Баярсайхан.Ц 2013.10.16 | Сайт: News.mn

Ц.Баярсайхан: Орон сууцны 8 хувийн зээл иргэдэд хариуцлага өгч байгаа

Ц.Баярсайхан: Орон сууцны 8 хувийн зээл иргэдэд хариуцлага өгч байгаа
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Монголбанкнаас өргөн мэдүүлсэн энэхүү мөнгөний бодлогод ирэх онд инфляцийг найман хувьд хүргэх, 2013 онд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг Ипотекийн корпорацитай хамтран хэрэгжүүлэх зэрэг тодорхой зорилт тусгагдаад байгаа юм.

Уг бодлогод УИХ-ын гишүүд ямар байр суурь баримталж буйг онцолъё.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

Төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлого бодитой хөрсөн дээр бууж, аж ахуйн нэгжүүдийн хүссэн хэмжээнд  дөхөж ирэв үү гэж бодож байгаа. Инфляци гэдэг бол өндөр орлоготой хүмүүст бус бага орлоготой хүмүүст хамгийн хамааралтай. Өмнө нь явж ирсэн зарчмаар инфляцийг бууруулахын тулд төв банк бодлогын хүүг нэмэгдүүлдэг байсан.

Арилжааны банкууд Монголбанк, Засгийн газрын үнэт цаасыг худалдаж аваад, мөнгө гаргадаггүй байсан.  Ингээд иргэд арилжааны банкнаас зээлийн эрэлд гардаг байсан. Гэтэл зүүн өмнөд Азийн орнууд 2009, 2010 оны  хямралаар эдийн засгаа тэлж, хувийн хэвшил рүүгээ мөнгө гаргаж, бодлогын хүүгээ тэглэсэн.

Ипотекийн зээл авсан иргэд сар тутамд 150-650 мянга төгрөг төлөх дарамтаас чөлөөлөгдөж байгаа.

Ингэж хямралыг даван туулсан дэлхийн жишиг байсан учраас энэ онд Монголбанк Засгийн газартай нягт хамтран ажиллаж, зөв бодлого явуулсан. Цаашдаа бид улс төржихөөсөө илүү хүрсэн төвшин зөв байна уу гэдэг бодлогоо харж ажиллах ёстой.

Тэр тусмаа амьдралыг бодитой харах цаг болсон. Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн 8 хувийн хүүтэй зээл иргэдэд маш их хариуцлага өгч байгаа. Энэ бол халамжийн бодлого биш. Өөрөөсөө гарах бүхий л арга хэмжээгээ авч ажиллаж байгаа.

Эхний ээлжинд зээл авсан хүмүүс маань зээлийн дарамтнаас тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөж байна. Ипотекийн зээл авсан иргэд сар тутамд 150-650 мянга төгрөг төлөх дарамтаас чөлөөлөгдөж байгаа. Үүнийгээ дэмжиж, дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой.