Ц.Баярсайхан: Хэдий болтол бид эдийн засгаа хүртэл улстөржүүлэх вэ
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.10.09

Ц.Баярсайхан: Хэдий болтол бид эдийн засгаа хүртэл улстөржүүлэх вэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 онд яагаад мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн, бодлогын үр дүн ямар байгаа талаар болон 2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн зорилтуудын талаар илтгэл тавьж, гишүүдийн асуултад хариулсан юм.

Түүний хэлж буйгаар ирэх онд Монголбанк инфляцийг бууруулах, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад эдийн засгаас хамаарах хамаарлыг багасгах, эдийн засгийн дархлааг сайжруулахад бодлогоо чиглүүлэх аж.

Н.Золжаргал ерөнхийлөгчийн мэдээллийн дараа 2013 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн хийгээд ирэх онд баримтлах бодлогын талаар гишүүд юу хэлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

Мөнгөний бодлогыг УИХ олон жил ярьж байна. Бодит эдийн засгийг ямар байдлаар дэмжих юм, мөнгөний бодлого хувийн секторт тэр дундаа ард түмний амьдралд ямар байдлаар нөлөөлөх юм бэ гэдгийг гишүүд байнга ярьдаг. Үе үеийн оролдлогууд гарч байсан л даа.

Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэтгэх, гадна дотно зах зээлээс мөнгө босгох үүргийг хүртэл мөнгөний бодлогоор дамжуулаад өгч байсан жишээ баримтууд байгаа. Харин энэ удаа ялангуяа 2013 оны мөнгөний бодлого нэлээд бодитой хөрсөн дээрээ бууж магадгүй. Инфляци бол өндөр орлоготой хүмүүст хамаагүй зүйл.

Хамгийн гол нь бага орлоготой иргэдэд хамгийн хамааралтай зүйл учраас үүнийгээ онилох нь зөв. Өмнө нь явж байсан мөнгөний бодлого бодлогынхоо хүүг нэмэгдүүлдэг арилжааны банкууд эцэст нь Монголбанкны үнэт цаас, Засгийн газрын бондыг аваад цааш нь мөнгө босгохгүй суугаад ирэхээр аж ахуйн нэгж, иргэд зээлийн эрэлд гардаг. Ийм л түвшинд байсан.

Гэтэл 2009-2010 оны хямралаас Зүүн өмнөд Ази, Европыг орнууд эдийн засгаа тэлсэн. Хувийн хэвшил рүүгээ мөнгө гаргасан, бодлогын хүүгээ бүр тэглэсэн. Ингээд ирэхээр хувийн хэвшил, аж ахуйн нэгж, хувь хүмүүст мөнгө очдог.

Хамгийн гол нь инфляци бага орлоготой иргэдэд хамгийн хамааралтай зүйл учраас үүнийгээ онилох нь зөв.

Ингэж мөнгө очиж, үйлдвэрлэж, бүтээж, худалдан авалт хийгдэж байж эдийн засгийн хүндрэлийг даван туулдаг жишээ байгаа. Энэ чиглэлээр Монголбанк Засгийн газартай хамтарч ажиллаж, болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад дорвитой ажил хийлээ гэж бодож байгаа.

Тиймээс улс төрийн өнцгөөр хардаж сэрдэхээсээ илүү хүрсэн түвшин зөв байна уу, юунд нь илүү анхаарах хэрэгтэй байна вэ, цаашид ямар үр дүн гарах вэ гэдгийг харах хэрэгтэй. Ялангуяа УИХ. Хэдий болтол бид эдийн засгаа хүртэл улстөржүүлэх вэ. Энэ мэт зөв юмаа дэмжээд явбал эдийн засаг сайжирна.

Ялангуяа Засгийн газраас Монголбанктай хамтарч хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй зээл иргэдэд маш их боломж өгч байгаа. Энэ бол халамж биш хариуцлагын тогтолцоо. Иймэрхүү бодитой зүйлээ олж харах чадвар Монголын парламентад байгаа байх гэж бодож байна.