УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.11.01

О.Баасанхүү: Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах тал дээр анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудалд Сангийн сайд Ч.Улаан илтгэл тавьсан. Үүний дараа гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

О.Баасанхүү “Сангийн яамнаас асууж байна. Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах талаар ямар асуудлыг оруулж ирж байгаа вэ? Төрийн албан хаагчдын зээлийн барьцааг чөлөөлөх, илүү бага хүүтэй зээл олгох гэх мэт ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ? Мөн дуусаагүй эмнэлгийг дууссан гэж нэрийг өөрчлөөд оруулж ирдэг байвал яах вэ энэ бол цэвэр хууль зөрчсөн асуудал шүү дээ. Анхнаасаа баригдах төсвийг батлаагүй байхад дуусгана батална гэж яваад байдгийг юу гэж ойлгох бэ? гэж асуулаа.

Үүнд сангийн сайд Ч.Улаан хариулахдаа “Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудал их хүндрэлтэй учир нэгдсэн журмаар шийдэх эдийн засгийн чадавх байхгүй. Тиймээс төсвийн хөрөнгөөр орон сууцны санхүүжилт хийхийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орсон байгаа. Тиймээс найман хувийн хөнгөлөлттэй зээлийг төрийн албан хаагчдад илүү олгох оновчтой хэлбэрийг олох нь зүйтэй гэж бодож байна.

Харин хөрөнгө оруулалтын объектын хувьд УИХ-аар нэр зааж баталж байгаа учир өөрчлөлт оруулахыг их хурлын шийдвэрээр хийнэ. Явцын дунд засгийн газар хууль зөрчиж нэрийг өөрчилсөн асуудал байхгүй. Санал боловсрогдоод тодотголд ганц нэг объектын нэр өөрчлөгдсөн”.  

О.Баасанхүү гишүүн үргэлжлүүлэн “Төрийн албан хаагчдын эмнэлгийг улсын мөрдөн байцаах гэж өөрчилсөн үү үгүй юу гэдгийг мэдмээр байна. Мөн тагнуулын байгууллагын барилгыг яах гэж байна вэ? энэ бол улсын нууцтай шууд холбоотой. Гэтэл хэвлэлээр аж ахуй нэгжид зарна гэсэн мэдээлэл гарсан улсын нууцыг мөнгөөр худалдах гээд байна уу гэдгийг тайлбарлахыг хүслээ.

Сангийн сайд Ч.Улаан “Төсвийн тодотгол батлагдахад объектын нэр өөрчлөгдөж хуулиар баталгаажсан байгаа. Тагнуулын ерөнхий газрын байрыг мэргэжлийн байгууллага ажиллаад цаашдаа зориулалтаар нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс энэ асуудлыг яах вэ гэдэг дээр санал гарсан юм. Үүнийг мэргэжлийн байгууллага шийдэх учиртай" хэмээн хариуллаа.