Энхбаяр.Ж Энх-Амгалан.Л 2013.10.21 | Телевиз: NTV

Монгол улс бүтээгч биш хэрэглэгч үндэстэн болчихлоо

NTV телевизийн “Гурамсан холбоо” нэвтрүүлгээр улсын төсөв, мөнгөний бодлогын талаар ярилцлаа. Нэвтрүүлгийн зочдоос УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан нарын байр суурийг онцлон хүргэж байна.

-УИХ дээр төсөв ярьж байгаа. Өнөөдрийн төсвийн ярилцлагыг дүгнээд хэлэхэд ямар түвшинд хүрээд байна вэ?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-2013 оны батлагдсан төсвийн хэрэгжилт нилээн бүдгэрсэн. Тавьсан зорилтоо биелүүлж чадсангүй. Тиймд Монгол улсын төсөв 1,5 их наядаар тасарч, төсвийг дахин тодотгохоос аргагүй байдалд орж, түүнийг тойрсон асуудал дээр бид цагаа барж байна. Өмнө нь монголын эдийн засаг тогтмол өсөлттэй байсан.

Орлого нэмэгдэж, нөөц бий боллоо, үүнийг дахин зарцуулж, эдийн засагт оруулах асуудлаар тодотгол хийж байсан бол энэ удаа орлого байхгүй. Үндсэндээ зорьсон зорилтоосоо 1,5-аар орлого дутсан. Хэрэгжүүлэх ёстой ажлаа хийж чадсангүй. Тиймээс хасах, гутранги тодотгол хийж байна.

-Төсвийн төлөвлөгөө муу байсан уу. Үнэхээр болохгүй болоод тасалдсан юм уу?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-2013 оны төсвийн төлөвлөлт үндэслэл, тооцоо судалгаа муутай хийгдсэн. Төсвийг баталж байхад хэт өөдрөг төсөв байна гэдгийг хэлж байсан. Манай хамгийн том худалдан авагч Хятадын эдийн засагт 2013 онд тодорхой өсөлт харагдсангүй.

Л.Энх-Амгалан: 2013 оны төсөв яригдахад МАН-ын бүлэг байгуулагдаагүй, МАН-аас сонгогдсон УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой гишүүдийг тухайн байнгын хороонд нь оруулаагүй байсан.

Тэгэхээр энэ онд орж ирсэн төсвийн орлого тал нь экспорт. Экспортод хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл нь уул уурхайн эрдэс баялгийн бүтээгдэхүүнүүд байгаа. Уул уурхайн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийхээ зах зээлийн үнэ, экспортлох хэмжээг нь өндөр авсан.

Мөн төсвийн орлого тасрахад хамгийн гол нөлөө үзүүлсэн зүйл нь 474 тэрбум төгрөгийг Оюутолгойн гэрээний өөрчлөлт хийгээд төсөвт оруулж ирнэ гэдэг нөхцөлт үүргийг Засгийн газар аван, төсөвт оруулж ирсэн нь хамгийн том алдаа. 2013 оны төсөв яригдахад улс төрийн тухайн үеийн нөхцөл байдал МАН-ын бүлэг байгуулагдаагүй.

МАН-аас сонгогдсон УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой гишүүдийг тухайн байнгын хороонд нь оруулаагүй байсан. Ийм нөхцөл байдалд МАН-аас сонгогдсон гишүүд үгээ хэлэх, МАН-ын бүлгийн дүгнэлт гаргах, хяналт тавих бололцоог нь олгоогүй.

-Яагаад монголд бизнесийг хүлээн зөвшөөрсөн бодлого явахгүй өдийг хүртэл яваад ирсэн гэж бодож байна вэ?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Ж.Энхбаяр: Монгол улсын төсөв 1,5 их наядаар тасарч, төсвийг дахин тодотгохоос аргагүй байдалд орж, түүнийг тойрсон асуудал дээр бид цагаа барж байна.

-Монгол улс маань бүтээгч биш хэрэглэгч үндэстэн болчихлоо. Нийт хэрэглээнийхээ 90 хувийг импортоор авдаг буюу гаднаас хамааралтай болж эхэлж байна. Импортоо юунаас хангаж байна гэхээр бүтээж байгаа юмгүй бэлэн газар ухаж, алт, мөнгө, нүүрс, төмрөө зарж байна.

Монгол улс хэрэглээний огцом өсөлтөд орчихлоо. Монголын бүх өрх, иргэн асар их зээлийн өрөнд орж байна. Хэрэглээ хоёр жилийн дотор гурав дахин өссөн. Хэт хэрэглэгч болсноор импортоо өдөөгөөд, 2012 онд гэхэд 6,7 тэрбум долларын импорт хийсэн.

Үүнтэй холбоотойгоор Монгол улс бүтээж буй баялаг буюу экспортод гаргаж байгаа орлого, бидний хэрэглэж байгаагийн зөрүүнд 2012 онд 3,4 тэрбум долларын алдагдалтай. Түүнийгээ гадны шууд хөрөнгө оруулалтаар, зээлээр нөхөж явсан.

-Яагаад бид хэрэглэгч болчихов?

Монгол улсын үйлдвэрлэлийн хүчин чадал, мэргэжилтэй боловсон хүчний нөөц 1990 оныхоо түвшинд одоо болтол хүрч чадаагүй. Бид маш том нийгмийн шилжилт хийж, аж үйлдвэрлэлийнхээ бүтээгч бааз сууриа бүгдийг нь задалж үндсэндээ устгасан.

Энэ дээр томоохон бодлогын алдаа гарсан. Аливаа үндэстэн нэмэн өртөг бий болгосноор урагшаа хөгждөг. Бид улс төрийн шинэчлэлээ зөв хийсэн ч, эдийн засгийн хувьд нилээн хүчтэй алдаа хийсэн.

-Бид яагаад юу ч бүтээхгүй, гадагшаа юу ч гаргахгүй өдий болтол явчихсан бэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Эдийн засгийн бодлого, төлөвлөлт, стратеги гэдэг зүйл байхгүй болчихлоо. Манай улсын эдийн засаг сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгтэй эдийн засаг болоод байна. Сонгууль дөхөхөөр улс төрийн намуудын биелэх, биелэхгүй амлалтууд бий болдог.

Манай улсын эдийн засаг сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгтэй эдийн засаг болоод байна.

Хөрөнгө оруулалтын орчин өнөөдрийг хүртэл тогтворжихгүй байгаа шалтгаан нь төрийн бодлогын залгамж халаа үгүй болсон. Нэг нам гарч ирээд нөгөө намынхаа бодлогыг үгүйсгэдэг. Өнгөрсөн 2012 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахад нийт ард түмний саналын 40 гаруй хувийг авсан. Өнгөрсөн сонгуулийн үр дүн бол аль нэг нам ялаагүй.

Аль ч нам УИХ-д олонхи болоогүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр ард түмэн тэнцүүлж байгаа нэг нь 40 арай илүү хувь, нөгөөх нь 40 орчим хувийн санал авсан намын мөрийн хөтөлбөр дээр аль аль намынхаа мөрийн хөтөлбөрт оруулах ёстой зүйлүүдийг оруулахгүй байгаагаас, зөвшилцөл байхгүй байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...