Д.Оюунхорол: Бизнес дэх төрийн оролцоо эдийн засгийн хүндрэлийг үүсгэж байгаад анхаарах ёстой
УИХ-ын гишүүн, МАН- ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.09.27

Д.Оюунхорол: Бизнес дэх төрийн оролцоо эдийн засгийн хүндрэлийг үүсгэж байгаад анхаарах ёстой

УИХ-ын гишүүн, МАН- ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролыг “Бодлоготой хөгжье” буландаа урилаа.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд эдийн засгийн орчин, хөгжлийн явц байдалд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн судалгаа дүгнэлтийг танилцуулж, хэлэлцсэн.Энэ талаарх таны байр суурь юу вэ?

-УИХ-ын ажлын хэсэг өнөөгийн эдийн засагт нүүрлээд байгаа нөхцөл байдлыг тодорхой бодитой дүгнэсэн байна лээ. Тухайн үед буюу судалгаа, дүгнэлт гаргах үед МАН улс орны эдийн засагт үүсч болох нөхцөл байдалд онош тавьж, бодлого тодорхойлогчдод анхааруулж байсан. Төсөв хүндэрч, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч мэдэх сануулгыг өгч байсан. Валютын ханш, инфляцын өсөлтийг хүртэл урьдчилан таамаглаж, анхааруулж байсан ч Засгийн газар хайхрамжгүй хандсанаас өнөөдөр олон бэрхшээл үүслээ. Гэвч одоо улстөржөөд суух цаг биш. Бид эрүүл саруул ухаанаа уралдуулж, зөвшилцөж, ярилцаж, ойлголцож үүсч бий болсон асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг улстөржүүлэх шаардлага бидэнд байхгүй.

-Өнөөдөр эдийн засгийн орчинг сайжруулахад ямар асуудалд онцгой анхаарах ёстой вэ?

-Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих, татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргахыг бид дэмжиж байгаа. Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй. Мөн гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг энэ хуулийн хүрээнд хамруулахаар ярьж байгаа. Монгол орны эдийн засаг бүхэлдээ уул уурхайн импортоос хэт хамааралтай учраас зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ унахаар л экспортын хэмжээ буурах эрсдэл үүсч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.

Валютын хэмжээ буурч, төгрөгийн ханш унахын зэрэгцээ гадаад өрийн төвшин нэмэгдсэн нь Монголын эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж магадгүй байгаад анхаарах ёстой.

Валютын хэмжээ буурч, төгрөгийн ханш унахын зэрэгцээ гадаад өрийн төвшин нэмэгдсэн нь Монголын эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж магадгүй байгаад анхаарах ёстой. Гадаад өр зээлийн хэмжээ ДНБ-ий хэдэн хувиас давсныг, хүү төлбөрт хэдэн төгрөг төлж байгааг УИХ ажлын хэсэг гарган судалж, эрсдэл хүндрэлийг урьдчилан тооцож дүгнэлт гаргах ёстой гэсэн байр суурьтай байна. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хөдөө орон нутгийн хөгжлийн ирээдүйг харсан бодлого гаргахад онцгой анхаармаар байгаа юм. Хөдөө аж ахуйн салбараа дэмжиж, эдийн засгийн нэг бааз суурь, хөл болгон авч явах ёстой. Төр, засгийн ийм бодлого муугаас хөдөөд хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж ч ховордсон. Санхүүгийн эрсдэл, дэд бүтцийн сул дорой байдал, зах зээлээс алслагдсан байдал гээд тулгамдсан олон бэрхшээлийг хөдөөд чиглэсэн төрийн оновчтой бодлогоор л засч чадна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 2,2 мянган аж ахуйн нэгж байгууллагын 33,9 хувь нь бүтээгдэхүүнээ 100 ба түүнээс дээш км хол зам туулж зах зээлд гаргадаг гэсэн судалгаа ч бий.

Иймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийг дэмжиж, хөрөнгө оруулалтын болон татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгуулсан юм. Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлж, эрчимжүүлэх, төв суурин газрын дэргэд суурин фермерийн аж ахуй хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, дэлхийн зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гаргах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 2,2 мянган аж ахуйн нэгж байгууллагын 33,9 хувь нь бүтээгдэхүүнээ 100 ба түүнээс дээш км хол зам туулж зах зээлд гаргадаг гэсэн судалгаа ч бий.

-Хувийн хэвшил, бизнест хутгалдах төрийн оролцоо хэт их боллоо гэсэн шүүмжлэл их байна. Танд юу мэдрэгдэж байх юм?

-Төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлогын хэрэгжилт үр дүн муутай, төрийн оролцоо хэт их, хүнд суртал, шат дамжлага, орон тоо их байгаа нь бизнесийнхэнд ихээхэн дарамт болж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлмээр байна. УИХ-аас батлан гаргах хуулиудад хувийн хэвшил, бизнесийнхний дуу хоолой, санал бодлыг тусгах хэрэгтэй. Төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнд бизнес эрхлэгч, татвар төлөгчид маань сэтгэл дундуур байгаагаа компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган “CEO SAMMIT-2013” арга хэмжээний үеэр ярьж байна. Иймээс шийдвэр гаргагч бид энэ асуудалд онцгой анхаарлаа хандуулах шаардлагатай юм байна. Бизнес дэх төрийн оролцоо нь эдийн засгийн хүндрэлийг үүсгэж байгаад анхаарах ёстой.