2011.09.22

С.Баярцогт:УИХ-ын 20 гишүүн асуулга тавьснаас болж үүсэж байгаа асуудал биш

Засгийн газрын зүгээс 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхээр болж, УИХ намрын чуулган эхлэнгүүт эл төслийг хэлэлцэх болж байгаа.Гэтэл ОУВС-гаас танай улсыг нэгдсэн төсөвтөө тодотгол хийх хэрэггүй гэсэн сэрэмжлүүлэгөгсөн юм. Тиймээс энэ тухай Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг эргэн харах талаар нэр бүхий гишүүд шаардлага хүргүүлсэн байгаа. Шаардлагын хариуг хэзээ өгөх вэ. Энэ асуудал юу болж байна?
-Оюутолгойн гэрээний талаар УИХ-ын 20 гишүүн асуулга тавьснаас болж үүсэж байгаа асуудал биш. Өмнө нь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооныхон асуулга тавьсны дагуу бид хэлэлцээд Монголын тал хоёр асуудал хэлэлцэх ёстой гэсэн шийдэлд хүрсэн байсан. 57 дугаар тогтоол гурван заалттай. Тэдгээр заалтууд ер нь хангагдсан гэж үзэж байна. Монголын талын 34 хувийг ханга гэсэн эхний заалт хангагдсан Оюутолгойн хэлэлцээрийг хүчин төгөлдөр байгаа хуульд нийцүүл гэснийг хэрэгжүүлсэн. Түүнчлэн тухайн үед өөрчлөх шаардлагатай байсан гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гуравдугаар нөхцөл гурван үндсэн нөхцөлтэй. Эрхзүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийсний дараа 50 хувь болго гэсэн. Хэлэлцээр хийж байх үед ашигт  малтмалын хуульд өөрчлөлт оруулахгүйгээр 50 хувь хүргэнэ гэж шийдээд хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д 30 жилийн дараа дээрх хувьд хүргэх нь Монголын талд нээлттэй байх тухай заалт орсон байгаа.
- Дахин хэлэлцээр хийх тухай нөгөө талд санал тавих тухай Засгийн газрын хуралдаанаар яригдсан уу?
-Монголын талын хувь нийлүүлэгч 50 хувиа шийдсэн нөхцөлөө сайжруулах, Оюутолгойн хэлэлцээр дууссаны дараа манайд шинэ хууль батлагдсан. Тиймээс аж ахуй нэгж хүлээж авах бололцоо байгаа эсэх талаар хэлэлцээр хийхээр боллоо. Энэ тухайгаа нөгөө талдаа албан захидлаар явуулах шийдвэр гарлаа.
-Олон Улсын Валютын сангаас 2011 оны төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн зөвлөмжийг өгч байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол эдийн засгийн бодлогын л асуудал. Хэрэв бид төсөвт тодотгол хийхгүй бол төсөв ашигтай гарна. Тодорхой хэмжээний эх үүсвэр бүрдэж 2012 он руу орно гэсэн үг. Гэхдээ бидний хувьд төсөвтөө тодорхой хэмжээний тодотгол хийгээд хөрөнгө оруулалт урсгалтай холбоотой зохицуулалт хийх шаардлагатай байна. Ямар шалтгаанаар төсөвт тодотгол хийсэн бэ гэхээр хууль эрх зүйн хувьд тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь 2011 оны төсөв батлагдсанаас хойш УИХ-аас жижиг, дунд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд 300 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг баталсан.
Үүнийг заавал ч үгүй төсөвт суулгах шаардлагатай.
Хоёр дахь үндсэн шалтгаан нь бидний хувьд сонголт байгаа. Нэгдэх нь, бодит эдийн засгаа дэмжих үү, эсвэл энэ байгаа юмаа нөөцлөөд 2012 он руу авч орох уу. Нөхцөл байдлаа авч үзээд одоо хийж байгаа ажлаа үнэлээд бодит эдийн засгаа дэмжих хэрэгтэй юм байна гэж үзэж, энэ оны хөрөнгө оруулалтыг 197 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дээрээс нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл УИХ, Засгийн газраас гаргасан тодорхой шийдвэрүүдийн хүрээнд 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг мөн нэмж тусгасан. Ингэснээр нийтдээ 250 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Нөгөө талдаа 300 тэрбум төгрөгийн бонд Зарлага талдаа сууна. Урсгал зардлаа 151 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр төсвийн алдагдал бидний барьж байсан 9.6 хувьд хүрч байгаа.
-Тэгэхээр аль сонголт нь илүү манайд ашигтай юм бэ?
-Олон Улсын Валютын Сангаас ямар сануулга өгөөд байгаа вэ гэхээр 2013 оноос эхлээд бид Төсвийн тогтвортой байдлын бүх заалтыг мөрдөх ёстой. Алдагдлын хэмжээ тэр үед хоёр хувь байх ёстой юм. Тэгэхээр 9.6 хувь гэсэн өндөр алдагдалтай байж байгаад нэг жилийн дотор шууд хоёр хувь руу бууруулахад хүндрэлтэй юм биш үү. Үе шаттай бууруулбал яасан юм бэ, танайх эргээд хямралын үеийнх шигээ олсноо зардаг бодлого руугаа эргэж орчих гээд байгаа юм биш биз дээ гэсэн зөвлөмж, бас санал өгсөн.
-Гэхдээ дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унангуут Монгол Улс хямралд орж болзошгүй байна гэж бас сэрэмжлүүлээд байгаа шүү дээ?
-Манайд Тогтворжуулалтын сан бий болсон. Тогтворжуулалтын санд 200 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсэж байгаа, энэ оны төвшинд. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаснаас болж үүсэх хямралаас Монгол Улсын төсөв Монгол Улс хамгаалагдсан гэж хэлж болно.
Нийтлэлч


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.