Колумбийн гадаад хэргийн сайдтай хэлэлцээрт гарын үсэг зурав
Гадаад харилцааны сайд Л.Болд, Колумбийн Гадаад хэргийн сайд Мария Ангела Холгуен Сиеллартай уулзлаа.
2013.09.25

Колумбийн гадаад хэргийн сайдтай хэлэлцээрт гарын үсэг зурав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд Колумбийн Гадаад хэргийн сайд хатагтай Мария Ангела Холгуен Сиеллартай энэ сарын 24-нд  Нью Йорк хотноо уулзаж, хоёр  орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Колумбийн Гадаад хэргийн сайд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахад Колумбийн тал онцгойлон сонирхож байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс Латин Америкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхэд чухал холбогдол өгч байгаа бөгөөд  ойрын үед Бразильд ЭСЯ-аа нээхээр шийдвэрлэснийг тэмдэглэв.

Колумбийн тал Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулж, идэвхтэй хамтран ажиллах боломжтой, манай улсын урьд, хойд талд асар том зах зээл оршиж байдгийг  болон иргэд хоорондын харилцаа холбоог идэвхтэй хөгжүүлэхэд анхаарч байгаагаа онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Л.Болд, Колумбийн Гадаад хэргийн сайд хатагтай Мария Ангела Холгуен Сиеллар нар “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас  харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав.