Г.Уранцоож: Ёс зүйт төрийн систем алга байна
“Хүний эрх хөгжлийн төв”-ийн тэргүүн Г.Уранцоож
2013.10.15

Г.Уранцоож: Ёс зүйт төрийн систем алга байна

“Хүний эрх хөгжлийн төв”-ийн тэргүүн Г.Уранцоожтой уул уурхай болон орон нутгийн хөгжилд иргдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

-Уул уурхайн салбарт хүний эрхийн байдлыг хэрхэн сайжруулах вэ. Иргэний нийгмийн байгууллагууд юу хийж байна вэ?

Бид дуугүй болж зүгээр суугаагүй. Бидний чадавхи сайжирч байна. Тиймээс хурц тэмцэл гэхээс илүү хууль эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэх механизм руу чиглэн ажиллаж байна. Төрийн механизмыг сайжруулахаар ажиллаж байгаа.

Зүгээр орилж хашгирч байгаад нэг уурхайг зогсоож болно. Гэтэл механизмыг нь өөрчлөхгүйгээр дахиад л нэг уурхай шинээр гараад ирнэ. Эрсдэл байгаа учраас бодлого, хуулийг нь өөрчлөх тал руу явж, хариуцлага, хяналтын байгууллагыг чадваржуулах нь зүйтэй. Эцсийн эцэст нийгмийн харилцаа хууль эрх зүйгээр л зохицуулагдана.

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр төрийн бус байгууллагууд их сайн ажилладаг. Үр дүн гарч байна уу?

Орон нутгийн өөрийнх нь хөгжлийн бодлого хууль мэт хэрэгжиж байх ёстой. Үүнд иргэдийн оролцоо байж, иргэд өөрсдөө ухамсартай, хариуцлагатайгаар шийдвэр гаргадаг болох нь их чухал. Дээр нь төрийн албан тушаалтнууд их ёс зүйтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр төрийн албан тушаалтны ёс зүй зөрчигдлөө гэхэд хариуцлага тооцох механизм нь сул. Авлигатай тэмцэх газар үнэхээр хүчрэхгүй байна. Авлига бол зөвхөн мөсөн уулын орой. 10 хүрэхгүй хувь нь илэрч байгаа ч  олигтой хариуцлага тооцож чадахгүй байгаа нь үүнийг гэрчилнэ.

Энэ бүхэн нь манай улсад ёс зүйтэй төрийн систем тэр чигтээ хэрэгжихгүй байгааг харуулна. Гол нь иргэдийн мэдлэг сайжирснаар зөв шаардлагыг тавьж, төрийг ёс зүйтэй болгоход шахалт үзүүлж чадна. Тэгэхээр бид төрийн албыг ямар ёс зүйгээр хэрэгжүүлэх ёстойг мэдэх нь чухал.

-Та саяхан Австрали улсад хууль, засаглал, ёс зүйн талаар туршлага судлаад ирсэн. Энэ талаараа яриач?

Өнгөрсөн 9 сард Монгол улсын 15 төлөөлөгчид Австрали улсад ёс зүй, хууль засаглал гэсэн чиглэлээр сургалтад сууж, туршлага судлаад ирлээ.

Энэ гурав маш чухал, харилцан уялдаатай зүйл. Австрали улс том нутаг дэвсгэртэй тив улс. Хүн ам нь зургаахан сая. Манай улстай адилхан гэсэн үг.

Том газар нутагт цөөхөн хүн амьдардаг. Эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай. Уул уурхайн салбарт ашигт малтмалаа гадагш нь экспортолж, ашиг олж байгаа  учраас уул уурхайг яаж хариуцлагатай болгох тал дээр анхаарч, маш сайн зохицуулалт хийж өгсөн.

-Австрали улс уул уурхайн салбарт хэрхэн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлсэн юм бол?

Хариуцлагатай болгохын тулд төрийн аппаратыг ёс зүйтэй болгож, хууль засаглал сайн ажилладаг байхаар зохицуулсан байсан.

Гэтэл манай улсад төрийн албаны ёс зүйг ерөөсөө ярьдаггүй, юу байдгийг ч сайн мэддэггүй. Шударга ёс гэж ярьдаг мөртлөө яаж хэрэгжүүлэх аргыг нь мэддэггүй. Засаглал ёс зүй дээр тулгуурлавал шударга байх чиглэл рүү явна.

-Шударга ёсыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Энэ бол бүхэл бүтэн систем. Австрали нь холбооны муж улсынхаа түвшинд яаж асуудлаа хуваарилж, хэрэгжүүлдэг гэдгийг бид харсан.

Төрийн албан хаагчдын ёс зүйг хэрэгжүүлэхдээ иргэдтэй хамтарч ажиллах замаар зохицуулж байсан. Маш нарийн, өчнөөн олон зүйлийг хамруулдаг. Хамгийн гол суурь нь нийгмийн үнэт зүйлс. Нийгмийн үнэт зүйлсийг ард иргэд нь маш сайн мэддэг, хандлагаа болгоод төлөвшүүлчихсэн. Ийм болохоор тогтолцоо нь зөв ажилладаг. Парламентад нь Шударга ёсны комиссар, Ёс зүйн хороо, Мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг хянадаг комиссар, Хувийн нууцыг хамгаалах комиссар ажилладаг. Түүнээс гадна шүүгчдийн хараат бус байдлыг маш сайн зохицуулсан байдаг бөгөөд шүүхийн шийдвэр биелэхгүй гэсэн ойлголт байдаггүй.

Түүнчлэн төрийн албаны зүгээс ажилтнууд нь хэр зэрэг ёс зүйтэй байгааг  үнэлж, дүгнэдэг газартай гэх мэт маш олон механизмуудтай.

-Тэгэхээр иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн салбарт хариуцлагын талаар хамгийн их ярьдаг, тэмцдэг. Та бүхэн юу хийх вэ?

Австралитай харьцуулахад манай улсад олон зүйл байхгүй ч тодорхой хэмжээнд хариуцлага тооцох, баялгийг тэгш хуваарилах хүслийг хэрэгжүүлэхийн тулд үнэлгээ хийж, уул уурхайн салбарт шударга ёс, ёс зүй, засаглалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт, стандарт, дүрэм, хяналт гаргахад үнэлгээ хийж, зөвлөмж гаргая гэсэн бодолтой байна.

-Төрийн сульдсаар байгааг олон нийт харж байна. Улс төрийн савлагаа, албан тушаалын халаа сэлгээ үүнд маш их нөлөөлдөг. Австралид энэ байдал хэр байна вэ?

Австралид сонгуулийн дараа хүн нь солигддог албан тушаал хорьхон байдаг. Зөвхөн сайд нар нь солигддог. Өөр нэг ч хүн солигддоггүй. Тэгэхээр төрийн албан хаагчид сайн хамгаалалттай, хариуцлагатай ажиллаж чаддаг. Төрийн албан хаагчид үнэхээр чадавхитай байна уу гэдгийг комиссар шалгадаг.

Харин манайд улс төрийн намуудын зохицуулалт муу учраас албан тушаал их солигддог. Өөрөөр хэлбэл намуудын санхүүжилтийг оновчтой шийдэж чаддагүйгээс болж, сонгуулийн үеэр хувийн секторуудаас мөнгө авдаг. Сонгуульд ялсаныхаа  дараа тэр сектортоо үйлчилдэг учраас төрийн сульдаа гараад байгаа юм. Үүнийг л ялгаж салгах хэрэгтэй.

-Монголын нийт ард түмний эрх ашгийг хамгаалсан хөгжил рүү уул уурхайг чиглүүлэхгүй юм бол тэр хөгжил хэрэггүй. Та үүнтэй санал нийлэх үү?

Уул уурхай тогтвортой биш. Улс орны явуулж буй хөгжлийн бодлого нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг ч ямар нэгэн байдлаар алдаа гардаг. Тиймээс төрийн бус байгууллагууд хамгийн дуу хоолойгүй, эмзэг, эрх мэдэлгүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалахаар ажилладаг.

Бид нар иргэдээс л дэмжлэг авч, иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Өмгөөлөгчөө хөлслөх чадваргүй, алслагдсан, мэдлэг мэдээлэлгүй, ялгаварлан гадуурхалтад өртөөд эрхээ хамгаалж чадахгүй байгаа хүмүүст тусалдаг.

-Орон нутгийн хөгжлийн бодлогоор энэ жилээс сум хөгжүүлэх сангийн мөнгийг орон нутагт шилжүүлж, төсвийн эрхийг олгосон.  Үүнд хэн хяналт тавих ёстой вэ?

Шинэ төсвийн хуулийн дагуу орон нутагт тодорхой мөнгө хуваарилагдаж байгаа. Энэ нь нэг талдаа тус мөнгөөр тухайн нутагт юу хийж, юунд зарцуулахыг иргэдийн саналаар шийдэх боломж бүрдсэн. Хуулийг хэрэгжүүлэх журам нь тухайн орон нутгийн онцлог, нөхцөлд тохирсон байх ёстой. Иргэд энэ процесст оролцохдоо хуулийн мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ иргэдийн ийнхүү чадваржуулах нь орон нутгийн ТББ-ын оролцооноос хамаарна.

Гэтэл өнөөдөр манай улсын хэмжээнд орон даяар иргэний нийгэм тэгш хөгжиж чадаагүй. Иргэний нийгмийн байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа явуулж, чадавхитай болох ёстой. Гэтэл энэ нь харилцан адилгүй байна. ТББ тогтвортой байх үндэс нь санхүүжилт болон хууль эрх зүйн орчин байдаг.  Иргэдийг чадавхитай, мэдлэгэтэй оролцуулах дэд бүтэц нь ТББ. Энэ нь бүрдээгүй.

Өнөөдөр дүүрэг, хорооны түвшинд иргэдийг зохион байгуулдаг иргэний нийгмийн байгууллага байгаа эсэх нь эргэлзээтэй. Бид нар хичнээн хүсэл байгаад ч тэгэж хүрч ажиллаж чадахгүй.

-Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэх талаар өнгөрсөн хавраас ярьж эхэлсэн. Энэ ажил юу болж байна вэ?

Хуулийг шинэчлэхээр хоёр, гурван хувилбар төслүүд гарч ирсэн. Тэдгээрийг нэгтгэх гэхээр үзэл баримтлал нь зөрүүтэй байсан учраас эхлээд үзэл баримтлалаа гаргахаар болсон. Ингээд Засгийн газарт 2012 оны таван сард өргөн барьсан ч сонгууль болсон учир батлагдаагүй хойшилсон.

Гэтэл энэ засгийн газар үзэл баримтлалыг  хойш нь тавиад, хуулийн төслөө оруулаад ир гээд байгаа. Уг нь төр засаг залгамжтай ажиллах ёстой.

Ярилцсанд баярлалаа.