Г.Баярсайхан Монголын ХХАА-н үндэсний ассоциацийн төлөөлөлтэй уулзав
УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.10.30

Г.Баярсайхан Монголын ХХАА-н үндэсний ассоциацийн төлөөлөлтэй уулзав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат, ХААИС-ын инноваци, технологи дамжуулах төвийн зөвлөх Г.Батдэлгэр, Х.Лхамсүрэн, Я.Оюунчимэг нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ассоциацийн ерөнхийлөгч Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд ассоциацийнхаа зорилго чиглэл, үйл ажиллагааг танилцуулж аж, ахуй, өрхийн тариаланг дэмжих бодлогын хүрээнд олон ажил хийж гүйцэтгэсэн талаараа ярив.

Цаашид Монголын хүн амыг экологийн цэвэр мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах хүрээнд хот орчмын нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж мах, сүү боловсруулах үйлдвэрүүдийг бүх талаар дэмжиж эрчимжсэн загвар фермерийн аж ахуй бий болгох.

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх загвар өвөл, зуны хүлэмжийн “Агропарк, сургалтын төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулах.
Хүлэмжийн аж ахуй, үүний дотор “Өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуйн төсөл”-ийг Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлэх.

Төрийн цогц бодлого, дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа гэв.

Ассоциацийн гишүүдийн тариалсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг завсрын дамжлагагүйгээр борлуулах цэг зохион байгуулах, төмс, хүнсний ногоо жимс жимсгэнийг нөөшлөх, савлах, ваакумжуулах, жижиг дунд үйлдвэр байгуулах, газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх төрийн цогц бодлого үгүйлэгдэж байгаа төдийгүй эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд төрийн зүгээс дэмжлэг туслалцаа шаардлагатай байгааг хэлэв.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тулгамдаж буй асуудлыг хамтран шийдэж байнгын хорооны зүгээс тусалж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.