2013.10.28

С.Ганбаатар: Мөнгөнөөс өөр зүйл мэддэггүй арчаагүй улстөрчид байна

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар “Улсын төсөв”-ийн талаар ярилцлаа. Нэвтрүүлгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөтлөн явуулсан бөгөөд түүний байр суурийг онцолж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Төсөв гэдэг хүний толгой эргүүлэхээр зүйл биш. Орлого зарлага л гэсэн үг. Энэ хоёр тэнцэж байх ёстой. Төсөв алдагдалтай батлах нь татварын нэг хэлбэр. Бид хоёр хувийн татвар цаанаа тавьж байна гэсэн үг. Үндсэндээ ирээдүйгээс зөвшөөрөлгүй мөнгө авна гэсэн санаа. Улсын төсвийн орлогод татварын орлого, орон нутгийн орлого ордог.

Зардал нь дотроо урсгал, хөрөнгө оруулалтын гээд хоёр янз. Урсгал зардал нь харьцангуй гайгүй. Хөрөнгө оруулалтын зардал дээр хөөсрүүлэлт, идэж, уудаг зүйл явдаг. Амьдралаас тасархай тооцоо хийснээрээ ирэх жилийн төсөв бас цоорхой. Засгийн газар өнөөдөр мөнгө тарьдаг юм шиг аашилж байна.

Засгийн газар татвар төлөгчид, баялгийг бүтээгч үйлдвэрчинтэйгээ улсын гурван талт хэлэлцээр хийгээд, тэр дүнгээ их хурал ярих ёстой. Төсвөөс хулгай хийх боломжгүй, хулгай хийвэл хохирох хүмүүс төсвийн талаар хэлэлцүүлэг, хэлэлцээр хийх ёстой. Улсын төсвийн зардлыг төлөвлөж, төсөвлөхдөө улсын гурван талт хэлэлцээр хийхийг улс орон даяар уриалж байна.

Үүнийг багш, эмч нар, уул уурхай, төмөр зам гээд бүх салбарынхан хийх ёстой. Парламент дотор ганцаардаад, заримдаа дуу маань хүрдэггүй, заримдаа хүч түрэмгийлүүлдэг энэ олон зүйлүүд дээр бизнесмэнүүд, баялгийг бүтээж, хөдөлмөр эрхэлж буй үйлдвэрчин, ТББ-ууд нь давалгайлан орж ирдэг иргэний нийгмийн оролцоо ус агаар шиг хэрэгтэй.

Монгол орон даяар нийгмийн түншлэл, ойлголцол, зөвшилцөл мандан бадраасай.

Тэр дотор мөнгөтэй гэрлэсэн, дурласан. Мөнгөнөөс өөр зүйл мэддэггүй арчаагүй улстөрчид байна. Эрх мэдэл, мөнгө хоёр тэднийг эвдэж байгаа. Төсөв гэдэг бол тооны, мөнгөний хэлэнд бичсэн хууль. Нийгэмд буй хүмүүс хоорондоо яриад ойлголцсон гэрээг хууль гэнэ гэж байгаа.

Тэрэн шиг баялгийг бүтээж, татвар өгч буй хүмүүстэйгээ мөнгөө яаж зөв зүйтэй зохицуулах талаар яриа хэлцэл хийж, ойлголцдог байдал монголын нийгэмд дутагдаж байна. Засгийн газар хуулийн хэлэнд оруулж бичээд, УИХ нь баталдаг. Хэрэгжүүлэлтэд нь баялгаа бүтээж, мөнгөө өгсөн үйлдвэрчнийхэн, оролцогчид нь хяналт тавих ёстой.

Бизнесменүүд нь амь амиа бодож, нэг нэгээрээ гүйж очин тендер гуйж улстөрчдийг царайчлах биш, тэдэнд хяналт тавьдаг эрүүл нийгмийн түншлэл бидэнд үгүйлэгдэж байна. Монгол орон даяар нийгмийн түншлэл, ойлголцол, зөвшилцөл мандан бадраасай.