"Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлж чадсан"
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.10.17

"Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлж чадсан"

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт сан­хүү­жил­тийн зээлийн гэрээний төс­лийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хо­роогоор хэлэлцсэн. Энэ гэ­рээний төслийн ач хол­бог­дол нь юунд байгаа юм бэ?

-Төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамж, үйлчил­гээг зорилтот бүлэгт нь хүр­гэхийн тулд салбар дундын мэдээллийн нэгдсэн дата сан бий болгох зорилготойгоор дээрх төслийг хэрэгжүүлэх юм.

Тодруулбал, нийгмийн даатгалд хамрагдаж байгаа болон төрөөс үзүүлж байгаа нийгмийн халам­жийн 68 нэр төрлийн үйлчилгээг хүртдэг иргэдийн нарийвчилсан  судалгаа, мэдээллийн сан бий болно. Ингэснээр хавтгайрсан ха­ламж байхгүй болж, аливаа тэт­гэвэр, тэтгэмж, халамжийн үйл­чилгээ давхардсан байдлаар ол­­гогд­дог асуудал үгүй болох юм.

Ул­маар бий болсон дата сангийн мэ­дээлэл дээр үндэслэн бусад салбарынхан ч гэсэн нийгмийн ха­ламжийн чиглэлээр явуулах бодлогынхоо хамрах хүрээг то­дор­хойлох боломжтой болно гэсэн үг. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны яам л гэхэд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх ажлуудаа хийх нөхцөл бүрдэх юм.

Улмаар салбар хоо­рондын хамтын ажиллагаа, ха­рилцаа уялдааг сайжруулах за­маар яваандаа нийгмийн ха­ламж үйлчилгээг хүртээмжтэй бол­гох, тэгш хуваарилах, ил тод хүр­тээх, ядуурлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа.

-Төслийн хүрээнд хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа вэ?

-Хүнс тэжээл, нийгмийн ха­ламжийн нэмэлт санхүүжилтийн зээлийн гэрээний төслийг 23.5 сая ам.доллараар гурван жилийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүний 20 сая ам.долларыг нь Азийн хөгжлийн банкнаас удаан хугацааны хөнгөлөлттэй зээл хэлбэрээр, 05. сая ам.долларыг нь Азийн хөгжлийн банкны нөөц хөрөнгөнөөс буцалтгүй тусламж хэлбэрээр, үлдсэн гурван сая ам.долларыг нь Засгийн газраас гаргуулахаар тооцоолсон.

-Азийн хөгжлийн банкнаас 20 сая ам.доллар хөнгөлөлттэй зээл хэлбэрээр авна гэж байна. Зээлийг ямар нөхцөлтэйгөөр авах юм бэ?

-Жилийн хоёр хувийн хүүтэйгээр 25 жилийн хугацаатайгаар 20 сая ам.долларыг зээлэх юм.

-Тэгэхээр Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэх нь гэж үзэж болох нь байна. Гэтэл сүүлийн үед сөрөг хүчнийхэн “Монгол Улсын өр хэрээс хэтрэх төслүүдийг олонхи оруулж ирж байна” гэсэн шүүмжлэлийг хийх болсон. Мөн “Сангийн сайд байхгүй байхад олонхиороо далаагаад 2014 оны Төсвийн төслийг УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчиж хэлэлцэж байна” гэж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

Манайх шиг улс орны хувьд урт хугацааны өрнөөс айж цочоод байх асуудал байхгүй.

-Жил бүрийн өдийд Олон улсын валютын сангийн хурал болдог. Тэр нь заримдаа улсын төсөв хэлэлцэж байгаа үетэй давхцаж, заримдаа зөрж л байдаг. Энэ нь улс орон бүрийн Сангийн сайд нар зайлшгүй оролцдог л хурал шүү дээ. Зөвхөн манай улсын асуудал биш. Олон улсын валютын сан бол манай улсын эдийн засаг, санхүүд нөлөөлөх хэмжээний томоохон байгууллага.

Тиймээс үүнийг нэг их улс төржүүлээд байх шаардлагагүй биз дээ гэж сөрөг хүчнийхэнд хэлмээр байна. Сангийн сайд Ч.Улаан ирчихсэн хуралдаа суу­гаад л явж байна билээ. Улсын өртэй холбоотой асуудлыг ч гэсэн хэтэрхий улстөржүүлээд байх шаардлага байхгүй. Өнөөдрийн нөхцөл байдлыг шинэчлэлийн Засгийн газар бий болгочихоогүй шүү дээ.

Олон жилийн ужиг, өрийн хуримтлал, эдийн засгийн гажуудлаас болж нөхцөл байдал өнөөдөр хүндэрч байгааг хаана, хаанаа л мэдэж байгаа. Тиймээс шинэлчлэлийн Засгийн газар л бүх юмны буруутан мэт ойлголт төрүүлэхээ болимоор байна. Хэн аль үед ямар үүрэг хариуцлага хүлээж байснаа сөрөг хүчин дандаа санаж байх ёстой. Тэд өнөөдөр бий болоод байгаа эрсдэлтэй, сөрөг нөхцөл байдлыг бий болгоход ямар үүрэг гүйцэтгэсэн юм. Сайн зүйл бий болгоход ямар гавьяа байгуулсан юм.

Аль, алийг нь л хардаг байх ёстой. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ороолгох нь шударга бус биз дээ. Үүнтэй ижил­хэн өмнө нь бий болгосон бу­руу менежментээс үүдсэн эдийн засаг санхүүгийн хямралаас бий болсон эрсдлийг бүгдийг нь шинэлч­лэлийн Засгийн газар дээр овоолоод байх юм бол утгаа алдана биз дээ. Тиймээс асуудлыг эрүүл саруул ухаанаар харах ёстой.

Өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгох алдааг хийж байсан тэр л хүмүүс өнөөдөр УИХ-д сөрөг хүчин болчихсон сууж байгаа. Тэр хүмүүс өөрсдийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс өрийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх асуудал дээр аль болох хариуцлагатай, шударга хандах хэрэгтэй. Урт хугацаанд төлөх өр аль ч улс оронд байдаг. Ниймийн хөгжил, эдийн засгийн үйл ажиллагааны явцад өр байнга л байдаг асуудал шүү дээ.

Манайх шиг улс орны хувьд урт хугацааны өрнөөс айж цочоод байх асуудал байхгүй. Ийм уудам нутаг дэвсгэртэй, байгалийн асар их баялгийн нөөцтэй улс орны хувьд бид бодлогоо зөв явуулаад менежментээ зөв хийгээд явах юм бол бид ямар ч эрсдэл, асуудлыг даваад гарах бүрэн чадалтай.

-Тэгэхээр та үүсэж болох байсан эдийн засгийн хямралаас шинэчлэлийн Засгийн газар урьдчилан сэргийлж чадсан гэж хэлэх гээд байна уу?

-Шинэчлэлийн Засгийн газар хэд, хэдэн томоохон арга хэмжээ авсны үр дүнд эдийн засаг хямрах байсан асуудлаас сэргийлж чадсан. Тухайлбал, шатахуун, махны үнийг тогтвортой барьж чадсаны хү­чинд өнөөдрийнхөөс хэд дахин нэмэгдэж болох байсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, өнөөдрийн түвшинд барьж чадсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Сүүлийн үед танай намын дотоод асуудал нэлээд хурцдаж эхэлсэн. Тухайлбал, жигүүр хүр­тэл байгуулагдчихлаа. Тэд жил бүр ротацийн сонгууль хий­хийг намын дүрмээс хассанд дургүйцлээ илэрхийлж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Намын дүрмийн зөрчил байгааг би хувьдаа үгүйсгэхгүй.

-Намын дүрмийн зөрчил байгааг би хувьдаа үгүйсгэхгүй. Тиймээс тэр асуудлыг хөндөж, шаардлага тавьж байгааг зөв гэж харж байгаа. Жигүүр байгуулах замаар зохион байгуулалтад орж шаардлага тавьж байгаа нь тухайн хүмүүсийн л асуудал байх. Энэ талаар би нэг их мэдээлэлгүй байна.

Ер нь бол аль ч улс, улс төрийн нам, байгууллага дотоод дүрэм, журмынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэр л зарчмаар Ардчилсан намынхан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Тиймээс гишүүдээс тавьж байгаа шаардлага, саналыг зөв гэж үзэж байгаа.

-Танай намын зарим гишүүн намын дарга болон бүлгийнхээ үйл ажиллагаанд нэлээд шүүмж­лэлтэй хандах болсон. Үүнээс нь болоод танай намынхан бо­лон намын бүлгийнхэн шүүмжлэгчдийг гадуурхаж эхэлсэн гэх мэдээлэл явах боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ. Намын бүлгийн яг одоогийн уур амьсгалыг то­дорхойлооч гэвэл?

-За даа, наад яриа чинь үнэхээр худал л гэж хэлэх байна. Ардчилсан намын гишүүд намынхандаа ял­гаварлан гадуурхагдаад байдаг асуудал байхгүй шүү дээ. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн дунд тийм асуудал байгаа гэвэл худлаа ярьсан болно. Манай намын гишүүд чинь жаахан билэг танхай гэх юм уу даа. Аливаа асуудалд ил тод, нээлттэй байдлаар ханддаг.

Эрх чөлөөний үнэ цэнийг дэндүү сайн мэддэг хүмүүс шүү дээ. Тиймээс өнөөдөр хэн нэгнээр хэлэх гэсэн үгээ заалгаад, эрхээ хаалгаад, хэн нэгэнд гадуурхагдаад явах хүмүүс биш л дээ. Тэгээд ч хэн нэгэн гишүүнээ ялгаварлах нь Ардчилсан намын мөн чанартай таарахгүй асуудал.

-“Засгийн газрын зарим сайд нарыг ажлаа хийж чадахгүй байна” гэдэг яриаг сөрөг хүч­нийхэн гаргаж, огцруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Танай намын зарим ги­шүүн ч үүнийг хүлээн зөв­шөө­рөхөөс татгалзахгүй байгаа юм билээ. Та Засгийн газрын ги­шүү­ний хувьд тэдний байр суу­рийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Өнгөрсөн нэг жилийн хуга­цаанд шинэчлэлийн Засгийн газар багагүй ажлыг хийж, амжуулсан гэж би харж байгаа. Яамд маань зорилго, үйл ажиллагааныхаа чиг­лэлийг тогтоож, сууриа тавьж, цаашид асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгээ тодорхойлж чадсан. Энэ бол маш том амжилт байсан. Бэрхшээл байгаа юу гэвэл байгаа.

Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахад тийм ч таатай нөхцөл биднийг утгаагүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Нэг их наяд гаруй төгрөгийн өртэй Засгийн газрыг хүлээж авсан. Ихэнхийг нь нийгмийн хамгааллын чиглэлийнх эзэлж байсан. Бид тэр бүгдийг цэгцлээд явж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.