Дотоод аудит хэдхэн компанийн асуудал биш
“IPO Mongolia” форумын үеэр
2013.11.05

Дотоод аудит хэдхэн компанийн асуудал биш

Улс орны хөгжилд төрийн болон төрийн бус байгууллагууд аль аль нь хүчин зүтгэлтэй байх хэрэгтэй тухай саяхан болж өнгөрсөн “IPO Mongolia” форумын үеэр мэргэжилтнүүд онцолж байсан.

Үүний тулд аливаа компани засаглалаа сайтар шийдэх, бүр тодруулбал ажлын хэрэгжилт, зохион байгуулалтыг хянаж шалгах ТУЗ болон аудиторуудын оролцоог онцолж, “Олигархижсан тогтолцооноос олон нийтийн засаглал руу шилжье” гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхий сайд хэлж байсан юм. Харин энэхүү онцлоод буй, өнөө цагт ихээхэн яригдах болсон аудиторын тухай Монголын дотоод аудитын институтын ерөнхийлөгч Л.Отгонбаяраас асуулаа.

-Аудитын үйл ажиллагааны талаар манай улс ямар туршлагатай бол?

-Аудит гэдэг бол баталгаажуулалт гэж ойлгож болно. Үүнийг гадаад аудит, дотоод аудит гэж 2 ангилдаг.  Манай улс гадаад аудит 20 жилийн түүхтэй. Ер нь бол, гадаад дотоодын аудит хоёулаа байвал тухайн байгууллагын баталгааг хангалттай өгч чадна. Харин манайх 20 жилийн турш дотоод аудитыг орхичихсон.

Ингэж орхисоноос болоод манайд маш олон эрсдлүүд тулгарч байна. Бидний хамгийн сайн мэддэг хадгаламж зээлийн хоршоо “Зоос”, “Анод” банкны асуудлууд бол дотоод аудитын хяналтын тогтолцоогүйн улмаас л үүссэн гэж мэргэжилтэнүүд үзэж байгаа юм. Дотоод аудит гэдэг нь өөрийнхөө хөрөнгийг өөрсдөөр нь хянуулах гэсэн засаглалын нэг хэлбэр гэж ойлгож болно.

Дэлхийн жишигт дотоод аудит бүр туульдаа хүртэл хөгжчихсөн, хэвшмэл ойлголт болсон байгаа юм. Харин манайд энэ бол шинэ төрлийн ойлголт. Энэ талаар сүүлийн 10 жилийн турш ярьж байна л даа. Ийнхүү ярьсаны үндсэн дээр өнгөрсөн жилүүдэд дотоод аудитын  асуудлыг төрийн хууль болгоход хэд хэдэн хууль дээр өөрчлөлт орсон. Үүн дээр хоёрхон жишээ дурьдъя. Банкны тухай хууль өөрчлөгдсөн.

Дотоод аудитын тогтолцоог оруулж ирэхийн тулд банк заавал төлөөлөн удирдах зөвлөлтэй байна. ТУЗ нь дотроо хараат бус удирдах  зөвлөлийн гишүүнтэй байна. Хараат бус гишүүн нь аудитын хороогоо даргална, удирдана. Аудитын хорооны доор дотоод аудитын хорооны нэгж  ажилтан ажиллана гээд хуулиндаа заагаад өгсөн байна.

Ингэснээрээ арилжааны банкинд төрийн хяналт шалгалт, төрийн зохицуулалт оруулж байгаа юм. Бас нэг жишээ бол, 2011 онд компанийн тухай шинэ хууль гарлаа. Энэ шинэ хуулинд төрийн өмчит компани, хувьцаат компани бүр ТУЗ-тай байна. ТУЗ гурваас доошгүй хараат гишүүнтэй байна. Хараат бус гишүүн нь аудитын хороог заавал байгуулж түүний даргаар сонгогдоно. Аудитын хороо нь дотоод аудитын нэгжтэй байна гэж тусгасан байгаа.

-Гадны аудит гэвэл хяналт шалгалтын газрууд байдаг, харин дотоод аудитын үүрэг юу вэ?

-Дотоод аудит эрсдэлтэй аудит хийдэг. Жишээ нь, байгууллага дээр байдаг луйвар заллин, наад зах нь ажил дээрээ цагтаа ирчихээд ажлаа хийдэггүй асуудлыг хянана. Заавал эд хөрөнгө, нягтлан бодох бүртгэлийн шалгалтыг хийх биш, яг үр бүтээлтэй ажиллаж буйг тогтоох,  болон маш олон эрсдлүүдийг бүрэн хэмжээгээр сэргийлж удирдаж залж чиглүүлж байгаадаа л дотоод аудитор оршиж байгаа юм.

Байгууллагын хяналтын систем муу байна л гээд байгаа. Дотоод аудит бол зөвхөн хэдхэн компаниудын асуудал биш бүр цаашилвал төрийн байгуулагуудын ч асуудал болж байгаа юм.