Ж.Энхбаяр: Засгийн газар гурван ажлын нэгийг нь дөнгөж оромдсон
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.10.16

Ж.Энхбаяр: Засгийн газар гурван ажлын нэгийг нь дөнгөж оромдсон

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “VIP” ярилцлагадаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2014 оны мөнгөний бодлогыг зарим гишүүн “Заль мэхний даалгавар” гэж үзэж байгаа. Таны хувьд мөнгөний бодлогын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс мөнгөний бодлогоо гаргаж байж төсөв, санхүүгээ тодорхойлдог. Өнөөдөр 2013 онд батлагдсан төсвөө хэрэгжүүлж чадахгүй болоод тодотгол орж ирж байгаа. Төсвийн бүрдүүлэлт дутагдалтай.

Өөрөөр хэлбэл, 1,5 их наяд төгрөгөөр төсөв бүрдсэнгүй. Нөгөө талаас хөрөнгө оруулалтаар хийгдэх ёстой ажил дөнгөж 33 хувийн гүйцэтгэлтэй гарч байна. Тэгэхээр үндсэндээ гурван ажлынхаа нэгийг чүү ай гэж хийсэн гэсэн үг.

Гэхдээ нэг онцлог нь хөрөнгө оруулалтад шаардлагатай мөнгө байсан. Төсвийн орлого 80 гаруй хувиар биелж, мөнгө орсон. Харин 80 гаруй хувийн орлоготой байхад ажил 30 хувьтай явсан гэдэг нь дунд нь 50 хувийн хийдэл гарсан.

-Тэгэхээр Засгийн газрын алдаатай бодлогоос болсон гэсэн үг үү?

-Засгийн газар яагаад батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж чадсангүй вэ гэдэг асуудал байна. Энэ нь ч их сонирхол татаж эхэлж байгаа юм.

-2013 оны мөнгөний бодлогод үр дүн, биелэлт гарсан болов уу?

-Мөнгөний бодлогын биелэлтийг аваад үзэхээр үндсэндээ хэрэгжиж чадсангүй, тавьсан зорилтдоо хүрсэнгүй гэдэг дүн гарч ирж байна. 2013 оны есдүгээр сарын 30-ны байдлын мэдээгээр инфляци 9,6 хувьтай гарчээ. Ер нь валютын ханш 10 хувь өсөхөд инфляци дөрвөн хувь нэмэгддэг. Үндсэндээ төгрөгийн ханш 20 хувиар суларснаар инфляцийг багаар бодоход 6-8 хувь дахин нэмэгдэхээр болчихлоо.

Монголбанк бие дааж эдийн засагт гурван их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг нийлүүлсэн.

Тэгэхээр мөнгөний бодлого дээр нэг оронтой тоо буюу найман хувьд барих гэсэн зорилго биелэх боломжгүй боллоо. Инфляци хоёр оронтой тоо руу, хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 10-аас дээш хувьтай гарах нь асуудал. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын түүхэнд байгаагүй томоохон үйл ажиллагааг Монголбанк явууллаа.

Монголбанк бие дааж эдийн засагт гурван их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг нийлүүлсэн. Үүнийгээ Засгийн газрын хамтарсан “Үнэ тогтворжуулах” нийт есөн хөтөлбөрт нийлүүлсэн байна. Тэгвэл үүний үр дүн юу вэ. Уг нь үр дүн, зорилго нь найман хувь байсан байх. Харин энэ зорилго биелсэн үү гэж асуух хэрэгтэй. Орон сууцан дээр хамгийн их хөрөнгө оруулалт, мөнгөний нийлүүлэлтийг хийсэн.

Өөрөөр хэлбэл, 1,6 орчим их наяд төгрөгийг орон сууцны зээл, барилгын материалын үйлдвэрлэл, барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Гэтэл үнэ барих зорилгоо хэрэгжүүлж чадсангүй. Орон сууцны үнийг маш хүчтэй алдчихлаа. Нөгөөтэйгүүр, монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг хүчтэй сулруулж, үүнээс болж Монгол Улсын валютын нөөц тасралтгүй багасаж байгаа дүр зураг байна.

Тиймээс валютын цэвэр нөөц туйлын ноцтой түвшин рүү орж байгаагийн зэрэгцээ Монголбанк алдагдалд орчихлоо. 2013 оны наймдугаар сарын 31-ний байдлаар Монголбанкны алдагдал 302 тэрбум төгрөг давсан. Тэгэхээр ноцтой тоо гарч, хөтөлбөрийн үр дүн ямар байна гэхээр хангалтгүй байгаа юм.

-“Хөтөлбөрийн үр дүнгээр мах, гурилын үнийг барьж чадсан” гэж Засгийн газрын тэргүүн бардам хэлж байгаа шүү дээ?

-Хангалтгүй л байна шүү дээ. Мах, гурил, барилгын үнээ буулгаж чадсангүй. Энэ мөнгө зорилтод байг онож уу, үгүй юү гэдэг асуудал бий. Мөн хэрэгжилтийг зохион байгуулсан Засгийн газар гээд олон асуудал гарч ирээд байна.

-Гэвч 2014 онд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, орон сууцны найман хувийн зээлийг үргэлжлүүлнэ гэж байгаа. Энэ үнэхээр зөв үү?

-Дахин үргэлжлүүлэхийн тулд хөтөлбөрүүдэд өгсөн зээлийн эх үүсвэр хаанаас гаргав гэдэг байгаа. Гэтэл эх үүсвэр байхгүй хэрнээ мөнгөний нийлүүлэлт ихэссэн. Нөгөө талдаа 1,5 тэрбум төгрөгийн “Чингис” бонд хөтөлбөрүүдэд зарцуулах мөнгөний боломжийг бүрдүүлсэн.

-Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг Засгийн газар амархан олчих юм биш үү. Яагаад гэвэл таван тэрбум ам.долларын бондын үлдэгдэл 3,5 бий?

-Авах гэж оролдоно. Мөнгөний бодлоготой холбоотой өргөн барьсан төсвийн асуудлыг үзэхэд гадаад өрийг хоёр их наядаар нэмэхээр оруулсан. Хоёр УИХ, хэд хэдэн Засгийн газар дамжиж байж Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын хуультай болсон. Өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас илүү гаргахгүй, төсвийн алдагдлыг хоёр хувьд барина гэсэн.

Валютын цэвэр нөөц туйлын ноцтой түвшин рүү орж байгаагийн зэрэгцээ Монголбанк алдагдалд орчихлоо.

Гэтэл 60 болгох хүсэлт орж ирсэн. Энэ нь өөрөө туйлын ноцтой үр дагавартай болж байгаа юм. Мөн үүгээрээ Монгол Улс өөрийн орлого, эдийн засгийн чадавхиар урагшаа явж чадахаа болиод өр зээлийн гүн ангал руу унаж байгаа дүр зураг харагдаад байна. МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухайн хуулийг хэрэгжүүлэхээр хатуу шахна.

Зээл 40 хувиас хэтэрч болохгүй, 60 хувийг хүлээж авахгүй бололцоогүй. Нөгөө талаас Засгийн газар батлаад өгсөн төсвийн хүрээнд ажлаа хийж, зохицуулж чадсангүй. Гурван ажлын нэгийг нь дөнгөж оромдсон. Өмнөх ажлаа дийлэхгүй байж дахиад зээл авах, хөрөнгө мөнгө зарцуулах нь том дохио.

-Мөн Засгийн газарт ирэх том хариуцлага, сануулга биз?

-Мэдээж хариуцлага ирнэ. Өнгөрсөн тав дахь өдөр УИХ-аар мөнгөний бодлогыг хэлэлцэх байсан боловч АН-ын гишүүд чуулгандаа суугаагүйгээс болоод хойшлуулсан. Бид бүлгийнхээ байр суурь, мөнгөний бодлогын чиглэлээр гаргасан дүгнэлтээ танилцуулна.

-Ингэхэд Монголбанк Засгийн газрын гар, хөл болж ажиллаж байна гэдэг шүүмжлэл бий. Та үүнтэй санал нэг байна уу?

-Ямар ч улсын төв банк нь манайх шиг үйл ажиллагаа хийдэггүй юм байна. Энэ жишиг тогтвол Монголбанк мах, сүү, гурил, будаа, орон сууцны үнийг хариуцах болж байгаа юм. Энэ нь засгийн үүрэг. Харин Монголбанкинд энэ үүргийг нь өгөөд дэмий хоолны сав, олон яамыг татан буулгах хэрэгтэй.

Тэгэхээр парламент дахь ард түмний хяналт гэдэг зүйл байхгүй боллоо. Иргэд төлөөллөө сонгож, тухайн хүн нь төсөв, мөнгөний бодлогод хяналт тавьдаг. Гэтэл Монголбанк ийм шийдвэр гаргаад Монгол Улсын эдийн засагт их хэмжээний зээлийн эх үүсвэрийг бие дааж шийдэж, үндсэндээ засгийн бодлогод хөндлөнгөөс оролцох нь ноцтой үр дагавартай.

Манай бүлгийн хувьд Монголбанк нь мэргэжлийн байр сууриа хатуу сахиж, улс төрийн аливаа савласан бодлогод оролцохгүйгээр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хадгалах үндсэн зорилгоо хангах хэрэгтэй гэж үзэж байгаа. Дахин хэлэхэд Монголбанк нь Монголбанк шиг, Засгийн газар Засгийн газар шиг байх хэрэгтэй.