Мэндчилгээ
74 жилийн ойн халуун баярын мэндийг хүргье
2013.10.18

Мэндчилгээ

Монгол Улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 74 жилийн ойн халуун баярын мэндийг энэ салбарт ажиллаж буй үе үеийн геологич, геофизикч, гидрогеологич, өрмийн инженерүүд болон бусад инженер-техникийн ажилтнууд, ахмад настнууд, эрдэмтэд, оюутнууд та бүхэнд дэвшүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн яамнаас 2024 он хүртэлх Төрөөс эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичиг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлээд байна. Мөн Монголын геологийн салбарыг хөгжүүлэх үүднээс Үндэсний геологийн албыг байгуулах төслийг боловсруулаад байгаагаас гадна Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, Хатуу ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалыг шинэчлэн боловсруулан холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Монгол орны геологийн тогтоцыг нарийвчлан судлах, ашигт малтмалын орд, илрэлийг нээн илрүүлэх, тэдгээрийн тархалтын зүй тогтол, хэтийн төлвийг судлан, нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны түвшинг дээшлүүлж Монгол орны геологи эрдэс баялгийн мэдээллийн санг баяжуулан, улмаар нөөц, баялгийг өсгөн нэмэгдүүлэх, ирээдүйн уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор жил бүр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологи судалгааны ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ирсэн билээ.

Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, Улсын геологийн зураг 200, Газрын ховор элемент гэх зэрэг сэдэвчилсэн судалгааны ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө биелүүлж түүнд зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг өмнөх оныхтой харьцуулбал 80 хувиар нэмэгдүүлж нийт 7.3 тэрбум төгрөгт хүргэн улмаар, 2014 онд салбарт хэрэгжүүлэх төслийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Эрхэм хүндэт геологич таны ажил хөдөлмөр тань арвин, ахуй амьдрал тань өөдрөг, сайн сайхан байж эрүүл энх, аж жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай сайд Д.Ганхуяг