Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.08.27

Х.Амгаланбаатар: Хохирлыг бодитоор тогтоох нь чухал

C-1 телевизийн “VIP тодруулга” нэвтрүүлгийн зочноор Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцож, Оюутолгой компанийн 2000 ажилтны эрх ашиг ба Нарантуул захын түрээслэгчид сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Оюутолгойн 2000 гаруй ажилчид түр зогсолт хийгээд байна. Тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалахаар танай холбооноос холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн. Энэ талаар?

-Энэ сарын 14-нд Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс далд уурхайн ажлыг хааж, түр зогсолт хийх шийдвэр гаргаснаа туслан гүйцэтгэгч компани, Оюутолгой компанид, өөрсдийнхөө тодорхой тооны хүмүүст мэдэгдэх үйл ажиллагаа зохион байгуулсан. Оюутолгой компаниас 63 ажилтанд мэдэгдэл өгсөн.

Үлдсэн 1900-аад ажилтан нь Оюутолгой компанитай Оюутолгой төслийн хүрээнд туслан гүйцэтгэгч компаниудын ажиллагсад байгаа. Энэ асуудлаар МҮЭХ-ноос Оюутолгой ХХК-ийн захиргаа, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яаманд тодорхой асуудлуудыг тавьсан.

Мөн Монгол улсын Ерөнхий сайд, Хөдөлмөрийн сайд, Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал бид хэд ярилцлаа. Оюутолгой компанийн ажлаас халагдсан 63 хүний асуудлыг компани дотроо бусад алба хэлтэст нь өөр ажил гүйцэтгүүлэх, гэрээгээр ажиллуулах боломж бололцоог судлах шийдвэрийг Оюутолгой компанийн захиргаатай Хөдөлмөрийн сайд тохиролцсон байна.

Бусад туслан гүйцэтгэгч компаниудыг тус тусынх нь ажлын чиглэл рүү зуучлах маягаар Засгийн газар тэнд ажиллаж буй хүмүүсийн ажлын байрыг шийдэх боломж бүрэн байгаа гэдэг албан ёсны хариултыг хэлсэн. Энэ утгаараа МҮЭХ Оюутолгой компаниас халагдсан 2000 орчим хүний ажлын байрны асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна гэсэн ойлголтыг авч байна.

Хэрэв ажлын байрны баталгаа бүрдэхгүй, ажилгүй болох магадлал гарах тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмжийн асуудал яригдана. Ажлаас халагдсаны тэтгэмжийн асуудлыг жигд болгох саналыг МҮЭХ-ноос тавьж байгаа. 

-Оюутолгойн ажилчдаас гадна Нарантуул зах шатсанаар маш олон түрээслэгчид хохирлоо. Эдгээр хохирогчдын хохирлыг барагдуулж, эрх ашгийг нь хамгаалахын тулд МҮЭ-ээс ямар ажлыг хийх вэ?

-Ер нь ҮЭ-ийн байгууллага шууд утгаараа хохирол барагдуулах, ажилд нь буцаан оруулдаг байгууллага биш. Энэ хохирлыг бий болгож, эдгээр хүмүүсийг ажлаас халагдахад хүргэсэн талууд нь хохирол, хариуцлагын асуудлыг арилгах ёстой. МҮЭХ бол эвлэлдэн нэгдсэн гишүүд, хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад гүүр болдог байгууллага.

ҮЭ-ийн байгууллага шууд утгаараа хохирол барагдуулах, ажилд нь буцаан оруулдаг байгууллага биш.

Нарантуул захын шатсан павилонд мянга гаруй түрээслэгчид тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байгаа. Нэг түрээслэгчийн цаана дөрвөөс таван ам бүл бий. Тэгэхээр тав, зургаан мянган хүний амьдралын асуудал энд хөндөгдөж байна.

Галын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шинжилж тогтоосны дараа хохирлын асуудал яригдах ёстой. Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хувийн хэвшлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтарсан мэдээллийг тодорхой болгох ажлын хэсгийг байгуулаад ажиллуулж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.