Д.Батцогт: Засгийн газарт бүр болж бүтэхээ байчихсан зүйл харагдахгүй л байгаа шүү дээ
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.08.28

Д.Батцогт: Засгийн газарт бүр болж бүтэхээ байчихсан зүйл харагдахгүй л байгаа шүү дээ

УИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та УИХ-ын чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна. Хэд хэдэн төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа гэсэн байх аа?

-Тийм ээ. Төрийн бус байгууллагууд төртэйгөө хамтран ажиллах хэрэгтэй гэж үздэг. Энэ чиглэлээр “Махны холбоо” маш сайн ажиллаж байгаа. Сонирхлын зөрчилгүй гэдэг утгаар нь намайг тэргүүнээр ажиллахыг урьсан. Би тэр саналыг нь зөвшөөрсөн.

Тэгээд махны нөөцийн тал дээр ард түмэнд ойлгуулах, таниулах зүйл их байдаг юм байна. Энэ талын ажлуудыг хийж эхэлсэн.  Дараагийн нэг ажил бол “Монголын ус түншлэл” гэдэг төрийн бус байгууллагыг удирдаж байгаа. “Дэлхийн ус түншлэл” гэдэг олон улсын томоохон байгууллага байдаг. Энэ байгууллагын гишүүн нь болсон.

Монголын устай холбоотой тулгамдаж байгаа асуудлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Удахгүй олон улсын хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцоод явж байна даа.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн болчихлоо. “Рио Тинто” Оюутолгойн далд уурхайд хөрөнгө оруулалт хийхээ түр зогсоосон нь оны эцэс гэхэд Монголын эдийн засгийг сөхрүүлэх нэг үндэс болсон хэмээж байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хөндөж ярилцах байх. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Эдийн засаг нөхцөл байдал хүнд болсон гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ хүмүүсийн ярьж хэлээд байгаа шиг элгээрээ хэвтсэн зүйл байхгүй. Ерөнхий сайдтай уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл авахад “Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоон дээр байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхээс инфляци буурсан. Мэдээж эдийн засагт хасах тал байгаа. Хөрөнгө оруулалт багассан. Хөрөнгө оруулалт яагаад буурсан бэ гэдэг дээр судалгаа хийж үзсэн. Ингэхэд  Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт дуусаад зогссон учраас буурсан дүр зураг ажиглагдаж байгаа.

Дээрээс нь урт нэртэй хуулиас болж 1500 орчим лицензийг түтгэлзүүлсэн. Энэ түтгэлзүүлсэн лицензүүдтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт багассан” гэж ярьж байна билээ. Гэхдээ хамгийн гол зүйл бол эдийн засагт тулгарч байгаа хүндрэлүүдийг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр тал талаасаа ярилцах ёстой.

Тэр тусмаа УИХ-ын гишүүд, сайд, эрдэмтэн судлаачид гарах гарцыг эрэлхийлэх ёстой юм болов уу гэж бодож байна. Түүнээс биш эдийн засаг болохоо байчихлаа гэдэг мессежийг уралдаж өгөөд, энэ сэдвээр цэцэрхэх юм бол нөхцөл байдлыг улам дордуулна гэж бодож байгаа. Алдаа бол мэдээж байгаа. Алдаагаа дор дор нь засаад явах хэрэгтэй.

-Монгол Улс “Рио Тинто”-той хийсэн хөрөнгө оруулалтын гэрээгээ үргэлжлүүлэх ёстой юу. Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн хийнэ гэдэг байр суурийг баримталж байгаа. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Оюутолгойн гэрээг бид анхнаасаа шүүмжилсээр ирсэн. Энэ үзэл бодлоосоо хэзээ ч ухраагүй. Дэндүү эх оронч бус, муу гэрээ хийсэн гэж тухайн үед хэлж, ярьж байсан. Энэ бол өдрөөс өдөрт баталгаажиж байгаа шүү дээ.

Эдийн засгийн хямрал, хүндрэл бидэнд сургамж болж, цаашид зөв хөгжих дохио болж байгаа болов уу

Тэгэхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулах нь зүйтэй. Миний харж байгаагаар “Рио Тинто” компани монголчуудыг буулгаж авах гээд байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нөхцөл байдал хүнд байгаа үед башир арга хэрэглээд байна уу даа гэж надад ажиглагдаад байгаа юм.

Тэгэхээр хаана хаанаа ухаалаг саналуудыг хэлж, нөхцөл байдлыг зөв тийш нь эргүүлэх боломжтой гэж харагдаж байгаа. Бид англи хэлээр биш бизнесийн хэлээр ярьдаг болмоор байна. Бизнесийн ухааныг л хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол бид асуудлыг зөв тийш нь залаад явж чадах байх гэж найдаж байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болоод буй. Бид яавал гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой юм бэ?

-Одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалттай холбоотой хуулинд гадаадынхныг үргээгээд байгаа зүйл ховор шүү дээ. Харин хөрөнгө оруулагч нар гадагшаа буруу, зөрүү ухуулга хийдэг болов уу гэж хардаад байгаа юм.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын хуулийг нэг мөр шийдчихье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагч орж ирээд ажлаа эхэлчихсэн байхад хууль, эрх зүйн  орчинг нь тогтвортой болгож өгөх хэрэгтэй. Ингэвэл  хөрөнгө оруулалтын орчин сайн болно гэж бодож байгаа.

-Монгол Улсын эдийн засгийн бараг 70 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай байна. Өөр эдийн засгийн хөшүүрэг гээд байх зүйл алга байна шүү дээ. Нэг компани үйл ажиллагаагаа зогсооход Монгол Улсын эдийн засаг ганхах дээрээ тулж байна. Эдийн засгийг өөр чиглэлээр хөгжүүлэх гарч байгаа юу. Та юу гэж бодож байна?  

-Манай улс нэг хэсэг хөдөө аж ахуйн орон байлаа шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд уул уурхайгаараа дэлхийд танигдаж байна. Бид зөвхөн уул уурхайгаас хэт хамааралтай байх юм уу, олон талт эдийн засгийг хөгжүүлэх үү гэдэг чинь асуудал болоод байгаа шүү дээ. Эдийн засгийн хямрал, хүндрэл бидэнд сургамж болж, цаашдаа зөв хөгжих дохио болж байгаа болов уу гэж миний хувьд үзэж байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Энэ Засгийн газарт та ямар дүн өгөх вэ?

-Ямар ч байсан онц дүн өгөхгүй. Учиргүй муу гэхгүй. Дундаж л оноо өгөх байх даа. Энэ Засгийн газрын өмнө олон сорилт тулгарлаа шүү дээ. Анх удаа олон улсын зах зээл дээрээс бонд босгож, бүтээн байгуулалтын ажил хийхээр чармайж байна.

Үүнтэй холбоотой хүндрэл бэрхшээл гарсан байх. Засгийн газарт бүр болж бүтэхээ байчихсан зүйл харагдахгүй л байгаа шүү дээ. Бондын мөнгийг огт буруу гэж үзэхгүй байгаа. Авч байгаа хөрөнгөө аль болох үр дүнтэй төсөлд зарцуулах ёстой л доо.

Ямар ч байсан бондын хөрөнгө эдийн засаг хүндэрсэн энэ үед тодорхой хэмжээгээр тус болж байна. Нэгэнт гаднаас авчирсан бондыг муулаад байх биш үр ашигтай зарцуулах талаас нь л ажиллах хэрэгтэй биз дээ.