Д.Ганхуяг: Бодлогын хүүгээр инфляцийг зохицуулах амархан
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.10.09

Д.Ганхуяг: Бодлогын хүүгээр инфляцийг зохицуулах амархан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 онд яагаад мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн, бодлогын үр дүн ямар байгаа талаар болон 2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн зорилтуудын талаар илтгэл тавьж, гишүүдийн асуултад хариулсан юм.

Түүний хэлж буйгаар ирэх онд Монголбанк инфляцийг бууруулах, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад эдийн засгаас хамаарах хамаарлыг багасгах, эдийн засгийн дархлааг сайжруулахад бодлогоо чиглүүлэх аж.

Н.Золжаргал ерөнхийлөгчийн мэдээллийн дараа 2013 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн хийгээд ирэх онд баримтлах бодлогын талаар гишүүд юу хэлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

Улстөржилгүй өргөсөн тангаргийнхаа хүрээнд ажиллах нь зүйтэй.

Мөнгөний шинэ бодлогыг эдийн засгаа дэмжих бодлоготой хамт инфляциа зохицуулах бодлого явж байгаа гэж ойлгох ёстой. Н.Золжаргал ерөнхийлөгчийг ажлаа авах үед Монголбанкны бодлогын хүү 14 орчим хувьтай байсан. Бодлогын хүүгээр инфляцийг зохицуулах шиг амархан зүйл байхгүй.

Дэлхийд хаана ч байхгүй өндөр хүүтэй, арилжааны банк нь тэр хэрээр том хүүтэй, аж ахуйн нэгжүүд нь томордоггүй, иргэд нь зээлийн хүүний дарамттай, өрхийн амьжиргаанд зээлийн хүү инфляциас илүү дарамт үзүүлдэг ийм л байдалтай явж ирсэн.

Үүнийг өөрчилсөн бодлого хэрэгжүүлж байгаа. Тиймээс улстөржилгүй өргөсөн тангаргийнхаа хүрээнд ажиллах нь зүйтэй.