Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.11.01

Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-11-01/ үдээс хойшхи хуралдаанд Чингис бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаар Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг сонслоо.

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд эхлээд “Чингис бонд”-ын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм.

“Чингис бонд”-ын хөрөнгөөс Засгийн газрын тогтоолуудаар авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, техник технологийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг салбаруудын 204 төсөлд 2.0 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан ба үүнээс 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 837.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Харин өнөөдөр буюу 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 930 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна гэдгийг Ерөнхий сайд тодотгоод, санхүүжилт хийгдээд буй төсөл, хөтөлбөрүүдийг тус бүрээр нь тайлбарлан танилцуулав.

Авто замын төсөл хөтөлбөр энэ жилийн хувьд 1800 гаруй км зам дээр 570 тэрбум төгрөг зарцуулахаас 300 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ хүрээнд 855 км хатуу хучилттай зам босч, 260 км далан хийж гүйцэтгэсэн дүнтэй байна. Гудамж төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 16 уулзварыг ашиглалтад өгөөд байна. Одоо ойрын хугацаанд хоёр уулзвар ашиглалтанд орно.

Авто замын төсөл хөтөлбөрийн хүрээнд 855 км хатуу хучилттай зам босч, 260 км далан хийж гүйцэтгэсэн дүнтэй байна.

Ингэснээр 18 уулзварыг энэ онд багтааж өгөх бөгөөд үлдсэн 15 уулзвар шинэ оны ажил болж явах юм. Энд 33 уулзвараас гадна дээр нь зарим замууд, хурдны замуудыг хийж гүйцэтгэхэд 200 орчим сая ам.доллар зарцуулахаар шийдсэн. Үүнээс өнөөдөр 34 тэрбум төгрөг зарцуулагдаад байна. Дэд бүтцийн асуудалд нийтдээ 416 тэрбум төгрөг шаардлагатай.

Иймд “Чингис бонд”-ын санхүүжилтээс 200 орчим тэрбум төгрөгийг дэд бүтцэд өгөхөөр болсон. Харин гэр хорооллын 12 байрлал дээр төлөвлөлт хийхэд зориулж 80-90 тэрбум төгрөг, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхийн тулд нийслэлд босох орон сууцны байшингууд руу явах дэд бүтцийн шугамд зориулж 120 орчим тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн байгаа.

Ингэснээр нийт төлөвлөсөн 416 тэрбум төгрөгөөс энэ жил 200 тэрбум төгрөгийн ажил хийхээр тооцсон. Одоогоор инженерийн дэд бүтцийн төслүүдэд 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ноос, ноолуур, өвлийн хүлэмж, сүү, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үнээний фермүүдийг дэмжих, оёдол гэсэн чиглэлүүдээр хөрөнгө оруулалт хийх асуудлыг оруулж ирсэн. Эдгээрт зориулж 274 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан энэ чиглэлийн компаниудад олгох шийдвэр гарсан. Үүнээс 44 тэрбум төгрөг эзэндээ хүрээд, тоног төхөөрөмжөө аваад явж байна.

Шинэ төмөр зам төслийн хүрээнд далангийн ажлыг гүйцээхэд зориулж монголын талаас гарах хөрөнгийг 400 сая ам.доллар байхаар тооцоолсон.

Шинэ төмөр зам төслийн хүрээнд далангийн ажлыг гүйцээхэд зориулж монголын талаас гарах хөрөнгийг 400 сая ам.доллар байна гэж тооцоолсон. Үүнээс энэ жил 200 сая ам.долларын ажил хийгдэнэ гэж үзсэнээр 216 тэрбум төгрөгийг гаргаад байна. Далангийн ажил сайн явж байгаа. Харин төлөвлөгөөгөө нэлээд урт хийсэн учир 2014 онд хийгдэж дуусна.

Зургаа дахь төсөл бол “Таван толгой” төсөл байгаа. Энэ төсөл дээр монголын талаас 50 сая орчим ам.доллар гаргаж ажлын эхлэлийг тавья гэж үзсэн. Харин энэ төсөлд бусад сонирхогч хувийн компани аж ахуйн нэгж хөрөнгөө оруулахаар байгаа юм. Төрд хэрвээ хувь байна гэж үзвэл 34 хувьтай байхаар Засгийн газрын шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар 50 сая ам.доллараас 1,6 сая ам.долларыг ашиглаад явж байна. Энэ төсөлд илүү хувийн хөрөнгө оруулалтыг нэмж татаж босгох ёстой.

Долоо дахь төсөл бол байшин үйлдвэрлэх комбинатын төсөл. Төслийн хүрээнд тоног төхөөрөмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 7 сая ам.долларыг шилжүүлж тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын засвар, дэд бүтцийн шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Орон сууцны барилгыг дэмжих төслийн хүрээнд 100 сая хүртэлх ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн.

Мөн орон сууцны барилгыг дэмжих төслийн хүрээнд 100 сая хүртэлх ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдөр Буянт ухаа дахь барилгын ажлыг дэмжих зорилгоор 60 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Түүнчлэн төмөрлөгийн үйлдвэрүүдийг дэмжих хүрээнд “Бэрэн групп” ХХК , “Монлаа “ХХК, “Монголросцветмет” ХХК, “Монголиан металл майнинг холдинг” ХХК-ийн нийт 4 төслийг санхүүжүүлэхээр байгаа” гэлээ.

Түүнчлэн Ерөнхий сайд, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаар /1990-2013/ хийсэн мэдээлэлдээ, “Монгол Улсын Засгийн газар чөлөөтэй хөрвөх валютаар олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас 1990-2013 оны хооронд 2,8 тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ажилласан.

Үүнээс 990.9 сая ам.долларыг буцаан төлөөд байгаа бөгөөд 2013 оны эхний хагас жилийн байдлаар гадаад зээлийн үлдэгдэл нэрлэсэн үнээр 2.0 тэрбум ам.доллар буюу 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2013 оны хүлээгдэж буй ДНБ-ний 17 орчим хувьтай тэнцэж байна.

Өнөөдрийн байдлаар 930 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна.

Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу 2012 онд Монгол Улсын Засгийн газар 500.0 сая ам.долларын бондыг, 5 жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэйгээр, 1.0 тэрбум ам.долларын бондыг 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэйгээр нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг Олон Улсын санхүүгийн зах зээлд гарган арилжаалсан.

2013 оны хагас жилийн гүйцэтгэлээр хүүгийн төлбөрт 37.7 сая ам.доллар буюу 54.4 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрт төлөөд байна. Чингис бондын хүүгийн төлбөрийг жил бүр тогтмол төлөх бөгөөд үндсэн өрийг 2018 он, 2022 онд буцаан төлөх юм” гэлээ.