Л.Болд Биокомбинат, Туул тосгонд ажиллалаа
Гадаад Харилцааны сайд Л.Болд
2013.09.09

Л.Болд Биокомбинат, Туул тосгонд ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Л.Болд Хан-Уул дүүргийн 12-р хороо Биокомбинат, 13-р хороо Туул тосгоны иргэд сонгогчидтой уулзлаа.

Тэрбээр сонгогчидтой хийсэн уулзалтаар Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажил болон 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны дүнг танилцуулж, иргэдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцсан юм. Уулзалтад Улаанбаатар хот болон Хан-Уул дүүргийн хороодын албаны хүмүүс оролцсон юм.

Хан-Уул дүүргийн Нисэх, Шувуун фабрик чиглэлийн 22,5 км автозамын Биокомбинат хүртэлх хэсгийн өнгөн хучилт энэ оны аравдугаар сард багтаан дуусахыг Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж иргэдэд мэдэгдлээ.

Түүнчлэн иргэдээс ирсэн санал, гомдлыг үндэслэн алслагдсан хороодод тулгарч буй асуудлуудын нэг болох ЕБС-ийн сурагчдад үйлчлэх автобусыг Нийслэлийн хөрөнгө оруулалттайгаар шийдвэрлэлээ. Мөн Шувуун фабрикийн дунд сургуулийн сурагчдад үйлчлэх автобусны асуудлыг холбогдох байгууллагад уламжлахаар боллоо.

Биокомбинатын 10 дугаар бүрэн дунд сургуулийн барилгын ашиглалтын хугацаа дууссантай холбогдуулан тухайн сургуулийн шинэ барилгын ажлын төсвийг, Шувуун фабрикт хүүхдийн цэцэрлэг шинээр барих, 26 дугаар дунд сургуулийн спорт заалны өргөтгөлийн ажлын төсвийг ирэх оны улсын төсөвт тусган ажиллахаар болсон.

Биокомбитан, Туул тосгоны иргэдтэй уулзлаа

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хороодод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс шат шатны байгууллагын холбогдох хүмүүст асуудлуудлыг хүргүүллээ. Ялангуяа иргэдэд бухимдал үүсгэж буй нийслэл Улаанбаатар хотын газар өмчлөлтэй холбоотой асуудлыг ярилцаж, маргаантай газрыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь зүйтэй хэмээн сайд Л.Болд цохон тэмдэглэсэн юм.

Уулзалтын үеэр сайд Л.Болд БНБУ-ын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн албан айлчлалаар манай улсад хүрэлцэн ирсэн Хөдөө аж ахуй, хүнсний сайд Л.К.Заяцтай санал солилцсон асуудлуудаас дурдлаа. БНБУ-ын Засгийн газрын дэмжлэгээр Биокомбинат, Шувуун фабрикыг орчин үеийн техник, технологоор хөгжүүлэх таатай боломж бүрдэж байгааг иргэдэд дуулгалаа.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд сүүний үйлдвэр, өндөг, тахианы ферм байгуулах, Биотехнологи, малын эмийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.