Аудитор 2013.10.31 | Сонин: Зууны мэдээ

Л.Отгонбаяр: Төсөв захиран зарцуулагчид Аудитын хороо байгуулахад хойрго хандаж байна

Л.Отгонбаяр: Төсөв захиран зарцуулагчид Аудитын хороо байгуулахад хойрго хандаж байна
Монголын Удирдлагын Нягтлан Бодогчдын Институтийн тэргүүн Л.Отгонбаяр

Аудит ” ХХК, Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт хамтран “Дотоод аудитын шинэчлэлийн чуулган-2013” хэлэлцүүлэг хийхээр болжээ. Энэ талаар Монголын Удирдлагын Нягтлан Бодогчдын Институтийн тэргүүн, “Бизкон Аудит” ХХК-ийн захирал Л. Отгонбаяраас тодрууллаа.

-Хэлэлцүүлгийн тухай асуухаас өмнө тодруулах зүйлүүд байна. Төсвийн тухай хуулиар төсөв ерөнхийлөн захирагч нарт захиран зарцуулах эрхийг нь олгож 2013 оны 1 сарын 1-нээс хэрэгжүүлсэн. Аймаг, сумын Засаг дарга нараас эхлээд төсвөө өөрсдөө захиран зарцуулах боломж нээгдсэн нь сайн ч хэрэгжүүлэлтийн шатанд хяналт ямар байгаа бол?

-Төсвийн тухай хуулиар төсөв ерөнхийлөн захирагч нарт эрхийг нь өгсний зэрэгцээ сум, орон нутгийн иргэдээс хяналтын бүтэц байгуулах эрхийг нь мөн давхар олгосон. Тэр нь аудитын хороо юм. Төсөв ерөнхийлөн захирагч нэг бүрийн дэргэд Аудитын хороо байгуулахыг Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалаар шийдвэрлэсэн.

Энэ оны эхний арван сарын байдлаар Аудитын хороо байгуулж байгаа байдлыг аваад үзэхэд бараг байгуулаагүйтэй адил байна. Аудитын хороо гэж юуг хэлээд байна гэвэл, сумын Засаг даргын дэргэд есөн хүний бүрэлдэхүүнтэй хороог байгуулж, түүний гүрав нь хараат бус аудит, хяналтын талаар мэргэшсэн дотоод аудитор /нам бус иргэдийн төлөөлөл/ байх ёстой.

Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргыг тухайн сумын иргэд нь л хянана гэсэн үг. Аливаа хяналтын тогтолцоо, тодруулбал аудитыг дотор нь гадаад, Дотоод гэж хоёр хуваадаг. Гэтэл манайд өнгөрсөн 20 жил зөвхөн гадаад аудитыг л хийж ирсэн. Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, нийгмийн даатгал, хувийн аудит бүгд гадаад аудит хийдэг.

Гаднаас л ирж шалгах юм шиг бодоод байдгаас дотор нь байгаа тухайлбал, сумын иргэд хяналт тавих тогтолцоог орхигдуулж ирсэн. Тэгвэл дэлхийн жишигт сайн засаглалын хүрээнд, эрсдлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. Дотоод, гадаад аудит хоёулаа байж сайн баталгаа болно шүү дээ.

-Тэгэхээр олонхи газар одоо хүртэл Аудитын хороогоо байгуулаагүй байна гэдэг хууль зөрчсөн гэсэн үг биз дээ. Энэ байдлаар он дуусвал яах вэ?

Аудит ” ХХК, Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт хамтран “Дотоод аудитын шинэчлэлийн чуулган-2013” хэлэлцүүлэг хийхээр болжээ.

-Тэр хүмүүс улсын төсвийг их баяртайгаар хувийн компани шигээ зарцуулчихаж байна. Тэгвэл нөгөө талаас иргэд нь хянах гэхээр тогтолцоог нь бүрдүүлээд өгөх хэрэгтэй шүү дээ.

Тийм биш байгаа учраас тэр нь хууль зөрчсөн хэрэг болж байна. Энэ нь муугаар яривал төсөв ерөнхийлөн захирагч нар гэмт хэрэгтэн болох, сайнаар яривал албан тушаалаа өгөх хангалттай үндэслэл юм. Хариуцлага ярих юм бол бүх аймаг, сумын Засаг даргаас эхлээд салбарын сайд нар дээр асуудал үүснэ.

-Хамгийн гол нь төсөв ерөнхийлөн захирагч нар яагаад хуулиа хэрэгжүүлэхгүй байна вэ?

-Төсөв ерөнхийлөн захирагч нарын дэргэд Аудитын хороо, дотоод аудитын нэгж байх ёстой. Тэр нь яагаад хэрэгжихгүй байна гэхээр янз бүрийн тайлбар хэлдэг.

Түүний нэг нь “Бид мэдэхгүй байна” гэдэг. Тийм бол сургаад өгье, мэдээлэл өгье гэхээр сургалтад суухгүй гэдэг. Мэдэхгүй гэдэг, тэгээд сургалт хийе гэхээр үгүй гэдэг. Яах гээд байгаа нь ойлгомжгүй, байдал ийм байгаа.

-Тэгээд хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдсэн юм уу?

-Нэгэнт сургалтад суудаггүй юм бол хэлэлцүүлэг хийе гэж байгаа юм. Байгууллагыг удирдаж байгаа, нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг бүх албан тушаалтныг хэлэлцүүлэгт хамруулахаар мэдээлэл хүргэсэн. Хэвлэлд ярилцлага өгч байгаа маань ч гэсэн тэдэнд мэдээлэл хүргэх зорилготой юм.

Хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 7-нд “Чингис” зочид буудалд болно. Хэлэлцүүлгээр мэдээлэл өгөх, харилцан ярилцах, тулгамдсан асуудлаа ярих юм.

Сургалтад суугаагүй хүмүүс хариуцлага ярих дараагийн шатанд “Бидэнд мэдээлэл өгөөгүй” гэж хэлэх боломжгүй. Тиймээс хариуцлагаа ухамсарлаж сургалтад идэвхитэй оролцохыг урьж байна. Форумын талаар www.monicia.mn вэб сайт болон 70119107,94009107, 95099107 утсаар авч болно.