Л.Отгонбаяр: Мөнгөгүй байсан ч орон нутаг сайн засаглалтай бол хөгжинө
“Монголын дотоод аудиторуудын институти”-ын Ерөнхийлөгч Л.Отгонбаяр
2013.10.26

Л.Отгонбаяр: Мөнгөгүй байсан ч орон нутаг сайн засаглалтай бол хөгжинө

“Монголын дотоод аудиторуудын институт”-ын Ерөнхийлөгч Л.Отгонбаяртай орон нутгийг хэрхэн хөгжүүлэх ёстой талаар ярилцлаа. Тус институт нь компанийн засаглал тэр дундаа дотоод аудит, хяналтыг дэмжин урамшуулах, бизнесийн ёс зүйн түгээмэл хэм хэмжээг нийтэд төлөвшүүлэх зорилго бүхий төрийн бус олон нийтийн байгууллага юм.

-Орон нутгийн хөгжилд компанийн засаглал, бизнесийн ёс зүй чухал үүрэгтэй юу?

Төсвийн хуулиар 2013 оны 1 сарын 1-нээс төсвийн төвлөрлийг задлах үүднээс аймаг,сум орон нутагт төсвийг захиран зарцуулах эрх өгсөн.

Нэг сумын засаг дарга хамгийн багадаа сум хөгжүүлэх сангаар 241 сая төгрөгийг төсвөөс гадна зарцуулж байгаа. Цаашилбал 300-400 сая төгрөг ч зарцуулж буй сум бий. Гэтэл сумын засаг даргыг хэн хянаж байна вэ?

Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд төсвөө хянадаг болно гэсэн ч амьдрал дээр хэрэгжихгүй байна.

-Яаж хэрэгжүүлэх вэ. Хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?

Иргэдийн хяналтын тогтолцоог бүрдүүлж өгөөгүй учраас хянах боломжгүй, хянаж чадахгүй байгаа юм. Хянана гэчихээд яаж хянахыг нь зааж өгөөгүй.

Аливаа хяналтыг сайн засаглалаар шийддэг. Гэхдээ харамсалтай нь газар төрийн өмч учраас хэн ч хянахгүй гэдэгтэй адил төсвийн захирагчдыг ард түмэн хянаж чадахгүй байна.

“Дотоод Аудитын хувьсгал эхэллээ” форумыг Монголын Дотоод Аудиторуудын Институт, МҮХАҮТанхимтай хамтран 2011 оны 11 дүгээр сард зохион байуулсан

Тэгэхээр засаглалыг хуульчилж өгөх ёстой. Хуульчилж өгөхгүйгээр иргэд өөрсдөө хянана гэхээр цоожтой хаалга л мөргөж байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд дотоод аудиторын хороог төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэд 5-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна гэсэн хуулийг мөрдөх хэрэгтэй.

Хууль нь байгаа ч хэрэгжүүлэхгүй байгаа юм шүү дээ. Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоолууд, Сангийн сайдын тушаалаар Төсвийн ерөнхийлөн захирагч бүр аудитын хороо, дотоод аудитын нэгж байгуулж, дотоод аудитор ажиллуулах ёстой.

Түүнчлэн Компанийн тухай хуулиар Хувьцаат компани болон Төрийн болон Орон нутгийн өмчит бүх байгууллагууд ТУЗ-н дэргэд хараат бус гишүүд бүхий аудитын хороо, дотоод аудитын нэгж байгуулж, дотоод аудитор ажиллуулах үүрэгтэй.

-Аудитын хороог байгуулсанаар төсвийн хяналт сайжирч төсвийн үрэлгэн байдал, үйлчилгээний хүртээмж иргэдэд очих нь гэж ойлгож болох уу?

Мэдээж. Гэхдээ хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Төсвийн хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг албан тушаалаас нь халах хангалттай үндэслэл. Мөнгөний асуудал бол том сонирхол.

Өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжилд саад болоод байгаа зүйл нь муу хяналт, муу засаглал.

Орон нутаг муу засаглалтай байна

Орон нутаг муу засаглалтай байна. Орон нутагт сум хөгжүүлэх мөнгө, төсөв, янз бүрийн төсөл, арга хэмжээ хөтөлбөрүүдэд тухайн оршин буй иргэдийн ямар ч хяналт алга. Хяналтгүй учир засаг даргыг тойрсон нөхдүүд, намынхан завшиж, өөрсөддөө ашигладаг.

Тиймээс аудитын хороог байгуулах хэрэгтэй. Хороо есөн гишүүнтэй байна гэвэл гурав нь засаг даргатай ямар ч хамааралгүй хараат бус гишүүд, мэргэшсэн дотоод аудиторууд байх ёстой.

-Засаглал нь болохгүй байгаа учраас асуудлууд гарч байгаа. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг нэмсэн ч байдал өөрчлөгдөхгүй гэсэн үг үү?

Тийм ээ. Тогтолцоог нь хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй. Иргэд сумынхаа эмнэлгийн даргыг ч сонгож чадахгүй байхад эмнэлгийн үйлчилгээ сайжрахгүй. Тийм л муу засаглалтай байна. Босоо удирдлагын тогтолцоог халах хэрэгтэй.

Хяналт засаглалыг мөнгөөр шийдэхгүй. Мөнгө шаардлагагүй. Муу засаглал, муу хяналттай байгаа учраас өндөр эрсдэлтэй байна. Эрсдлийг ард түмэн нуруундаа үүрч байна.

-Шинэчлэлийн засгийн газар шууд ардчилал, оролцоог бий болгоно гэсэн. Энэ байдал амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?

Дээрээ зөв яриад байгаа боловч дунд, доод шатандаа зөв хэрэгжихгүй байна. Мөнгөгүй байсан ч сум сайн засаглалтай бол хөгжинө. Суманд засаглал муу бол хичнээн мөнгө байгаад хөгжихгүй.

Тэгэхээр одоо бид цаашид ямар зүйл рүү явж байгаагаа бодох хэрэгтэй. Дандаа л дээрээс бүгдийг зохицуулж, шийднэ гэж харж суух уу. Өнөөдрийн байдлаар манай ерөнхий сайд хороо, дүүргийн засаг даргын шийдэх ёстой нүүрс, түлээний асуудалд хүртэл санаа зовж, бухимдаж байна. Хороон, дүүргийн засаг дарга нь хийхгүй болохоор сэтгэл нь зовоод хийхээс өөр аргагүй. Энэ бол муу засаглалын тод жишээ.