Намын даргыг УИХ-аас сонгох ёстой
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.10.15

Намын даргыг УИХ-аас сонгох ёстой

МАН-ын 27-р их хурал болох гэж байгаатай холбогдуулан МАН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-МАН-ын  Их хурлын бэлтгэл ямар шатандаа явна вэ. Шинэчлэлийн хөдөлгөөнөөс намаа шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Танай хөдөлгөөнийхөн юу хийж байна?

-Шинэчлэлийн хөдөлгөөн анх байгуулагдсан зорилгоо биелүүлж, Бага хурлаа хуралдуулж, Их хурлын товыг зарласан. Их хурлын тов зарлагдсантай холбогдуулан оролцох төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлсэн гэх мэтчилэн зорилгоо биелүүлсэн. Их хурлаас нэлээд их зүйлсийг харж, хүлээж байна.

Их хурлаар хэлэлцэх асуудалд залуучууд санал бодлоо илэрхийлж, тэр нь хэлэлцэх асуудалд орж байгаа ч зүйл байна, орохгүй байгаа зүйл ч байна. Тиймээс бид намын Их хурлаар хэлэлцэх асуудлын төслийг тусгайлан боловсруулаад байгаа. Үүнийг цаашид Их хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх, анхан шатны намын штабаар хэлэлцүүлэх гээд олон ажил хийж байна.

-Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн орон нутгаар явж, дэмжигчид, намын гишүүдээсээ санал авсан. Намын гишүүд, дэмжигчид намын шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байна?

-Анх биднийг шинэчлэлийн талаар ярьж эхлэхэд манай намын гишүүд, дэмжигчид эергээр хүлээж авсан. Ер нь бол МАН зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай болсон. Шинэлчлийг зөвхөн энэ цаг үед бид ярьж байгаа зүйл биш. Өмнө нь ч гэсэн шинэчлэлийн талаар ярьж гарч ирээд, тухайн үед шинэчлэлээ хийгээд л өнгөрч байсан.

Бидний хувьд ч гэсэн намын Их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах зүйл юу байна гэдгийг ярина. Хамгийн чухал нь өнөөдрийн нэг онцлог нь өмнө нь МАН-ын дандаа олонхи байж, эрх баригч байх үеийн шинэчлэлүүд байсан бол өнөөдөр бид сөрөг хүчний нам дээр шинэчлэлийн асуудал ярьж байгаагаараа онцлогтой.

-Шинэчлэлийн хороо, хөдөлгөөн хоёр ялгаатай юм уу?

-Шинэчлэлийн хөдөлгөөнд өмнө нь байсан Шинэчлэлийн хороо өрх тусгаарласан. Бид ч бас үүнийг нь буруутгахгүй байгаа. Заавал бидэнтэй нэгд гээд үзэл бодлоо тулгаад байвал утгагүй шүү дээ. Нөгөө талаас шинэчлэлийн хөдөлгөөн, намын удирдлага, шинэчлэлийн хороо, намын анхан шатны байгууллага зэрэг олон талаас яривал амьдралд хэрэгжих бодитой, үр дүнтэй санал гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-XXVII их хурлын хамгийн чухал зүйлийн нэг нь МАН-ын даргын сонгууль. МАН даргаа солихоос илүү шинэчлэл хийж чадахгүй гэж харах хүмүүс ч бас байна?

-Шинэчлэлийг хүн болгон өөрийн өнцгөөс харж тайлбарлаж байгаа байх. Зарим хүмүүсийн хувьд зөвхөн МАН-ын даргын суудал сонирхолтой байж болно. МАН мөрийн хөтөлбөр, дүрмээ шинэчилж байна. Намын даргын хувьд  шат шатны сонгуулиар ямар нэг байдлаар ялагдал хүлээвэл хариуцлага хүлээнэ  гэдгээ ч Ө.Энхтүвшин дарга хэлчихсэн байгаа.

Намын даргын сонгууль угаасаа л хийгдэх ажил. Гэтэл хүмүүс маш чухал бодлогын шинж чанартай бичиг баримтууд боловсруулагдаж байхад анхаарахгүй байж, намын даргын сонгуульд анхаарлаа хандуулаад байгааг би гайхаад байгаа юм.

-Шинэчлэлийн хөдөлгөөний залуус шинэчлэл хийхээсээ илүү албан тушаалд “санаархсан” гэж шүүмжлүүлээд байгаа. Хөдөлгөөн зорилгоо биелүүлж чадсан уу?

-Намын шинэчлэлийн хөдөлгөөнийхнийг албан тушаалд санаархсан, албан тушаалын төлөө ийм зүйл хийж байна гэх мэтээр ярьж байсан л даа. Ингэж ярьж байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Битгий юм хийх гэж байгаа нэгнээ доромжилж бай”. Өөрсдөө ярьж, хэлээд гарч ирээгүй байж ил тод гарч ирээд ярьж байгаа нэгнээ муулаад байгааг ойлгохгүй юм. Гэхдээ муулаад яваг, хамаагүй.

“Битгий юм хийх гэж байгаа нэгнээ доромжилж бай”.

Бид сайнаас нь мууг нь хүртэл яваад үзнэ. Монголын нөлөө бүхийн том нам, Монголын хөгжил цэцэглэлтийг 90 гаруй жил  удирдсан том нам өнөөдөр ямар нэг байдлаар устаж, үгүй болбол Монгол Улс ардчилал, зах зээлийн замаарр хөгжиж чадахгүй л болов уу. Өнөөдөр хоёр нам өрсөлдөж байж хөгжил бий болох, улс орноо цаашид авч явах бололцоотой болж байгаа.

-Их хурлын төлөөлөгчдийг сонгож дуусч байна. Шинэчлэлийг анхан шатнаасаа эхлүүлнэ гэсэн боловч их хурлын төлөөлөгчдийн сонгох ажилд нөгөө л мөнгө тараасан, гишүүдийнхээ саналыг мөнгөөр хулгайлах гэсэн асуудлууд үүсээд байгаа юм биш үү? Их хурлын төлөөлөгчдөд ямар шалгуур тавьж байгаа юм бэ?

-Журам гарсан байгаа. Хувь хүн болгоны ярьж байгаа зүйлийг энэ үнэн гэдэг байдлаар хүлээж авах хэрэггүй байх аа. Магадгүй тэнд өрсөлдөөн явж, ялагдаж, ялж л байгаа байх. Ялагдсан хүмүүс нь олон зүйл ярьж байгаа байх.  Үүнийг болиулах нь Шинэчлэлийн хөдөлгөөний бас нэг зорилго байх. Намын дүрмэнд их хурлын төлөөлөгчдийг сонгох сонголтыг шинэчлэх ямар гарц байна гэдгийг олж харах хэрэгтэй. Энэ л шинэчлэлийн нэг хэлбэр юм.

-Шинэчлэлийн хөдөлгөөний залуусаас Бага хуралд дахин нэр дэвших үү?

-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнд манай намын үе үеийн төлөөлөл бий. Ямар нэгэн байдлаар шинэчлэл, хөгжлийг яриад гарч ирэхэд энэ дарга болох гэж байна гэсэн бодлоосоо монголчууд салах цаг болсон. Манай залуучуудын хувьд дарга болно гэж анхнаасаа зориогүй. Аливаа улс төрийн намын гол зорилго сонгуульд ялалт байгуулж, эрх барих. Энэ зорилгын төлөө явж байгаа болохоос биш би дарга болно, шинэчлэлийн хөдөлгөөний хэн нэг нь дарга болно гэсэн зорилго байхгүй.

Харин намын Бага хурлын гишүүнийг тухай намын удирдлага, анхан шатны байгууллага хоорондоо зөвшилцөөд сонгодог. Шинэчлэлийн хөдөлгөөний залуус  бүгд Бага хурлын гишүүд байгаа. Бага хурлын гишүүд байж л улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломжтой. Түүнээс биш дарга болох асуудал биш.

-Намын даргын сонгуульд хэн нэгнийг дэмжиж оролцох уу. Эсвэл хөдөлгөөнөөсөө нэр дэвшүүлэх үү?

-Манай хөдөлгөөнд 10 гаруй байгууллага байгаа. Хөдөлгөөний гол зорилго нь хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн шинэчлэлд тулгуурлаж намаа шинэчлэх  гол зорилготой яваа. Бид дүрэмд ийм зүйл тусгах, даргад энэ хүнийг өрсөлдүүл гэдэг ч юм уу ямар нэг байдлаар тулган шаардалт хийхгүй.

Аливаа шинэчлэл гэдэг бол өөрийн үзэл бодлоыг бусдад тулгах бус гэдгийг олон хүнд хэлж байгаа. Арав гаруй байгууллагын 70 гаруй гишүүд дэмжигчид байна. Олонхийн дэмжсэн саналыг аваад явдаг, олон нийтийн байгууллага.

-С.Баяр, У.Хүрэлсүх  гэх мэт хүмүүс байхгүй байгаа. МАН-д дарга болох лидер байхгүй гэж ярих хүмүүс бас байна?

-МАН-д дарга болох хүмүүс хангалттай байгаа.

-Жишээлбэл?

-Би одоо ганц нэг хүн нэрлэчихээр шинэчлэлийн хөдөлгөөнийхөн энэ хүнийг дэмжиж байна гэсэн ойлголт хүмүүс төрнө. Ер нь бол зүгээр МАН лидергүй болсон гэх яриа гарах болсон. Лидер гэдэг нь ганцхан дарга хүнийг хэлдэггүй шүү дээ. Олонд танигдсан л бол тэр лидер шүү дээ. Тэгвэл МАН-д олонд танигдсан хэр олон хүн байгааг хүн бүр мэдэж байгаа.

-Бага хурлын үер М.Энхболд, Н.Энхболд нарын нэг нь намын дарга болно гэсэн тохироо намын фракциуд дунд ширүүн өрсөлдөөн дагуулсан гэсэн. Их хурал хаяанд ирсэн, намын дарга болох магадлалтай хүмүүсийг нэрлэвэл?

-Ер нь бол М.Энхболд, Н.Энхболд гэх мэт хүмүүсийг намын даргад өрсөлдөөсэй гэсэн олон хүмүүс МАН-д байна. Энэ хүмүүстэй уулзаад, ярилцаж байхад энэ нам заавал шинэ хүн гарч ирээд намыг шинэчлэнэ гэхээс илүү, туршлагатай хүн хэрэгтэй. Улс төрийн болоод бусад бүх төрлийн туршлага хуримтлуулсан хүн энэ намыг аваад явах боломжтой юм болов уу гэж бодож байгаа.

Түүнээс биш ямар ч улс төрийн туршалагагүй хүнийг нэр цэвэр, шинэ хүн гэж гаргаж ирээд намын ажил явахгүй. Намын ажил хийж үзээгүй хүн намын дарга болно гэж байхгүй. Магадгүй бизнесийн байгууллага, төрийн бус байгууллагад ажиллаж байсан хүн байлаа ч намын ажил хийж үзээгүй бол намын дарга хийж чадахгүй. Энэ бол улс төрийн ажил.

Ганцхан шаардлага нь 2016 онд МАН Засгийн эрх авах бололцоотой болох ёстой гэсэн шаардлагыг бид намын даргад тавина. Одоогийн УИХ-ын гишүүд ч гэсэн ийм шаардлага тавих байх.

-Тэгвэл тэр хүн чинь УИХ дотор байгаа юу?

-Магадгүй би УИХ дотроосоо байсан дээр гэж бодож байгаа. Яагаад гэвэл бид өнөөдөр сөрөг хүчин байхад УИХ дотор байсан хүн нь намаа удирдахгүй бол УИХ-аас гадна байж байгаад улстөр хийнэ гэдэг хэцүү. Тиймээс намын шинэ дарга УИХ-аас гаргасан нь дээр гэж бодож байна.

-Их хурлаас өмнө Бага хурлыг товлоно гэсэн уу?

-Бага хурлыг бараг л товлохгүй байх аа.