Баярцогт.С 2009.02.05

С.Баярцогт: Катар улсаас гурван тэрбум ам.доллар зээлэх хүсэлт тавьсан

УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Санхүү, эдийн засгийн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх цогц бодлого, арга хэмжээний төлөвлөгөөний тухай танилцуулсан юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Засгийн газар эдийн засгийн хямралтай тэмцэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Засгийн газраас хямралын эсрэг тодорхой шат дараалсан арга хэмжээ авч байна. Энэ удаагийн санхүү, эдийн засгийн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх цогц бодлого нь Засгийн газрын хоёр дахь шатны арга хэмжээ юм. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр анхны төлөвлөгөөгөө баталж арваад арга хэмжээ авсан. Манай улсын эдийн засаг харьцангуй жижиг улирлын чанартай, гаднаас хараат учраас хямралын нөлөө илт мэдрэгдэх болсон.

-Шат дараалсан арга хэмжээ авч байна гэлээ. Ямар үр дүн гарав?

- Гадаадын улс орнуудын хямралын эсрэг авч буй арга хэмжээнүүд бодит мөнгөтэй уялддаг. Манай улсад бодит эх үүсвэр маань хүсэж буй мөнгөний хэмжээ нь дотоодын нөөцөөс их болсон учраас гадаадаас эх үүсвэр хайхаас өөр аргагүйд хүргэлээ. Тиймээс ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хамтрагч орнуудаас өгдөг олон талт зээлийн хөрөнгө. Мөн хоёр талын буюу БНХАУ, Катарт тавьсан зээлийн асуудал.

Оюутолгой, Тавантолгойн урьдчилгаа төлбөрийг тодорхой санхүүжилт гэж үзсэн. Дараагийн шатанд олон улсын зах зээлд 1.2 тэрбум ам.долларын бонд гаргах, дотоодын зах зээлд 300 тэрбум төгрөгийн бонд гаргах эрх авсан. Хамгийн сүүлд улсын төсвийн эх үүсвэр орно. Үүнд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох зорилгоор суусан мөнгө бий. Эдгээрээс тодорхой хэмжээнийх нь зориулалтыг өөрчилж хямралтай хугацаанд иргэдийг ажлын байраар хангах, цалин орлогыг тогтвортой байлгахад анхаарна гэж үзэж байна.

-ОУВС-гийнхан манай улсад тусламж, дэмжлэг үзүүлэх болов уу?

- ОУВС-тай хэлэлцээр хийж байна. Хөтөлбөртэй болсон тохиолдолд ОУВС манай зээлжих эрхийн хүрээнд хамгийн дээд хэмжээний буюу 120 сая ам.долларыг төсвийн дэмжлэгээр өгөх боломжтой гэсэн. ОУВС-гийн нэг онцлог нь зээл өгөхдөө гол биш санд нь хөтөлбөртэй болсноор тухайн улсын бодлогыг өөрөө хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ингэснээр ОУВС, тухайн орон хоёулаа үүрэг хүлээнэ. Давуу тал нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, донор орнууд ОУВС-гийн хөтөлбөрийг үндэслэн зээл тусламж олгодог. ОУВС-тай зохицож хөтөлбөртэй болоод зээл авах нь чухал зүйл.

-Хятадаас авах гурван тэрбум ам.долларын зээлийн асуудал юу болсон бэ?

-Нааштай шийдэгдэх байх. Манай улс хүсэлтээ эхлээд нотоор дараа нь Шадар сайдын гарын үсэгтэйгээр явуулсан. Хятадын тал ямар төслүүд дээр хэдий хэмжээний зээл өгөх вэ гэдгээ ярилцана гэсэн. Мөн Катар улсаас гурван тэрбум ам.доллар зээлэх хүсэлт тавьсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.