Д.Батбилэг: Хан-Уул дүүрэг  сэрж,  урам зориг дүүрэн байна
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг
2013.10.23

Д.Батбилэг: Хан-Уул дүүрэг сэрж, урам зориг дүүрэн байна

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй орон нутгийн хөгжлийн гарцын талаар ярилцлаа.

-Шинэчлэлийн засгийн газраас орон нутагт төсвийн эрх мэдлийг бага багаар шилжүүлж буй. Энэ жилийн хувьд сум хөгжүүлэх сангийн мөнгийг танай дүүрэг хэрхэн хуваарилж, юунд зарцуулсан бэ. Үнэхээр иргэдийн санаа бодлыг авч чадсан уу?

Энэ жилийн хувьд орон нутгийн төсвийн мөнгийг бид хуваарилж чадсан. Манай дүүрэгт орон нутаг хөгжлийн санд хоёр тэрбум гаруй төгрөг ирсэн. Иргэдээс санал авсаны дагуу эхний ээлжинд 600 сая төгрөгөөр цэцэрлэг барихаар болсон. Үлдсэн мөнгийг нь нийт 16 хороондоо хуваасан.

-Хороодод мөнгийг хэрхэн хуваарилж, ямар зүйлд хөрөнгө зарсан бэ?

Хүн амын тоог өрхийн тоотой нь харьцуулж хуваах нь зөв гэж шийдсэн. Энэ бол  хамгийн зоримог, ухаалаг шийдвэр байсан.

Ер нь Хан-Уул дүүрэг дандаа анхдагч байдаг. Энэ ч утгаараа 2010 онд анх Иргэний танхимыг дүүрэгтээ байгуулсан. Одоо ч гэсэн бид явуулын иргэний танхимыг санаачилж, төвөөс алслагдсан 25-30 км зайд байрлах гурван хороодод ажиллуулсан. Сум хөгжлийн сангийн хөрөнгийн хүрээнд иргэдээс нийт 58 төслийн санал ирүүлсэнээс 80 гаруй хувь нь одоогийн байдлаар хэрэгжээд явж байна.

Иргэд өөрсдөө зохион байгуулалтад ороод 3-5 хүн нэгдэж бүлэг болоод 20 сая хүртэлх төгрөгийн төсөвтэй төсөл бичиж бидэнд ирүүлсэн.

-Иргэд хорооныхоо асуудлыг шийдэхдээ төсөл бичсэн юм байна. Тухайлбал ямар ажлуудыг санаачилж хийсэн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

Олон ажил явагдаж байна. Тухайлбал есдүгээр хороонд ногоон байгууламж, хүлэмж барьсан. 14 дүгээр хороонд булаг шандыг хамгаалсан. 10 дугаар хорооны 43 дугаар байрны замын өргөсгөсөн. Мөн одоо гуравдугаар цахилгаан станцын ард автобусны буудал барихаар болсон.

 Иргэд өөрсдөө санаачлаад хийж байгаа болохоор урам зориг нь нэмэгдэж, яг хүртээлтэй зүйлийг хийдэг.

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ төсөлд эргээд ямар хяналт тавьж байгаа вэ?

Хяналт байлгүй яах вэ. Хүмүүс маань Иргэдийн нийтийн хурлаасаа бүлэг болоод хуваагдаж ажилласан. Бид Үндсэн хуулиа барьж ажиллаж байгаа. Аливаа ялгаварлан гадуурхалтаас зайлсхийдэг.

-Та дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр өмнө нь ажиллаж байсан туршлагатай. Та орон нутгийнхаа хөгжлийн үндсийг юу гэж харж байна вэ?

Нийслэлийн хүн амын 10 хувийг Хан-Уул дүүргийн хүн ам эзэлж байна

Иргэдээ хөгжүүлэх нь хамгийн гол үндэс суурь. Хүний хөгжил хамгийн чхуал. Иргэд маань маш ухамсартай, орон нутгаа хайрладаг, эдийн засгийн чадавхи байвал орон нутаг хөгжинө.

Манай дүүрэгт ид бүтээн байгуулалт өрнөж байна. Тэгэхээр бид л хичээвэл боломж их. Хан-Уул дүүргийг дайрч хурдны зам тавигдана. Зам дагаж хөгжил гэдэг дээ.

Мөн дахин төлөвлөлт явагдах гэж байна. Энэ бол том ажил. Дахин төлөвлөлтийн Яармагийн гүүрнээс эхлүүлнэ.

-Иргэний танхим нь хамгийн идэвхтэй ажилладаг ямар хороо байдаг вэ. Цаашид идэвхжүүлэхийн тулд ямар ажил зохиох вэ?

Хоёр болон наймдугаар хороонд Азийн хөгжлийн сангаар иргэний танхим нь байгуулсан. Манай иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид нэлээн залуужсан. Маш идэвхтэй ажилладаг. Бид нар нэг л зарчимтай. Иргэдийнхээ л төлөө ажиллана.

Наймдугаар хороо бол жишиг хороо. Одоогийн байдлаар хороодын түвшинд иргэд гэрэлтүүлэг, камержуулалтыг хүсэх болсон. Саяхан бид эмнэлэгт хулгай гарч байна гэсэн мэдээллийн дагуу камер суулгасан. Гэх мэтээр цаг тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд

Туул голын дагасан нийт 50-иад арьс ширний үйлдвэр бий

маань Туул голоо эрүүл болгохын тулд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Тэд эрүүл орчинд амьдрахыг хүсч байна. Голоо хамгаалж, голын хөвөөгөөр бичил цэцэрлэгүүдийг байгуулах санал гаргасан. Хан-Уул дүүрэг маань сэрж, маш их урам зоригтой болсон.

Элдэв сонгуулийн цикль дууслаа. 2014-2015 он бол бүтээн байгуулалтын жил байх болн.  

-Танай дүүрэг хуучин үйлдвэрийн район байсан, үйлдвэржилтийн бааз суурьтай. Танай дүүргийн эдийн засгийн чадавхийг хэрхэн бэхжүүлэх ёстой гэж боддог вэ?

Хөгжсөн орнуудад үйлдвэрүүд нь хотынхоо төвөөс захдуу байрладаг. Гэхдээ бид үйлдвэрийнхээ бааз суурийг ашиглаж, дүүрэгтээ жижиг дунд үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх ёстой гэж боддог.  

Сүүлийн үед 12,13 дугаар хорооны айлууд фермер байдлаар мал аж ахуй эрхэлж байгаа. Тиймээс дүүргийнхээ хөгжлийг цаашид механикжсан, үйлдвэржсэн хөгжлийг дэмжинэ.

Манай дүүрэгт нэг дутагдалтай зүйл нь томоохон худалдааны төв байдаггүй. Бидний алсын зорилго бол дүүрэгтээ парк хүрээлэн, аялал жуулчлалын төв болон худалдааны төвийг байгуулна. Дэд бүтэц сайжирч байгаа учраас барилгажилт нэмэгдэх төлөвтэй байна. Саяхан есдүгээр хороонд цэвэрлэх байгууламж баригдсан. Ялангуяа манай дүүрэгт дунд үйлдвэрлэл хөгжих боломж байна.