоон гадны хөрөнгө оруулалтыг Монголдоо байршуулахаар ажиллаж байгаа.

Би чинь гишүүн болохоосоо өмнө хөдөө гадаа явж, аав, ээждээ тусалдаг байлаа. Эхнэр маань найман сарын өмнө амаржсан болохоор аль болох тэднийгээ эрүүл агаарт байлгахыг хүсэх юм. Улсынхаа ажлыг хийгээд эхнэр, хүүхдэдээ ч цаг гаргаж чадахгүй явна.

Миний хувьд ний нуугүй хэлэхэд зуслангийн газар байхгүй. Тийм болохоор байшиндаа л эхнэр, хүүхдээ хараад сууж байна. Хятад, Орос, Хойд Солонгосын тухай бичигдэж байгаа нийтлэлүүдийг орчуулан уншиж байна Тэртээ тэргүй хууль тогтоогч болчихоод мэдээлэлгүй байвал онигоо шүү дээ.

Үүний хажуугаар хоёр хуулийн төсөл өргөн барьчих санаатай ажиллаж байна. Мөн нэг юм орчуулаад завгүй л явна. Гэхдээ өөртөө зав гаргаж амрахыг хичээж байна.

Нялх хүүхэдтэй болохоор хүүхэд асрах, даавуу угаахаас эхлээд ажил мундахгүй юм байна шүү дээ. Наадмын үеэр Франц руу Олон улсын татварын байгууллагын шугамаар яваад ирсэн. Наймдугаар сарын найманд гадагшаа явж магадгүй. Би ер нь гадагшаа явах дургүй. Зөвхөн Монголдоо гэдэг хүн байгаа юм. Би ямар гадаад явж үзээгүй биш эх оронд хэрэгтэй гэсэн зүйлд л явдаг. Монголдоо амрах сайхан шүү дээ.