2013.10.02

Ажилласан жилийн нэмэгдлийг 2014 оноос олгож эхэлнэ

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийг санаачилсан. Уг хуулийн хэрэгжих хугацаа дууссантай холбоотойгоор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийлээ.

Энэ хуульд хамрагдах хүсэлтээ 483 мянга 800 хүн гаргасныг 100 хувь хамруулжээ. Эдгээр хүний 24 хувь нь тав, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмүүлэх боломжтой болсон байна.

Гэхдээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос олгож эхлэх юм байна.

Харин тэтгэвэр тогтоолгоогүй байгаа иргэдийн хувьд нөхөн тооцуулах хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед нь нэмж тооцохоор болжээ.

Үүнээс гадна дөрвөн хүүхэд төрүүлсэн эх болон цэргийн албан хаагч нарыг тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө тусгай нөхцөлөөр тэтгэвэрт гаргадаг.

Хуульд хамрагдах хүсэлтээ 483 мянга 800 хүн гаргасныг 100 хувь хамруулжээ.

Тухайлбал, цэргийн байгууллагад 25 жил ажилласан хүнийг өөрийнх нь хүсэлтийг харгалзахгүйгээр хүчээр тэтгэвэрт гаргадаг. Эдгээр хүний хувьд өөрөөс шалтгаалахгүйгээр ажиллах эрхээ хасуулсан.

Тийм учраас Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамруулах ёстой гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа шүүхэд гомдол гаргажээ. Шүүхэд гаргасан гомдлын дагуу ХАХНХЯ болон салбарын сайд нь хариуцагчаар татагдсан гэдгийг С.Эрдэнэ сайд хэллээ.

Тэрээр "С.Одонтуяа гишүүний гаргасан гомдлын дагуу бид шүүхэд үндэслэлүүдээ гаргаж өгнө. Хэрэв шүүх дээрх хүмүүсийг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдах ёстой гэж үзвэл яамны зүгээс татгалзах зүйлгүй” гэсэн юм.