Д.Батцогт: Нэг хэсгийг аврах гээд бүхлээр нь хаадаг зүйл байж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.09.18

Д.Батцогт: Нэг хэсгийг аврах гээд бүхлээр нь хаадаг зүйл байж болохгүй

Төрийн ордны гадна даваа гаригт буун дуу гарсан шалтгаан нь Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах нь гэх хардлага байлаа. Ямартаа ч яг дээрх хуульд өөрчлөлт орохгүй хэдий ч тухайн хуулийг дагаж мөрдөх журмын хууль гэх тусдаа хуульд тодорхой өөрчлөлт оруулахаар төлөвлөгджээ.

"Урт нэрт" хуулийн талаар УИХ-ын гишүүд, сайд нарын байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

-Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор бүр дагнасан тэмцэл явуулдаг иргэний хөдөлгөөнүүд бий. Урт нэртэй хууль уг нь байгаль орчноо хамгаалах зорилготойгоор хийгдсэн.

Нэг хэсэг байгалийн баялгийг замбараагүй ашигласан зүйл байсан.

Гэвч тухайн салбартаа хийгдэж буй эрүүл саруул хөрөнгө оруулалтыг ч хаасан зүйл байгаа юм. Нөхөн сэргээлтээ сайн хийж, унаган байгальд нь оруулах, магадгүй илүү сайхан ч болгож байгаа компани ажиллаад явахад яагаад болохгүй гэж.

Яах вэ, нэг хэсэг байгалийн баялгийг замбараагүй ашигласан зүйл байсан. Гэхдээ бид нэг хэсгийг нь аврах гээд бүхлээр нь хаадаг зүйл байж болохгүй. Ямар ч асуудалд уян хатан байх ёстой гэдэг талаас нь харж байна.