С.Эрдэнэ: МАК, MCS, “Хүннү Коал” ХХК нүүрс олборлолтоо зогсоогоогүй
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2013.08.02

С.Эрдэнэ: МАК, MCS, “Хүннү Коал” ХХК нүүрс олборлолтоо зогсоогоогүй

Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурснаас болж хэд хэдэн сөрөг үр дагавар манай улсын эдийн засагт мэдрэгдээд байгаа билээ. Тухайлбал, ам.долларын ханш өдөр бүр өссөөр байгаа.

Дээр нь нүүрсний үнэ буурахын хажуугаар тээвэрлэлтдээ зардал нь явчихаад байгаа учир манай уул уурхайн компаниуд ашигтай ажиллаж чадахгүй байгаа талаар эдийн засагчид тайлбарлаж байгаа юм.

Тиймээс уул уурхайн томоохон компаниуд болох МАК, MCS, “Хүннү Коал” ХХК нүүрс олборлолтоо зогссон гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн ажилчдаа цомхотгох арга хэмжээ авч байгаа талаар эх сурвалж мэдээлсэн.

Бодит байдлаас хазайсан мэдээллийг тараах явдал их байна.

Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодруулахад, “Яг одоогоор уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдаа цомхотгож, цар хүрээгээ хумьж байна гэсэн албан ёсны мэдээлэл алга байна.

Ямар нэгэн шалтгаанаар улс орны эдийн засгийг тогтворгүй болгох, санаатайгаар сөрөг үр дагавар дагуулах шум дэгдээдэг хүмүүс бий. Бодит байдлаас хазайсан мэдээллийг тараах явдал их байна” гэсэн юм.