2013.10.19

Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй танилцсан талаар мэдээлэл хийв

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалттай бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал дүгнэлт гаргах, мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг  УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулсан бөгөөд Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Арвин ахалж байгаа юм.

Тус ажлын хэсгийн гишүүд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн  зарим сумдын  алтны компаниудын үйл ажиллагаатай танилцсан талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Гишүүдийн зүгээс өмнө нь байнгын хорооны тогтоолоор удаа дараа  байгуулагдаж байсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар алтны компаниудад ямар ч ажил хийгдээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.

Түүнчлэн урт нэртэй хууль хоёр Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд яригдаж байж батлагдсан. Энэ хууль бол  эх орны язгуур эрх ашиг, амьдрах газар нутгийн маань ус, хөрс, агаар нь цэвэр байх, хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэгдсэн хууль.

Сонгууль болохоор бүх нам, улстөрчид байгалиа хамгаална, байгальд ээлтэй орчин бүрдүүлнэ гэж ярьж байгаад гарч ирдэг ч өнөөдөр энэ тал дээр  хийж хэрэгжүүлсэн зүйлгүй, алтны компаниудын лоббинд автаад хуулийнхаа эсрэг зүйл хийж байна.

Хуулийг дагаж гарах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, харин урт нэртэй хуулийн үг, өгүүлбэрт ямар ч өөрчлөлт оруулахгүй гэж байгаа ч цаагуураа энэ нь бодит байдалтай нийцэхгүй байгаа учраас хууль санаачлагчдыг хуулиа эргүүлэн татаж авахыг уриаллаа