УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.10.09

Л.Энх-Амгалан: Монгол төгрөг энэ онд хамгийн сул валют болж хувирлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар байнгын хорооны гишүүдэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа.

Мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг 2014 оны эцэст найман хувь, 2015- 2016 онд долоон хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зорилт тавьсан байна. Үүний үр дүнд дунд хугацаанд макро эдийн засаг тогтвортой байна гэж үзэж байгаа аж.

Энэ үеэр байнгын хорооны гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас 2013 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монголбанк Чингис бондын хөрөнгийн менежментийг хийж байгаа. 2013 оны гүйцэтгэлээр энэ хөрөнгөөс хэдэн төгрөгийн санхүүжилт хийсэн бэ. Зээлийн хүүг Монголбанк гаргаж байна уу, төсвийн эх үүсвэрээс гаргаж байна уу.

Дэлхийн банкнаас “Монгол улс төсвийн гадуурх санхүүжилтийг их хийж байна. Энэ нь ирээдүйд манай улсын төсөвт эрсдэл авчирч магадгүй. Мөн арилжааны банкуудаар дамжин хийж байгаа зээлийн эргэн төлөлт эрсдэлтэй байвал банк санхүүгийн маш том эрсдэл авчирна” гэсэн байна.

Монголбанкинд Чингис бондын 650 сая ам.долларын үлдэгдэл байгаа.

Зээлийн эргэн төлөлтөд Монголбанк хяналт тавьж байгаа юу. Монгол төгрөг 2011, 2012 онд дэлхийн хамгийн сайн үндэсний валютаар шалгарсан. Гэтэл 2013 онд хамгийн сул валют болж хувирлаа.Энэ талаар ямар бодолтой байна вэ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал:

-Монголбанк эдийн засагт мөнгө нийлүүлсэн. Ингэхдээ энэ мөнгийг Засгийн газарт өгөөгүй. Дэлхийн банк Хөгжлийн банкны санхүүжилтийг төсвөөс гадуурх гэж байгаа. Харин Монголбанкны хөтөлбөрүүдийг төсвийн гадуурх санхүүжилт гэж нэрлээгүй.

Монголбанкинд Чингис бондын 650 сая ам.долларын үлдэгдэл байгаа. Монголбанкнаас 650 сая ам.долларын үлдэгдлийг л төлж байна. Бусад нь одоогийн байдлаар төсөвт шилжсэн.