С.Бямбацогт: Хөрөнгө оруулалтын тухай хуулинд дутагдал бий
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.10.04

С.Бямбацогт: Хөрөнгө оруулалтын тухай хуулинд дутагдал бий

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталсан. Энэ хуулийг баталсантай холбогдуулан гарах үр дүн, ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын намрын ээлжит чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хуулийг баталснаар ямар үр дүн харагдаж байна вэ?

-Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой болгох, мөн үүнийг тойрсон тодорхой бус асуудлыг нэг тийш нь болгосон чухал хууль баталлаа гэж ойлгож байна.

Энэ хуулийн гол агуулга бол урд өмнө нь зөвхөн гадны хөрөнгө оруулагчдад илүү давуу байсныг тэнцвэржүүлж, гадаад, дотоод гэлтгүй Монгол Улсад хөрөнгө оруулж, нэмүү өртөг, ажлын байр бий болгож байгаа л бол ижил нөхцөл олгодог байхаар хуулинд тусгаж өгсөн байгаа.

Мөн бүс нутгийн, салбарын ялгавартай бодлогыг явуулахаар энэ хуулинд суулгаж өгч чадсан. Өөрөөр хэлбэл, салбарын гэдэг нь уул уурхай, дэд бүтцээс бусад салбарт илүү хөрөнгө оруулалтын давуу тал, хөнгөлөлттэй нөхцөлийг бий болгоё.

Харин бүс нутгийн гэж хэлж байгаа нь Улаанбаатар хотоос алслагдмал дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн хөгжил сул бүс нутагт хөрөнгө оруулалт хийх тусам илүү хөнгөлөлттэй нөхцөлийг олгодог байя гэж шийдвэрлэсэн. Түүнээс гадна Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар огт ажиллаагүй.

Тэгвэл энэ хуулинд суулгаж өгсөн гол санаа нь уул уурхай, банк санхүү, мэдээлэл харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарын 33 хувиас дээш хувьд нь гадаадын хөрөнгө оруулалтыг оруулахаар болвол Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл ав гэсэн заалтыг хэвээр үлдээсэн байгаа. Ингээд дүгнэхэд энэхүү хууль харьцангуй уян хатан, томоохон тулгарч буй асуудлыг шийдсэн, сайн хууль болсон гэж харж байна.

-Тэгвэл УИХ-аар баталсан энэхүү хуулинд сул тал гэж байгаа юу?

-Нэг сул тал байна. Юу гэхээр энэ хуулийг баталснаар томоохон гадна, дотны хөрөнгө оруулагчдад илүү боломж олгосон. Гэтэл нөгөө талдаа жижиг дунд бизнес эрхэлж буй иргэдээ дэмжих бодлогыг суулгаж өгч чадсангүй.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хавар миний бие бусад гишүүдийн хамт өргөн барьсан хуулиар НӨАТ-ын 10 сая төгрөгийн босгыг 200 сая болгон нэмэгдүүлэх зүйтэй.

Энэ хэмжээгээр жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг татварын дарамтаас чөлөөлж, хөгжих боломжийг бүрдүүлж өгье гэсэн хуулийн төслийг санаачилсан. Харамсалтай нь энэ хуулийн төслийг сая баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуультай хамтатган шийдэж чадсангүй.

-Тэгвэл жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх тухай хуулийн төслийг дахин тусад нь хэлэлцэх болов уу?

-Миний бие санаачлан УИХ-д энэ чиглэлээр хэд хэдэн хуулийн төслийг өргөн бариад байгаа. Үүнд Хувь хүний орлогын албан татварын хуулинд Улаанбаатар хотоос бусад бүс нутагт үйл ажиллагаа явуулж, ажиллаж, амьдарч байгаа иргэдийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх нь зүйтэй.

Энэ хууль харьцангуй уян хатан, томоохон тулгарч буй асуудлыг шийдсэн, сайн хууль болсон.

Мөн Улаанбаатар хотоос бусад бүс нутагт дэд бүтцийн салбар, архи, тамхины бизнесийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын орлогын албан татварыг хөнгөлөх асуудлыг ярилцъя гэсэн байгаа.

Өөрөөр хэлбэл татварын таатай орчноор бизнес эрхлэгчдээ дэмжих бодлоготой юм. Гэх мэтчилэн хуулиудыг өргөн бариад байгаа ч харамсалтай нь УИХ-д хэлэлцэхгүй байгаад байна.

-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр болсон хуулиудаас ямар хуулийн төслийг та онцолж байгаа вэ?

-УИХ-ын намрын чуулганаар маш чухал хуулиудаа хэлэлцдэг. Үүнээс дурдвал 2014 онд баримтлах Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай гэх мэтчилэн хуулиуд байна.

Мөн валютын ханш хүнд байгаа энэ үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын баримт бичгүүдийг батлах зэрэг чухал асуудлууд их байна. Түүнчлэн Газрын тухай хууль анхаарал их татаж байгаа.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулиар монгол хүнд газар хэрхэн олгох, ашиглах, бэлчээрийн асуудлыг хэрхэх зэрэг асуудлыг энэ хуулиар тодорхой болгох юм.