УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.10.25

О.Баасанхүү: Манай тэрбумтнуудын хөрөнгө монголд байна уу, гадаадад байна уу

УИХ-ын чуулганы /2013.10.24/-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Төсөв орлого зарлагаас бүрдэх ёстой. Сангийн хөрөнгийг орлого гэж үзээд байна уу, зарлага гэж үзээд байна уу? Эсвэл зүгээр татвар төлөгчдийн мөнгийг юм уу, гадны төслөөр тусад нь гаргаад шийдэх гээд байна уу?

Хоёрдугаарт үндэсний аудитын газраас тодруулахад он дамжсан төсөв гэдэг жагсаалт Ерөнхий сайд өгсөн. Үүнд 30 сургууль, 19 цэцэрлэг, 10 дотуур байр зэрэг нийгмийн шинжтэй зүйлүүд байна. Энэ мэдээлэлд аудитын дүгнэлт хийгдсэн үү? Жагсаалтын талаар ямар нэгэн мэдээлэл байна уу гэж асуумаар байна.

Мөн гадаадад асар их мөнгө байдаг гэж ойлгодог. Сангийн яамнаас хийсэн судалгаа бий юу? Төсөв ярьж байгаа үед үүнийг яах ёстой вэ? Манай тэрбумтнуудын хөрөнгө монголд байна уу, гадаадад байна уу? Сангийн яам гадагшаа байгаа ялангуяа уул уурхайн хөрөнгийг гадны биржээр зарсан нэрээр хэсэг нөхөд баяжаад байдаг. Монголд юу ч орж ирдэггүй юм уу? хэмээн асуулаа.

Сангийн сайд Ч.Улаан:

Сангийн сайд Ч.Улаан

Төсвийн тусгай зориулалтын батлагдсан 37 сан байгаа. Дээр нь гурван сан шинээр бий болгохоор шийдвэр гарсан. Ингээд 40 сан байгаа. Эдгээр сангуудын агуулгыг нь өөрчлөөд одоо бол сан гэдэг нэрээр эх үүсвэрийг зориулалтгүй тусгаарлаж аваад төсвийн хэрэгжилтийн явцад зориулалт оноож зарцуулдаг ийм зарчим байгаа.

Үүнийг бид өөрчилж засгийн газрын тусгай зориулалтын санг дотор нь авч үзээд үнэхээр хөрөнгө тусгаарлах шаардлагатайг нь сан хэлбэрээр үлдээе. Төсөвт оруулж ирээд төсвийн үүрэг болгон, орлого, зарлагад нь тусгаад явах нь тусгай зориулалтын санг данс болгон оруулж ирэх гэдэг агуулгаар өөрчлөлт хийхээр санал боловсруулагдаж байна.

Гол нь сангуудын хөрөнгийг тусгаарлаж авдаг асуудлыг өөрчлөөд төсөвт оруулж ирээд хөтөлбөрт нь зорилтоо дэвшүүлээд орлогоо зарлагаа хамтад нь уялдуулж байгаад зарцуулдаг болох хэлбэр лүү оруулж байна. Энэ утгаараа төсвийн тусгай зориулалтын сангийн өөрчлөлт шинэчлэлт ач холбогдолтой гэж үзэж байгаа. Мөн гадна байгаа хувийн тэр их хөрөнгийг тооцдог мэдээллийн систем байхгүй. Бид үйл ажиллагааны татвараас тооцоо хийдэг.

Ерөнхий аудит А.Зангад

Үүнээс өөр гадаадад байршиж байгаа хөрөнгийн судалгаа байхгүй, түүнийг хийх нөхцөл ч хязгаарлагдмал байна. хэмээн хариулсан бол Ерөнхий аудит А.Зангад  “2014 он руу шилжиж байгаа хөрөнгө оруулалтын объектуудын талаар эхний ээлжийн судалгаа гараад мэдээлэл гарсан. Нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа. Үүнд байршил, зориулалт, эхэлсэн дууссан оноор нь төсөвт өртгөөр нь судалгаа хийгдэж байгаа”.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  дахин “Хуучин төсөвт байсан гэхээр орлого гэж үзэж байсан уу?, зарлага гэж үзэж байсан уу? гэдгийг л асуугаад байна. Эсвэл тусдаа данстай явж байсан уу?”  хэмэн асуулаа.

Үүнд  Сангийн сайд Ч.Улаан “Тусгай зориулалтын сангийн орлогыг орлогод, зарлагыг зарлага талд нь аваад уялдуулж явдаг. Энэ бол төсвийн аль алинд нь хамаардаг. Харин гадаадад хөрөнгийн зах зээлд босгож байгаа хөрөнгө улсын төсөвт орж ирэх мөнгө биш. Энэ бол хөрөнгө оруулагчдын өөрсдийн босгосон хөрөнгө оруулалт. Үүнийг төсөвт оруулдаг зарчим байхгүй” хэмээн хариуллаа.