УИХ-ын гишүүн С.Баярцогт
2013.10.31

Салбарын эрх зүйн шинэчлэл боловсролынхоо салбартай уялдаж ажиллахгүй байна

УИХ-ын чуулган үргэлжилсээр Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхд гишүүд байр сууриа илэрхийллээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх явцад С.Баярцогт шүүгч болон бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг цаашид тусгай хуульд нэгдсэн байдлаар тусгах, хууль, тогтоолыг ердийн журмаар болон тодорхой хугацаа зааж хүчин төгөлдөр дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

Мөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хуульд орхигдсон нэг зүйл байна. Шүүгч өөрөө хүсвэл өндөр настны тэтгэврээ тогтоолгож болно гэж хуульд заасан байна. Тэгэхээр өөрөө хүсвэл гэдэг үгний цаана шүүгч нарыг өөрөөр нь албадан  хүсэлт бичүүлэх, тэтгэвэртэй гарах цаг нь болчихсон ч гарахгүй ажиллаад байна зэрэг хардлага төрж байна. 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ

Мөн нэг заалт нэмэх саналтай байна. Энэ нь шүүгчээр ажиллаж байсан хүмүүсээ албан тушаалаа өгсөн тохиолдолд өөрөөр хэлбэл нотариатчаар ажиллаад явах боломжтой. Мэдээж бид цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах байраар нь хангаж байгаа тохиолдолд эргээд хариуцлагатай байх тал дээр нь зүйл заалт өгмөөр байна гэсэн санал байна.

Мөн эрх зүйл шинэчлэл гэж яриад хуулиа гэмт хэрэг үйлдсэний дараа биш, гэмт хэргийн тухай ойлголтыг урьдчилан сэргийлэх зорилгоор сургалтыг ерөнхий боловсролын сургууль дээр хийдэг байх. Салбар эрх зүйн шинэчлэл хийж байгаа хэдий ч боловсролынхоо салбартай уялдаж ажиллахгүй байна. энэ тал дээр анхаараачээ гэдэг үүднээс эсэргүүцэж хэлж байгаа” хэмээн дэмжихгүй гэж үг хэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 70.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.