Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа.
2013.10.16

УИХ-ын гишүүдийн цалинг нэмье гэв

УИХ-ын 2012 оны ажлын тайлангийн талаарх мэдээллийг Төрийн байгуулалтын байнгын хороо сонссон юм. Энэ үеэр гишүүд парламентын шинэ ордон барих ажилд анхаарал хандуулах хэрэгтэйг хэлж байв.

Тухайлбал, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Би 2011-2012 оны хооронд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаас парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байсан. Тэр хугацаанд ордны барилгын 30 гаруй ам метр, 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгааг гаргуулсан.

Засгийн газар талаас парламентын ордныг барих ажил жил гаруйн хугацаа өнгөрөхөд зогсонги байдалтай боллоо.

Монголын талын бүх мэргэжлийн байгууллагууд зурагт экспертиз хийгээд барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Монгол болон Кувейтийн талаас тус бүр зургаан хуулийн этгээд байгуулагдаад материалуудаа өгсөн.

Жил гаруйн хугацаа өнгөрөхөд энэ ажил зогсонги байдалтай боллоо. Үүн дээр Тамгын газар анхаарал тавих хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлийг бид даван туулалгүй л яах вэ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай зүйлийг зохицуулах ёстой” гэж байв.

Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт Тамгын газрын ажилтнуудын бичиг соёлын мэдлэгт сэтгэл зовнив. Засгийн газар дээр төсөв боловсруулаад өргөн барьж байгаа процесс хоёр хэлбэртэй болчихсон гэнэ. Чанарын хувьд муудсан.

УИХ-ын гишүүн С.Баярцогт "Чадварлаг хүмүүсийг төрийн албаны сүлжээнээс гадуур цалинжуулж ажиллуулах хэрэгтэй" гэсэн санал гаргалаа.

Тиймээс чадварлаг хүмүүсийг төрийн албаны сүлжээнээс гадуур цалинжуулж ажиллуулах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Тухайлбал, судалгааны алба нь суурь судалгаа хийж чаддаггүй гэнэ. Оюутолгойтой холбоотой хийсэн судалгаан дээр маш их мөнгө төлсөн аж.

Гэтэл үнэн хэрэгтээ тэр судалгааг нь ганцхан хуульч л хийсэн байж. Дээрээс нь хийсэн судалгааныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй. Тиймээс суурь судалгааг эрдэмтэд хариуцлага хүлээх хүмүүсээр хийлгэсэн нь дээр гэж байлаа.

Түүнчлэн Тамгын газрын гадаад харилцааныхан бичгийн соёл дээр анхаарах хэрэгтэйг ч захив. Тэд зөв бичгийн дүрмийн маш их алдаа гаргадгийг С.Баярцогт гишүүн шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн Су.Батболд: УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна.

Тэгвэл Су.Батболд гишүүн хуулийн хэлэлцүүлгийн 50-60 хувийг хийдэг Байнгын хорооны хуралдааныг байнгын нээлттэй хэлбэрээр явуулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр цалингаа нэмүүлэх хүсэлтэй аж.

Су.Батболд энэ тухайгаа “УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна. Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ. Манай гишүүдийн 80-90 хувь нь бизнес, эрхэлдэг болохоор тэдний хувьд энэ нь асуудал биш байх.

Зарим нь ардын баатар болох гэж цалингаа авахгүй гэх нь бий. Гэхдээ цалингаараа амьдардаг гишүүд бас байгаа шүү дээ” хэмээн гомдоллов. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн дундаж цалин нэг сая орчим төгрөг юм байна.