2011.03.02

С.Баярцогт: Үйлдвэрлэгчдэд очих зээлийн барьцааг төр хариуцвал хүү ч буурна

Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.

-Аймаг орон нутагт төсвийг нь өгснөөр ямар үр дүн гарах вэ?

-Бид төсвийн орлогын болон зарлагын талд өнгөрсөн дөрвөн жилд маш том реформ хийж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан.Үүн дээр үндэслээд одоогийн үйлчилж байгаа Төсвийн хууль,Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөх төслийг өргөн барьсан. Аймаг бүр дунджаар 800 сая төгрөгийг нийт хөрөнгө оруулалтаа-саа тусад нь хуваарилсан байгаа. Аймгийн иргэдийн хурал үүнийг шийднэ. Сум болгонд сум хөгжүүлэх санд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хэлбэрээр дунджаар 50 сая төгрөг хуваарилж байгаа. Гэхдээ хүн амын тооноос нь шалтгаалаад сум бүхэнд харилцан адилгүй олгоно.

-Иргэдийнхээ амьжиргаагдээшлүүлэх, ажилтай, орлоготой болгох галаар ямар бодлого баримтлах вэ?

-Өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд энэ жил гурван төвшинд авч үзэж байна. Суманд 50 сая, аймагт 800 сая, улсын хэмжээнд ойролцоогоор 100 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд зарцуулна. Гэтэл энэ санхүүгийн эх үүсвэрийг банкаар дамжуулаад өгөхөд иргэд барьцаа хөрөнгөгүй гэх хүндрэл гарч  байна. Тиймээс Барьцааны хуулийг гаргана. Төсвөөс өгч байгаа мөнгийг бүгдийг нь барьцаа болгож тавих юм бол банкнаас олгох зээлийн хэмжээ ч ихсэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, бид 30 тэрбум төгрөг гаргалаа гэхэд жижиг, дунд үйлдвэрийн зээл байвал 30 тэрбумаа л өгнө. Харин 30 тэрбумаа жижиг, дунд үйлдвэрийн зээлийн баталгаа болгох юм бол магадгүй арилжааны банкнуудын дунд эргэлдэж байгаа 1,5 их наяд төгрөгөөс 150-300 тэрбум болж 5-10 дахин нэмэгдэх боломжтой.

-Таны хэлсэн боломжуудыг чухам яаж хэрэгжүүлэх вэ?

-Том бүтээн байгуулалтыг дагаж, жижиг, дунд аж ахуйнууд хөгждөг. Манайд Оюутолгой,Таван толгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, шинэ төмөр зам гээд том бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Тэгэхээр үүнийг дагаад .жижиг, дунд ажлын байр олноор бий болно. Би нэг жишээг сонирхуулья. Энэ жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 668 тэрбум төгрөг. Гэтэл Оюутолгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэсэн. 2010 оноос хойш хийж байгаа ажлын захиалга 887 сая ам.доллар буюу ойролцоогоор нэг их наяд төгрөг болсон. Монгол Улсын 2400 аж ахуйн нэгж үүнд оролцож байна.Тэгэхээр нэг том бүтээн байгуулалт ямар их  хэмжээний ажлын байр орлогын боломжийг бий болгохыг харуулж байгаа биз.

-Том бүтээн байгуулалт дагасан хөрөнгө оруулалт банкаар дамжин орж ирвэл хүү нь өндөр байна гэх гомдол байдаг. Хөрөнгө оруулалтын сангаар жижиг, дунд үйлдвэрүүдэд олгох боломж бий юу?

-Тэгж чадвал хүү буурна. Өнгөрсөн жилийн байдлаар манай жигнэсэн дундаж хүү 22 хувьтай байна. Харин бид дэлхийн зах зээл дээрээс ойролцоогоор 6-7 хувийн хүүтэй мөнгийг татаж чадвал одоо байгаагаас гурав дахин бага хэмжээний хүүгийн жишиг тогтож, арилжааны банкнууд болон манай нийт эдийн засагт орж байгаа санхүүгийн эх үүсвэрийн өртөг буурч эхэлнэ.

-Бидний шинэ бүтээн байгуулалтад маш их хөрөнгө оруулалт шаардлагатай.Энэ мөнгийг өөрсдөдөө ашигтайгаар босгох ямар боломж байна?

-Монгол Улс 1991-2010 онд хоёр тэрбум долларын хөнгөлөлттэй зээл, хоёр тэрбум ам долларын буцалтгүй тусламж авсан байдаг. Гэтэл бидний шинэ бүтээн байгуулалт, төмөр зам, Сайншандын парк зэрэгт жилдээ дор хаяж 2-3 тэрбум ам долл-арын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ нь Монгол Улсын эдийн засаг том шингээцтэй,том бүтээн байгуулалт хийх торгон ирмэг дээр байна гэсэн үг юм. Үүнийгээ зөв зүйтэй ашиглахын тулд бидэнд зөв засаглал, эв нэгдэл чухал. Манай зөвхөн Таван толгойн Баруун цанхын асуудалд дэлхийн хамгийн нэр хүндтэй 10 гаруй том компани оролцох саналаа ирүүлсэн. Нийт Таван толгой дээр IРО хийх боломжуудыг судлахад дэлхийн нэр хүндтэй 15-16 банк оролцох хүсэлтээ илэрхийлж байна. Монголчуудыг дэлхийн нэг номерын хөрөнгө оруулалтын компани, банкнууд сонирхож байгаа нөхцөлд биднээс илүү ухаан шаардагдах ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.