2008.07.16

С.Баярцогт: Ханиасаа авсан хамгийн том бэлэг хоёр үр минь

-Юуны өмнө “Хань” сонины урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе!

-Энэ дугаарынхаа хүндтэй зочноор урьж байгаа “Хань” сонины хамт олонд баярлалаа.

-Таныг нэртэй улстөрч гэдгээр чинь ард түмэн андахгүй. Харин хувийн амьдралыг чинь тэр бүр мэдэхгүй байх. Тэгэхээр та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Уугуул нутаг ус, хаана төрж өссөн, ямар сургууль төгссөн, эзэмшсэн мэргэжил гээд…
-Би 1967 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн.1984 онд аймгийнхаа Бумцэндийн нэрэмжит 10 жилийн сургуулийг алтан медальтай төгссөн. Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн эдийн засгийн факультетэд элсэж, улстөр эдийн засгийн ухааны багш, эдийн засагч мэргэжлээр суралцаж 1989 онд төгссөн. Дараа нь 1996 онд ХБНГУ-ын Баденвюртембергийн Гадаад худалдааны академийг, 2002 онд АНУ-ын Колумбын Их Сургуулийг, 2003 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн.

-Таныг нэг үе залуучуудын байгууллагад ажиллаж байсан гэлүү?

-Тийм ээ. Тэр үед гадаад явж байсан хүүхдүүдийг ямар нэг яамны нэр дээр сургадаг байлаа. Би МАХН-ын Төв Хорооны нэр дээр сурсан юм. Төгсөөд ирэхэд намайг Сэлэнгэ аймгийн намын хороонд хувиарласан. Аав маань Сэлэнгэ аймгийн намын хороонд ажилладаг байсан болохоор намайг аавтайгаа цуг ажиллахгүй юу гэсэн. Гэтэл МАХН-ын Төв хорооноос Хотын эвлэлийн хороо руу, эвлэлийн хорооноос МХЗЭ рүү, тэндээсээ Найрамдлын районы эвлэлийн хороо, II их эмнэлгийн эвлэлийн хорооны даргаар ажиллуулахаар томилсон. 1990 онд Монголын залуучуудын байгууллага (МХЗЭ) анх удаа онц их хурал хийж намын оролцоогүйгээр өөрсдөө төлөөлөгчөө сонгож, анхныхаа чөлөөт их хурлыг хийсэн. Тэр хурлаар намайг залуучуудын байгууллагын дэд даргаар сонгосон юм.

-Та яагаад улс төрийг сонгосон бэ?

-1984 оны намар нь би Москвад оюутан болоод очиж байсан. Тэгэхэд 1985 оны 4 сард ЗХУ-д перестройка (Өөрчлөн байгуулалт) эхэлсэн. Орос хэлдээ гайгүй болоод мэдээлэл чөлөөтэй авдаг болсон. Тэгэхээр өөрчлөн байгуулалтын үед үзэл бодол нь төлөвшиж бүрдсэн оюутнууд 1989, 90-ээд онуудад ид төгсөж ирж байсан. Өөрчлөн байгуулалтын нөлөөн дор социалист системийн бүх орнуудад өөрчлөлт шинэчлэл хийгдэж эхэлсэн энэ цаг үед Монголд Ар¬д¬чилсан Хувьсгалын эхний үйл ажиллагаанууд өрнөөд эхэлсэн. Бидэнтэй хамт сурч байсан С.Зориг МоАХ-ны Ерөнхий зохицуулагч болж үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Ер нь бидний үеийн оюутан залуучууд ардчилсан хөдөлгөөнд гол хөдөлгөгч хүч болж, маш их идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан.

-Тэгэхэд та хамгийн залуу улс төрч байсан гэлүү?

-Тухайн үед парламент Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гээд хоёр танхимтай байсан. Тэгэхэд Залуучуудын эвлэл Ардын Их Хуралд биеэ дааж нэр дэвшүүлэх эрхтэй байсан юм. Эвлэлээс 30 гаруй залуучууд дэвшиж Ардын Их Хурлын депутат болоход би хамгийн залуу нь байлаа. Тэр дотроосоо дахиад 50 хүнийг Улсын Бага Хуралд сонгоход Хувьсгалт намтай ярилцаад хоёр суудал авахад нэг суудал дээр нь залуучуудаа төлөөлж намайг сонгосон. Би Залуучуудын байгууллагын удирдлагад сонгогдохдоо улс төр, олон нийтийн харилцаа, гадаад харилцаа, үзэл суртал, соёл олон түмний ажиллагаа гэсэн олон асуудлыг хариуцсан дэд даргын үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед яригдаж байсан Ардчилсан хүчин, Хувьсгалт намын бүх хэлэлцээрт ажиглагчаар оролцож байсан. Ардчилсан сонгууль,Үндсэн хуулийн өөрчлөлт гээд бүх л үйл ажиллагаанд оролцож байсан учраас үзэл бодол, цаг хугацаа, хувь заяа намайг улс төрд хөл тавиулсан.

-Та яг хэдийд улс төрийн намын гишүүн болсон юм бэ?

-Би уг нь намд хожуу элссэн хүн шүү дээ. 1996 онд сонгуулийн дараа элсэж байсан. МХЗЭ-ийг өөрчлөөд Монголын Залуучуудын Холбоо- (МЗХ)-г байгуулалцаж анхны Ерөнхийлөгчөөр би сонгогдож 1997 он хүртэл энэ ажлыг хийсэн. Тэр үедээ МЗХ олон нийтийн байгууллага учраас аль ч намаас хараат бус ажиллах ёстой байсан. Тийм болохоор би ямар ч байсан аль нэг намын гишүүн байж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Тэр ч утгаараа би Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байхдаа нам бус байсан. Дараа нь 1996 онд УИХ-д сонгогдохдоо мөн л нам бус байсан. 1997 онд би ажлаа өгч, Монголын Социал Демократ намд элсэж, дэд даргаар ажилласан даа.

-Тэр үед дөнгөж хорин гуравтай залуухан улс төрчид чухам юу бодогдож байв?

-1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдоход Монголын бүх нууц баримт, тоо бичгийг бидэнд өгсөн. “Монгол улс ийм л хэмжээний хөрөнгө чинээтэй, гадаадаас ийм хэмжээний зээл тусламж авдаг улс юм байна. Үүний төлөө бид их зүйлийг хийх ёстой юм байна. Ийм хэцүү хүнд нөхцөлд бид улс орноо бие даалгаж бодит байдлаар яаж хөгжүүлнэ дээ” гэж бодохоор үнэхээр хэцүү байсан. Үнэнийг хэлэхэд 1990-1992 он Монголын хувьд их хүнд хэцүү жилүүд байсан. Тэр үед “Оюунаа чилээхгүй, юу ч мэдэхгүй гадуур алхалж явсан бол илүү аз жаргалтай байх байж дээ” гэж бодож хүртэл байсан үе надад бий.

-Улсын Бага хуралд сонгогдон ажиллаж байсан залуу хүний хувьд улс төрийн намуудтанд яаж хандаж байсан нь сонин байна?

-1992 оны сонгуульд их олон нам надад “Манайхаас нэр дэвшээч” гэсэн санал тавьж байсан. Би ч тэдэнд “Нэр дэвшихээ больё доо. Өөрийгөө хөгжүүлье, бизнест хүч сорьё” гэж хэлдэг байсан. Тэгэхэд олон хүн, “Чи хар багаасаа улс төрийн тогоонд нь чанагдсан хүн. Чамд хувиа бодох эрх байхгүй шүү. Улс төрөөс эргэж буцах зам ч чамд байхгүй. Эх орон, улсынхаа төлөө ажиллах ёстой. Чамайг бид төлөвшүүлсэн” гээд МАХН-ын олон нэртэй улс төрийн зүтгэлтнүүд надад тусалж зөвлөж байсан. Ардчилсан хүчнээс сонгогдсон гишүүдтэй ч найз нөхөд байсан. Надад хэлж шаардаж, зөвлөж байсан тэр хүмүүс бүгдээрээ намайг бие хүн болж төлөвшихөд сайнаар нөлөөлсөн гэж би боддог юм.

-2000 оноос та улс төрөөс хөндийрч гадаадад сурахаар явсан гэлүү?

-2000 онд би дэвшсэн ч нэрээ татаад сонгуульд ороогүй. Ер нь сурч боловсрохгүй бол болохгүй юм байна. Ямар ч байсан англи хэл сурах хэрэгтэй. УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа, сайдын албыг ч хашаад үзчихсэн, бас гадаад дотоод руу их явдаг. Гэтэл өөрийн хүссэн үзэл бодлоо хүнээр дамжуулж илэрхийлнэ гэдэг хэрэггүй юм байна” гэсэн бодол надад төрсөн. Хоёрдугаарт бидний үйл ажиллагаанд алдаа дутагдал их гарсан. Тэгээд ч эвсэл задарч ялалт байгуулах боломжоо 2000 онд алдчихсан гэж бодсон учраас эрт шийдвэр гаргаад Америкт суръя гэж бодсон. Би дөрвөн удаа сонгуульд оролцохдоо гуравт нь ялж, нэгд нь ялагдсан. Мэргэжлийн улс төрч болно гэдэг амаргүй л дээ.

-Улс төрч байхын жаргал зовлон гэвэл…

-Хэцүү шүү дээ. Улстөрч гэдэг хүн чинь амарна гэж бараг байдаггүй юм. Үргэлж л тэрийг тэгж хийх юмсан, энийг ингэж хийх юмсан гэж их бодно. Аль ч намын хүмүүстэй уулзсан шүүмжлэх зүйл байвал, “Та нар тэрийг тэгэх, энийг ингэх ёстой шүү дээ” гээд байнга шүүмжлэлтэй хандана. Магадгүй улстөрөөс өөр чиглэлээр замнасан бол арай илүү залууан ч харагддаг байх байсан болов уу гэж бодогддог л юм.

-Та Ардын Их хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн, 1998, 2004 онуудад Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хийж байсан. Залуу байхдаа улс төрийн өндөрлөгт хүрнэ гэж бодож байв уу?

-Залуу байсан болоод ч тэрүү надад өндөр албан тушаалд очно гэдэг бодол нэг их төрдөггүй байлаа. 1990 оны Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд бид бүгдээрээ идеалист ардчиллынхан байсан. Бид ардчиллын төлөө бүх зүйлээ зориулах ёстой. Монгол улс ардчилсан улс болох ёстой гэсэн зарчмыг баримталж ажиллаж байсан. Ихэвчлэн өглөө 9 цагт ажилдаа ирээд шөнийн 01 цагт ордноос гардаг байлаа. Их ч ачаалалтай, их ч эрч хүчтэй ажилладаг байлаа. Одоо бол хоёр өдөр чуулган болж байна. Тэр үед таван өдөр чуулган болдог байсан. Одоо эргээд тэр бүгдийг харж байхад ардчиллын залуучууд маань зарим нь 50 хүрч , дундаж нас нь 40-өөс дээш настай болчихсон хал үзэж хашир суусан, алдаа оноон дээрээ дүгнэлт хийж чаддаг, туршлагатай, ид хийж бүтээх насандаа явж байна.

-Та бол АН-ын хүчтэй лидерүүдийн нэг. УИХ дээр таны хэлсэн үг их жинтэй тусдаг. 2008 онд АН, УИХ-д үнэмлэхүй олонх болж дангаараа Засгийн газраа байгуулж чадна гэдэгт итгэдэг үү?

-Одоогийн үйл явц хүмүүсийн хандлагыг ажиглаж байхад АН-хан хүчтэй ялах бололцоо байна гэж харагдаж байна. Гэхдээ сонгууль болтол нэг жилийн хугацаа байна. Миний хувьд их өөдрөг байгаа. АН сонгуулийн биш хугацаанд рейтингээрээ МАХН-ын урд хэзээ ч гарч байгаагүй. Харин одоо бол бид сонгуулийн биш хугацаанд Хувьсгалт намаас 10 хувийн рейтингээр илүү явж байгаа.

-Олон нийтийн хандлага АН руу хандсан байдал ажиглагдаж байна л даа…

-Хүмүүс бидэнд итгэж байна. “АН бол их зүйлийг хийж чадах нам юм байна. Энэ залуучууд урьд өмнө ч гэсэн олон жилийн турш улс төрд оролцож байсан. Тэдэнд итгэх ёстой. Улс орныхоо төлөө сөрөг хүчнийхээ хувьд үйл хэргээ, үйл ажиллагаагаа нэртэй төртэй биелүүлж байна” гэж харж байгаа учраас АН-ын рейтинг өндөр яваа. Үүнийгээ бид нэг жилийн хугацаанд зөв голдрилтой авч явж чадвал хүчтэй ялах боломж байна гэж бодож байгаа. Энэ хооронд сонгогч олон түмнийхээ итгэлийг алдсан үйлдлийг хийж болохгүй. Бид өмнө нь олон алдаа гаргаж байсан. Түүнээсээ суралцсан, бас хангалттай туршлага суусан байх гэж бодож байна.

-Хэрэв танай нам УИХ-ын сонгуульд ялж Засгийн эрхийг дангаараа гартаа авбал хамгийн түрүүнд чухам юуг өөрчлөх вэ?

-Бидний гол зорилго бол Монголдоо хүн бүр сайхан амьдрах бололцоог хамгийн түрүүнд бүрдүүлнэ. Гадагшаа гарч байгаа залуучууд маань энд хийж байгаа ажлынх нь цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас л гарах сонголт хийж байна. Тийм учраас бидний хамгийн түрүүнд баримтлах зүйл бол цалинг 1000 долларт хүргэх. Энэ хэмжээнд хүргэхийн тулд эхний зорилтоо тавина. Ирэх дөрвөн жилд бид их зүйлийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Мөн Монгол орны хөгжлийг тодорхойлж байгаа уул уурхайн үйлдвэрлэлийг маш эрчимтэй хөгжүүлнэ. Ингэж чадах юм бол бид эх орныхоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэд дахин өсгөж тэр хэмжээгээр хүмүүс чинээлэг амьдрах боломжтой болно.

-Нийгмийн хамгааллын бодлогын хувьд…

-Нийгмийн хамгааллын бодлого дээр бид маш их асуудал тавьж дэвшүүлж байсан. Энэ бүх асуудлуудыг энэ сонгуулийн хугацаанд бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадсан. АН сонгуульд оролцохдоо амласан мөрийн хөтөлбөрөө зуун хувь биелүүлсэн байгаа. Энэ нь хүмүүст их итгэл өгч байгаа. 2004 онд хэзээ ч сар болгон, 10.000 төгрөг өгч чадахгүй гэж хүмүүс бодож байсан. Тэгвэл одоо аваад эхэлцгээсэн. Сонгуулийн хугацаа дуусах болоогүй байна. Хэзээ ч хэрэгжихгүй байх гэж бодож байсан зүйл маань хэрэгжсэн. Тэгэхээр бид нийгмийн хамгаалалын бодлогоо хийчихсэн. Одоо бид хөдөлмөр хийж байгаа хүн илүү сайхан амьдардаг болгоно. Хөдөлмөрийн насны мөртлөө ажилгүй байгаа хүмүүст ажлын байр бий болгож өгнө. Тэр тусмаа Монголдоо хангалттай цалин авч түүгээрээ амьдрах бололцоог хангасан зах зээлийн, зээлийн захыг нэмнэ гэж яриад түүн рүү шилжүүлэх бололцоог бүрэн дүүрэн хангана. Үүнийг ч хийх бололцоо бүрэн дүүрэн байгаа.

-АН-ыг УИХ-д олон суудалтай, ямар нэг эрх мэдэлтэй болоод ирэхээр ард түмний нийгмийн идэвх сэргээд ирдэг, жагсаал цуглаан ч их болдог гэж гэж ярихыг сонссон. Энэ тухайд…

-Үнэндээ бол тийм л байдаг. 1990-1992 оны хооронд жагсаал цуглаан их болдог байлаа. Тэр үед ардчилсан хүчин нилээн олон суудалтай идэвхтэй сөрөг хүчин байсан. 1992 онд Хувьсгалт нам ялахад ордон дотор хүн бараг явж харагддаггүй тийм нам гүм байсан. 1996 онд ардчилсан хүчин ялахад сэтгүүлч, хэвлэлийнхэн гээд хүмүүс бужигнаад амьдрал буцалж байгаа мэт санагддаг байлаа. 2000 онд Хувьсгалт нам 72 суудал авахад ордон нөгөө нам гүм байдал эргэн орж, эл хуль болж, шүүмжлэх хүн ч байхгүй, амьдрал нэг хэвийн уйтгартай байдал руугаа орж байсан. Дараа нь 2004 онд ардчилсан хүчин бараг ойролцоо суудал авсан. Хүмүүс ч миний эрх, эрх чөлөөг энэ намын хүмүүс хамгаалдаг юм байна гэдгийг ойлгоод эхэлсэн нь өөрийн эрхгүй бидэнд мэдрэгдэж байсан. Хүмүүс ч өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, энд тэнд янз бүрийн хөдөлгөөнүүд бий болж эхэлсэн. Тэгэхээр ардчилсан хүчин хүний эрх эрх чөлөөг эдлэх эрхийг хангах баталгаа болж чаддаг гэдэг нь туйлын үнэн.

-Гэхдээ сүүлийн үед иргэний хөдөлгөөнүүд гарч ирснээр Ардчилсан нам, Ардчилсан нам байхаа больсон гээд ярих болсон шүү дээ?

-2004 оны сонгууль АН, МАХН хоёрын аль алийг нь дангаараа засгийн газар байгуулж болохгүй ийм нөхцөл байдал үүсгэсэн. Биднээс тусдаа нэр дэвшиж гарсан гишүүн бол БНН-ын Жаргалсайхан гэдгийг бүгд мэднэ. АН, МАХН хоёрын аль аль нь ч Жаргалсайхан гишүүнтэй нийлээд Засгийн газар байгуулж чадахгүй байлаа. Ийм нөхцөл байдал үүссэн учраас хоёр нам эвсэж Засгийн газрыг байгуулсан. Тэгэхээр шүүмжилдэг сөрөг хүчин байхгүй болж иргэний хөдөлгөөнүүд хүчтэй гарч ирсэн. Ер нь эрх баригч, сөрөг хүчин гэж ялгарсан хоёр хэсэг байх юм бол ард түмэн ч дуртай байдаг. Нэг нэгнийгээ хянаж шүүмжлээд л. Өнөөдөр бид байнга л шүүмжлэлтэй байгаа боловч энэ нь нэг талаар хяналт маш сайжирсныг, нөгөө талаар асуудалд шударгаар хандаж буйг хүмүүст ойлгуулсан сайн талтай гэж би бодож байна.

-Улс төр бол багийн тоглолт гэж та дандаа хэлдэг. Гэтэл зарим хүмүүст энэ үг ойлгомжгүй байдаг бололтой. “Баг” гэхээр хэсэг бүлэг хүмүүс нийлээд хуйвалдах гээд байгаа ч юм шиг. “Тоглолт” гэдгийг нь “Улстөр гэдэг чинь тоглоом юм байна” ч гэдэг юмуу. Та өөрийнхөө энэ үгийг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

-Нийгмийг ардчилсан, ардчилсан бус гэж хуваадаг. Ардчилсан бус нийгэмд нэг хүний дангаар ноёрхсон засаглал хүчтэй байдаг. Хамтын шийдвэр гэж байдаггүй. Нэг хүний хүсэл зоригт нийцсэн шийдвэр л гардаг. Харин ардчилсан нийгмийн гол ололт нь аливаа сонгууль улс төрийн нам байгуулахад хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ч утгаараа улс төрийн түвшинд баг бүрдэж, нэг команд болдог. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад сонгуульд өрсөлдөхдөө манай нам ялвал энэ хүн ­Ерөнхий сайд, энэ хүн тийм яамны сайд болно гээд тодорхой хэлчихдэг. Өөрөөр хэлбэл бид ялах юм бол ийм багаар улс орноо удирдана гэдгээ ил тод зарладаг. Ганц мундаг лидер гарч ирээд бүх юмыг өөрчлөөд, шүүмжлээд, бүхнийг хийнэ гэдэг бол ардчилсан нийгэмд бүтэхгүй зүйл. Тэр бол зөвхөн ардчилсан бус нийгэмд ажил хэрэг болдог механизм. Өнөөгийн ардчилсан нийгмийн үед парламентын тогтолцоотой манайх шиг улсын хувьд улстөр өөрөө багаараа, хамтаараа хийдэг үйл ажиллагаа. Энэ утгаар нь би спортын төрөлтэй харьцуулж хэлсэн юм. Ганцаарчилсан төрлөөр нь Гүндалай, Жаргалсайхан нар хичээллэсэн бол амжилтанд хүрэх байсан байх. Тамирчны хувьд аваад үзвэл сагс, волейбол, хөлбөмбөгийн багийн тоглолтонд тэд муу тоглогч. Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллаж бүлэг, эвслийн намуудын үйл ажиллагаа бүгд багаар тоглож нэг нэгийгээ нөхөж явдаг. Ингэж жишээлж, харьцуулж яривал илүү ойлгогдох болов уу.

-Сүүлийн үед ардчиллын үнэ цэнэ алдагдлаа гэж их ярьж байгаа…

-Ингэж хэлж байна гэдэг чинь ардчилал байгаа гэсэн үг. Хэрвээ ардчилалгүй нийгэмд амьдарч байсан бол нийгмээ, Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа шүүмжилвэл тэр сонин маргааш нь хаагдана, бичсэн хүмүүс нь хэрэгт орно. Тэгвэл манайд ардчилалын бий болгосон хэм хэмжээ өндөр байдаг. Бүр хэтэрсэн ч байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүний эрх чөлөө бусдынхаа эрх чөлөөнд бараг халдсан байдалтай байдаг. Нийгэмд тогтсон хэм хэмжээ нь өөрөө ардчилсан хувь хүний эрх чөлөөг хангасан сонголт хийх боломжийг олгосон байх л юм бол тэр тогтолцоо өөрөө ардчилсан байна. Энэ утгаараа би ардчилал үнэ цэнэтэй байна гэж бодож байна.

-Бодоод байхад АН багийн тоглолтыг муу хийдэг юм биш үү. Тухайлбал 1996-2000 онд баг болж чадаагүй юм шиг санагддаг…

-Бид үүнийгээ ойлгож байгаа. Тэгээд ч залуу байлаа. 1990-ээд оноос хойших 20-иод нам нэгдэж байж Ардчилсан нам бий болгосон. Манайхан сонгуульд оролцохдоо нэг субьект болж оролцож байгаагүй. Дандаа эвсэл болж орж байсан. Сая хүртэл бид АН, Эх орон нам, Иргэний Зориг намтай эвсээд “Эх орон ардчилал” эвсэл болж оролцсон. Одоо бол хоёр гурван субьект болсон. Тус тусдаа намууд байсан болохоор алдаа оноон дээрээ суралцаад нэгддэг байсан. Магадгүй бид тав дах сонгууль буюу 2008 оны сонгууль гэхэд алдаан дээрээ хангалттай суралцсан байх болов уу.

-Тэр үед та нар баг болж чаддаггүй байсан юм уу, эсвэл баг болж ажилладаггүй байсан юмуу?

-Тэр үед бидэнд баг болж хамтарч ажилладаггүй, дээрээс нь нас залуу, амбицыг нь хөдөлгөдөг хашир сөрөг хүчин, улстөрчидтэй аль аль нь дөнгөж ардчилалд суралцаж байсан. 2006 оноос хойш манай нам хурлаа хийж, шинэ дүрмээ батласан. Бүх асуудал дандаа дүрэм болон батлагдсан журмын дагуу, хуулийн дагуу хийгддэг. Дээрээс нь манай бүлэг зангидсан гар шиг ажиллаж байгаа. Тэгэхээр хэн хамтарч, баг болж ажиллаж чадаж байгаа, хэний үйл ажиллагаа урагштай, итгэл хүлээсэн, улс орноо аваад явчих боломж бололцоотой байна вэ гэдэг нь бусдад тодорхой харагдсан байгаа л даа.

-2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл УИХ-ын суудлын 50 хувийг авчихсан хэрнээ баг болж чадаагүйгээс задраад эцэст нь өнөөдөр сөрөг хүчин болчихоод байгаа юм биш үү?

-Тиймээ. Одоо бол бид сөрөг хүчин болсноо эвсэл задарсантай холбож байгаа. АН, Эх орон намын хоорондын зөрчил бүр сонгуульд оролцохоос өмнө байсан. Түүний үр дагавар нь сонгуулийн дараа хүчний хуваарилалтанд гарсан учраас эвсэл задарсан, Засгийн газар огцорсон. Энэ бүхнийг бид харсан болохоор юун дээр алдав, ийм алдааг дахин гаргахгүй байх зохицуулалтуудыг УИХ-ын хууль, улстөрийн намын хуулинд ч суулгаж өгсөн. Цаашдаа бид иймэрхүү төрлийн алдааг дахин гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Тэр үед “Эх орон-Ардчилал” эвслийн лидерүүд гэгдэх М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарт албан тушаал өгөөгүй хэрнээ С.Оюунд УИХ-ын дэд даргын суудал өгснөөс болж эвсэл задарч улмаар АН хүчгүйдсэн гэдэг. Энэ үнэн үү?

-Энэ бол худлаа. Зөрчил бол АН, Эх орон гэсэн хоёр намын дунд байсан.Түүнээс биш ИЗН, хувь хүний хувьд С.Оюунд ямар нэгэн зөрчилтэй субьект байгаагүй. Харин ч С.Оюун бол эвлүүлж нэгтгэх тал дээр сайн үүрэг гүйцэтгэсэн улстөрч.

-Сүүлийн үед ашигт малтмалын тухай хүн бүхэн ярьж байна. Төрийн дээд албан тушаалтнууд гадаадын компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа зориуд Монгол улсад ашиггүй байхаар хийдэг гэх юм. Ийм байж болохгүй биз дээ?

-Ийм байж болохгүй. Удахгүй УИХ-д Оюу толгой, Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ орж ирэх юм шиг байна. Одоо бол бид нарын гар дээр ирээгүй байна. Цаг нь болохоор манай намын зөвлөл өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Бид эх орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн тийм л дүрэм, журам хийлгэнэ. Энэ төслүүд нь Монгол улсын хөгжилд тус дэм болсон томоохон төслүүд болно гэж би хувьдаа бодож байгаа. Хэрвээ бид зөв зүйтэй зохицуулалт хийж чадвал энэ нь Монгол улсын хөгжил дэвшилд гол хөдөлгөгч хүч, ирээдүй болж чадна гэдэгт ч найдаж байна.

-Одоо УИХ-д өргөн баригдаад байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсад ашиггүй гээд бараг бүх хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Хэрэв энэ чигээр нь батлавал УИХ-ын гишүүд маань хожим хойно олон хүнд хараалгах байх даа?

-Батлагдсан хуулийн дагуу зөв зүйтэй хийвэл гээд ирээдүйтэй сайн төсөл хийчих боломж байгаа гэж бодож байна.

-Ард түмний дунд нэг ийм яриа байдаг. Аливаа гадаад дотоодын хөрөнгө оруулагч ямар нэгэн бүтээн байгуулалт хийе гэхээр тухайн хариуцсан албан тушаалтан “Үүнээс чинь надад юу унах юм бэ” гэж асуудаг. Хэрэв өөрт нь ашиггүй бол дэмждэггүй гэж. Уг нь бол улс эх орноо бодох ёстой биз дээ. Та юу гэж бодож байна…

-Мэдээж хэрэг тэр хүмүүс улс төрд орж ирэхдээ сонгогчдынхоо өмнө, намынхаа өмнө, улс эх орныхоо эрх ашгийг хамгийн эн тэргүүнд дээдлэнэ гэж амладаг. Эрх ашгийн эрэмбэ гэж байдаг. Эхлээд эх орноо, дараа нь намын, бүлгийн, эцэст нь хувь хүний эрх ашгаа бодож байя гэж талийгаач С.Зоригийн хэлсэн үг байдаг. Тэгэхээр бид эхлээд төр засаг, улс эх орон, дараа нь нам бүлэг, эцэст нь хувь хүний гэсэн эрх ашгийн нэрсийн дарааллыг хатуу баримтална. Тэгж байж улс орны хөгжинө.

-Авилгатай хийж буй тэмцэл тийм ч үр дүнтэй биш байгаа бүхний нүдэнд ил байна шүү дээ. Одоо яах вэ?

-Манайд авилгал, хээл хахууль их байна гэсэн хардлага, сэрдлэг маш их байдаг, их ч ярьж, бичдэг. Авилгалтай тэмцэх байгууллага байгуулагдаж, авилгатай тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулаад том улстөрд орж ирж байгаа өндөр албан тушаал хаших гэж байгаа хүмүүсийн бүх бодлогыг нь ил болгож зарлигдах хэрэгтэй юм. Энэ хүн тийм байшин, ийм машин, өдий зэргийн хөрөнгөтэй гэдгийг нь хүмүүст мэдэгдэнэ. Хэрэв хэрэглээ өндөртэй болоод, гэнэт баяжаад эхлэх юм бол хардлаганд орно гэсэн үг. Дээрээс нь Авилгатай тэмцэх газар, “Та ямар эх үүсвэрээс ийм хэмжээний хөрөнгөтэй болов” гээд тайлбар авна. Тэгэхээр маш их хяналттай болно гэсэн үг. Тэгж чадах юм бол авилгалын асуудлууд цаашдаа нэг их гарахгүй болов уу.

-Манайд одоо нэг ийм үзэл газар аваад байна. Төрийн дээд өндөр албан тушаалтан гэхээр л авилгач, шунахай, хүнд сурталтан, улсын хөрөнгө иддэг, завшдаг, аль л муу муухай болгоныг үйлдэгч мэтээр дүрслэх болж. Энэ нь яваандаа төр, ард түмнийг хоёр талцахад хүргэж байгаа юм биш үү?

-Уг нь УИХ-ын гишүүд тухайн тойргийнхоо ард түмний төлөөлсөн бага ард түмэн болж ирж байгаа. Тэгэхээр сонгогч олон түмэндээ ойрхон байх, ард түмний хүсэл зоригийг парламентэд илэрхийлээд улс орноо хөгжүүлэх бодлого боловсруулж, хуульчилж байх үүрэгтэй. Тэр ажиллагаагаа зөв зүйтэй ойлгуулж, сурталчилж, сонгогч олон түмэнтэйгээ ойр байж, хийж байгаа ажлаа ил тод харуулж, ярьж байвал ийм байдлаас гарна. Түүнээс биш яг өөрсдийнхөө дундаас сонгочихоод гарч ирсэн хойно нь “Энэ бол муу улстөрч” гэж ярих нь зохисгүй. Сонгуулийн хуулийг бид нилээн чамбай болгоё гэж бодож байгаа. Яагаад гэвэл сонголтоо хийх боломж, сонгогч ямар нэгэн эд материалд хууртахгүй байх гэх мэтийн зүйлүүдийг хатуухан хэлж өгсөн. Тэгэхээр нэг хоёр сонгуулийн дараагаар цэвэр үзэл бодлын үнэлэмжээр сонгодог болно гэсэн үг. Цаашдаа бид сонгодог тогтолцоо руу шилжих хэрэгтэй.

-Хөрөнгө мөнгөтэй хүмүүст сонгогчид маань их хууртагддаг бололтой?

-Өмнөх сонгуулиудад баян чинээлэг хүмүүсийг нэр дэвшихэд “Энэ хүн манай тойргоос сонгогдчихвол бидэнд ч, тойрогт маань ч хэрэгтэй юм байна гэсэн хандлага давамгайлж байсныг үгүйсгэхгүй. Дээрээс нь их хэмжээний мөнгө цацаж реклам, сурталчилгаа хийлгэдэг, бас бурхан шашны зан үйлийг ашигладаг, сонгогчдод бүтэх бүтэхгүй зүйлийг амлах маягаар сонгогддог байсан. 2008 оны сонгуульд энэ бүх зүйл хаагдсан.

-Хөрөнгийн мэдүүлгийн хууль батлагдаж УИХ-ын гишүүд мэдүүлгээ өгч эхэлсэн. Та хөрөнгийн мэдүүлгээ өгсөн үү.

-Өгсөн байгаа. Өгөхгүй бол эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ. УИХ-ын бүх гишүүд хөрөнгийн мэдүүлгээ өгсөн байх гэж бодож байна. Удахгүй хэн, хэн ямар хөрөнгөтэйг нь хэвлэл мэдээллээр гаргах учраас хүмүүс ч мэдэх бүрэн боломжтой.

-Үргэлж улс төр ярьдаг хүнтэй энгийн зүйлээр ярилцъя. Таныхаар амьдрал юун дээр тогтдог вэ?

-Амьдрал хайр дээр тогтдог гэж би боддог юм. Хүнд урам зориг, эрч хүч, өөдрөг сэтгэлийг хайр л өгч байдаг. Өмнө нь би хайрыг тодорхойлох юмсан, ямар нөхцөлд хүнд хайртай гэж хэлэх вэ их боддог байж билээ. Хүүхэд байхдаа тооны хичээлд сайн байсан болохоор бүх юм томъёотой гэж боддог байсан. Тэгээд ийм л түвшинд хүрээд ирэхээрээ хайртай гэдгээ мэдрээд “Би чамд хайртай гэж хэлэх ёстой гэж боддог байлаа. Бодоод байхад хайр гэдэг чинь хайртай хүнийхээ төлөө зориулсан амьдрал байдаг юм байна.

-Хайртай бол хартай гэдэг үг байдаг даа. Та санал нийлэх үү?

-Үгүй ээ. “Хэрвээ чи тэр хүний сэтгэлийг нь барьж чадахгүй бол биеийг нь хэзээ ч барьж чадахгүй” гэж би боддог. Хамгийн гол нь хэн хэнийнх нь сэтгэл ойр байх юм, бол хол бай ч ойр бай нэг нэгэндээ итгэж чаддаг. Харин хайрлаж байгаа хүний чинь сэтгэлд итгэл төрөөгүй цагт хажууд нь хичнээн байж, бүхнийг тэвчиж хайрласан ч хэзээ ч чинийх биш байдаг. Нэг нэгнээ байгаагаар нь хүлээж аваад, хүндэтгээд хайрлаж чадвал хар байх ёсгүй.

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг . Нарантуяа гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Орос хэлийг багаасаа эх хэл шигээ маш сайн сурсан. Унаган хэл нь гэж ойлгож болно. Бид хамтдаа Москвагийн Их Сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөж ирээд эхнэр маань АУДС-д, дараа нь МУИС-д эдийн засгийн багшаар ажилласан. Австрали улсын Сиднейд мэргэжлээрээ мастер хамгаалсан. Ирээд багшлахынхаа хажуугаар Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, олон улсын төсөл дээр ажиллаж байгаад одоо Мэрилэндийн Их Сургуульд төрийн бодлогын чиглэлээр докторын зэрэг хамгаалж байгаа.

-Ханьтайгаа танилцаж байсан үеэ дурсвал…

-Москвагийн Их Сургуулийн оюутан байхдаа танилцаад бид гэр бүл болж байлаа.

-Ханийнхаа юунд нь илүү татагдсан бэ?

-Тухайн үед Москвагийн Их Сургуульд өндөр боловсролтой, эсвэл ЭСЯ-нд ажиллаж байсан хүмүүсийн хүүхэд сурдаг байлаа. Эхнэр маань ч гэсэн өндөр боловсролтой, соёлтой айлын хүүхэд байсан. Үеийнхнээсээ хөдөөгийн эгэл амьдралыг илүү сайн мэднэ. Зуныхаа амралтаар хөдөө очоод гүү саана, морь унана, дэмбээ тоглоно, ардын дуу дуулна гээд хөдөөгийн амьдралтай их ойр өссөн. Үүнийг нь харчихаад би эхэндээ их гайхаж байсан шүү. Даруухан зантай, сурлага сайтай. Орос, монгол үндэстний соёлыг хоёуланг нь хослуулж эзэмшсэнээрээ үе тэнгийнхэн дотроосоо давуу байсан. Үнэнийг хэлэхэд надаас илүү хөдөөгийн амьдралыг мэднэ. Аав ээж нь багаас нь өвөөгийнд нь зуны амралтаар нь амруулж малтай ойр байлгаж, сүү цагаа идээ боловсруулах, ардын дуу дуулуулж сургах гээд монгол зан заншлыг илүү мэдрүүлж өсгөсөн юм билээ. Энэ бүхэн нь сэтгэлийг минь өөрийн эрхгүй татсан.

-Ханиасаа авсан хамгийн том бэлэг?

-Миний удам угсааг залгамжлах хоёр сайхан хүүхэд минь ханиасаа авсан хамгийн том бэлэг.

-Сайхан эмэгтэй гэж таныхаар…

-Хүнтэй харьцаж байхад тэр хүний гадаад дүр төрх, дотоод сэтгэл нь цаанаа л нэг өөр андашгүй байдаг. Харахад сэтгэл татам, ярихаар бүр ч сайхан, хамт байхад өөрийнхөөрөө байж чаддаг тийм эмэгтэйг сайхан эмэгтэй гэж боддог. Манай зарим чадалтай эмэгтэйчүүд эрчүүдийн адил босс сэтгэлгээтэй болчихсон байдаг. Ер нь эмэгтэй хүн намба, донжтой түүнийхээ хажуугаар сайхан харьцдаг, эмэгтэйлэг байвал илүү сайхан байх юм шиг санагддаг.

-Эмэгтэй хүнийг юу чимдэг гэж боддог вэ?

-Сайхан зан ааш. Ардын дуунд хүртэл ааш аалийн чинь сайханд даслаа даа гээд байдаг даа. Үүнийг л би үнэхээр үнэн үг юм даа гэж боддог.

-Өнөөгийн эмэгтэйчүүдийн талаарх таны үнэлэлт…

-Үнэнийг хэлэхэд Монгол улс эмэгтэйчүүдийнхээ нуруун дээр явж байна. Эмэгтэйчүүд маань өндөр боловсролтой, ар гэр, аж амьдралаа эрчүүдээс нэг их дутахгүй аваад явчихаж чадаж байна шүү дээ. Ийм дүр зургийг харахаар эмэгтэйчүүд зарим талаараа овог аймгийнх шиг шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг, мөнгө олж ирдэг нийгэм рүү шилжчих гээд байгаа юм шиг санагддаг. Эмэгтэйчүүдийг би өнөөгийн Монголын хувьд гайхамшигтай үүрэг гүйцэтгэж байна гэж боддог юм.

-Та эмэгтэй хүний ямар зан чанарыг хүндэлдэг вэ?

-Би эмэгтэй хүнийг, ер нь хүнийг ч байгаагаар нь харьцая, байгаагаар нь хайрлая гэж боддог. Энэ бол миний хүүхэд байхаас минь төлөвшсөн зан.

-Амьдралын хамгийн гоё сайхан нь юу юм бэ?

-Өглөө болгон мандах нарыг харж, өдөр болгон аз жаргалыг мэдэрч амьдарч байгаа минь хамгийн сайхан. Хайртай хүнээ хайрлаж, хайртай хүнээрээ хайрлуулж амьдрахыг мэдрэнэ гэдэг бас гоё.Би бие биенийхээ дэмэнд, тэгээд аав ээжийнхээ, үр хүүхдийнхээ, эх орныхоо, амар амгалангийн төлөө амьдрахыг амьдралын утга учир гэж боддог.

-Сайн хань байхын тулд эр хүн ямар байх ёстой вэ?

-Бид хоёр анх гэрлэхдээ хоорондоо гэрээ хийж байлаа. Эхнэр маань чинээлэг, эрдэм номтой айлын хүүхэд, би болохоор олон хүүхэдтэй хөдөөгийн эгэл амьдралтай айлын хүүхэд. Тэгээд би, “Би бол эгэл бор амьдралтай айлын хүүхэд. Харин чи бололцоотой айлын хүүхэд. Тэгэхээр чи бид хоёр санал зөрөхгүйгээр, нэгдэж амьдарч чадах юмуу. Хэрвээ хамтдаа амьдарвал би өөрөө хүүхдүүдээ хүмүүжүүлнэ, гэр орондоо хийх эр хүний бүх л зүйлийг хийнэ, дуртай үедээ сагсаа тоглоно” гээд олон зүйлийг эхнэртэйгээ тохирч байсан. Тэр үеийн дурсамжаа одоо хүмүүст ярихаар “Ямар сонин юм бэ” гээд их гайхдаг юм.

-Та өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ?

-Энэ тал дээр би өөрийгөө сайн гэж боддог шүү. Сайн ч хань, сайн ч аав байж чаддаг гэдэгтээ итгэлтэй байдаг.

-Гэр бүлийн аз жаргал гэж чухам юу юм бэ…

-Бие биенээ хүндэлж, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан явааг харж, хайрлаж, аав ээждээ өөрийхөө сайн сайхан явааг харуулж амьдрах л гэр бүлийн аз жаргал шүү дээ. Би аав ээжтэйгээ хань, үр хүүхдүүдтэйгээ байх хамгаас дуртай. Ийм болохоор би өөрийгөө их азтай бас аз жаргалтай хүн гэж боддог юм.

-Гэр бүлийн оршин тогтнох нэг үндэс нь секс гэдэг. Тэгэхээр сексийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүн хайрлаж байгаа хүнээсээ хамгийн их таашаал авч чаддаг зүйл бол секс шүү дээ. Бие сэтгэлээ нийлүүлж нэг хүн болохдоо хамгийн их аз жаргал амсаасай гэж хүн төрөлхтөнд илгээсэн бурхны бэлэг ч байж болох л юм. Тийм болохоор л эрэгтэй эмэгтэй хүн нэгдэж амьдрахаар л бүтээгдсэн юм шүү дээ.

-Нууц амрагийн талаарх таны бодол…

-Нууц амрагийн асуудал амьдралд байсаар л ирсэн зүйл. Нэг нэгнийхээ халуун дулаан хайрыг мэдрэхгүй, хүндлэхгүй, гомдоосноос сэтгэлд нь ан цав сууж хэн нэгнээс хайрыг амсахыг, бас хайрлуулахыг хүссэнээс ийм асуудал амьдралд үүсдэг байх. Ном зохиол, кино, жүжиг, дуун дээр хүртэл тухайн хүний амьдралд нэг сайн хүн заавал гарч ирсэн байдаг. Энэ утгаар нь хүн төрөлхтөн байсан цагт байсаар л байх зүйл гэж боддог. Гэхдээ би тодорхой хүний амьдралд заавал байх ёстой зүйл гэж хэлэхгүй ээ.

-Монголд гэр бүл салалт их байгаа. Та үүнийг юунаас болж байна гэж боддог вэ?

-Монгол гэр бүл салах олон асуудал, бэрхшээл бий. Эмэгтэйчүүд биеэ дааж хүчирхэг болж байна. Өмнө нь эр хүнийг хүндэлж, шүтэж, босгосон, бүтээсэн амьдралынх нь хуулийг дагаж амьдардаг байсан. Харин одоо бол эзэмшсэн мэргэжилтэй, хийх ажилтай, амьдрах чадвартай болохоор эр хүнгүйгээр өөрийгөө, амьдралаа ч аваад явчих хэмжээнд хүрсэн гэсэн хандлага хүчтэй давамгайлж байна. Залуучуудын гэрлэдэг нас хойшилж гэрлэлтийг хойшлуулж байна. Тодорхой цаг хугацаанд залуучууд бие биентэйгээ хамтарч амьдраад зан аашийг таньж мэдээд, таарч тохирохгүй юм байна гэдгийг мэдэрдэг болчихсон байна.

-Амралтаа яаж өнгөрөөдөг вэ?

-Надад амрах зав бага гардаг. Хааяа нэг амарвал сагс тоглоно, аялал хийнэ. Хөлөндөө гэмтэл авсан болохоор одоохондоо спортоор хичээллэхээ хойшлуулж байгаа.

-Найранд бол гурван дуутай биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хаана ч очсон найрын гурван дуутай. Нэг их сайхан дуулахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд бол дуулчихнаа.

-Таны шүтээн…

-Аав ээж, хань, үр хүүхэд. Надад эх орон гэж хэлээд уул, ус, газар шороо гэж ярихаар хол санагдаад байдаг юм. Харин эх орноо гэж ээж аавыгаа ойлгодог, хайрладаг. Ээж аавын хайр, ээж аавыгаа хайрлах сэтгэлээс “Элэг зүрхнээс уяатай. Энхрий Монгол орон минь” гэсэн эх оронч үзэл, үндэсний омогшил бахархал төрдөг.

-Нэртэй хүндтэй хүнийхээ хувьд та залуучууддаа хандаад сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?

-Д. Сүхбаатарын “Сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэж хэлсэн энэ үг магадгүй эртнийх юм шиг хол сонсогдож байж магадгүй. Гэхдээ амьдрал дээр үнэхээр үнэн үг юм шүү. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг байдаг. Энэ үгний утга учрыг ухаж сайн ойлгоорой. Ойлгосон цагтаа та амьдралын чиг хандлагыг өөрөө тодорхойлж чаддаг болно. Харин амьдралд яаж хандаж чадаж байна вэ гэдгээр нь тухайн хүнийг ямар хүн бэ гэж тодорхойлдог. Тэгэхээр та бүхэн “Өөрөө өөртөө, баримталдаг зарчимдаа, сонгосон амьдралдаа үнэнч байж чадвал ямар ч зовлон бэршээлийг туулаад амжилтанд хүрнэ. Их зүйлийг мөрөөдөж бай. Харин түүн рүүгээ тэмүүлж байгаа тэмүүлэл, мөрөөдлөө бүү мохоогоорой” гэж хэлмээр байна.

-Энэ жил “Хань” сонины 10 жилийн ой тохиож байгаа юм. Та манай сониныг хэдий үеэс уншиж эхэлсэн бэ?

-Улс төрд хөл тавьсан бүхэн дандаа муу муухайгаар бичүүлж байдаг болохоор заримдаа сонин хэвлэл уншихаас уйдах үе бий. Харин “Хань” сонин бол огт өөр шүү. Анх хэвлэгдэж эхэлсэн цагаас нь би мэднэ. Хааяа ч гэсэн гэрэлтэй гэгээлэг сайхан зүйлийг уншихад надад сайхан санагддаг. Аав, ээж маань “Хань”, “Хонгорзул” сониныг амьдралын сайн сайхан гэрэл гэгээтэйг бичиж, хүмүүст өөдрөг бодол, урам зориг төрүүлж байдаг гээд унших дуртай. Одоо ч гэсэн “Хань” сониныг захиалж уншдаг. Би ч гэсэн өөрийгөө “Хань” сонины уншигчдын нэг гэж боддог шүү.

-”Хань” сонины уншигчдад хандаад…

-”Хань” сонины эрхэм уншигч та бүхэнд хандаад, “Ямагт бие биенийгээ хүндэлж яваарай. Хэрвээ та өөрийнхөө тугийг барьж байгаа бол өөрөө өөртөө үнэнч байгаарай. Танд байгаа хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл, амьдрал чинь юм шүү. Хайрлаж, хамгаалж яваарай” гэж хэлье.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.