Л.Отгонбаяр: Дотоод аудитгүй учраас төсөв хууль бус
Монголын дотоод аудиторуудын институтын тэргүүн Л. Отгонбаяр
2013.11.06

Л.Отгонбаяр: Дотоод аудитгүй учраас төсөв хууль бус

Төсвийн тухай хуулиар төсөв ерөнхийлөн захирагч нарт эрхийг нь өгөхийн зэрэгцээ сум, орон нутгийн иргэдээс хяналтын бүтэц байгуулах эрхийг нь давхар олгосон юм. Мөн төсөв ерөнхийлөн захирагч болох сум, аймаг, дүүргийн Засаг дарга, салбарын сайд нарын дэргэд Аудитын хороо байгуулахаар шийдвэрлэсэн.

Ингэхдээ хууль санаачлагчид авлигыг бууруулж, төсөв мөнгөтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэн татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулна гэж тооцоолсон юм.

Гэвч одоо болтол хуульд заасныхаа дагуу Аудитын хороог байгуулаагүй нь төсвийн ерөнхийлөн захирагчдыг хууль бус нөхцөлд ажиллаж, тэднийг ажлаас нь чөлөөлөх нөхцөл болж буйг Монголын дотоод аудиторуудын институтынхан онцолж байна.

Энэ талаар тус институтын тэргүүн Л. Отгонбаяраас тодруулсан юм.

-Хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нарт захиран зарцуулах эрхийг нь өгсөн. Хуулийн хэрэгжилт, үүнийг хянах аудит хэр байна вэ?

-Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн дэргэд есөн хүний бүрэлдэхүүнтэй хараат бус гурван гишүүнтэй Дотоод аудитын хороо байх ёстой гэж хуульчилсан юм. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг нь аймаг, сум, дүүргийн Засаг дарга, салбарын сайд нарыг хэлдэг. Тэдний дэргэд Дотоод аудитын хороо байна гэж хуульд тусгасан.

Гэвч хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Хууль өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ байдлаараа байвал ирэх онд Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоо хэрэгжүүлээгүй төсвийн ерөнхийлөн захирагчдыг ажлаас нь чөлөөлөх нөхцөл үүсэхээр байна.

-Ямар шалтгаанаар Аудитын хороог байгуулахгүй хугацаа алдаж байгаа юм бол?

-Манай институтын зүгээс аймаг, сум, дүүргийн Засаг дарга, сайд нарт Дотоод аудитын хороог байгуулах талаар сургалт зохион байгуулъя гээд албан бичиг илгээсэн. Хариу ирдэггүй.

Тэгэхээр нь ажил, асуудлаа мэдэж байгаа юм байна гэхээр хуулиа хэрэгжүүлэхгүй юм. Эцэст нь бид сургалтад суух сонирхолгүй байна гэж оношлоод маргааш “Дотоод аудит хяналтын шинэчлэл форум”-ыг зохион байгуулах гэж байна.

-Төрийн байгууллагын удирдлагуудын төсөвтэй холбоотой хэргийг аудит хяналттай холбон ойлгож болох уу?

-Манай улс төсөвт тавих хяналтын нэг хэсэг болох Аудитын хороо, дотоод аудитыг орхиж ирсэн. Төсвийг захиран зарцуулах эрхийг холбогдох албан тушаалтнуудад өгснөөр тэд төсвийг өөрийн компанийнхаа мөнгө шиг үрж байна.

Өдөр бүр хянах дотоод аудитаа байгуулаагүй хэрнээ төсвийг захиран зарцуулах эрхийг нь нээчихсэн нь эрсдэлтэй.

Үүний хүрээнд хариуцлагын асуудлыг сөхвөл бүх аймаг, сумын Засаг дарга, салбарын сайд нартай тооцоо бодож таарна. Иймээс л төсвийн хяналтад иргэдийн оролцоог бий болгох хуулиа хэрэгжүүлээч гэж яамдын Төрийн нарийн бичгийн дарга, орон нутгийн удирдлагуудаас шаардаад байгаа юм.

-Одоогийн байдлаар ирэх оны төсвийн зарцуулалт ямар байх төлөвтэй байна?

-Сум, аймаг, дүүрэг хөгжүүлэх сан гээд их хэмжээний мөнгө төвлөрөх газар бий болсон. Үүнийг хянах дотоод аудит, хяналтын тогтолцоо алга. Жилд ганц очдог гадаад аудитын хяналтыг “Аргалчихна” гээд сууж байгаа. Өдөр бүр хянах дотоод аудитаа байгуулаагүй хэрнээ төсвийг захиран зарцуулах эрхийг нь нээчихсэн нь эрсдэлтэй.

Энэ хэвээр явбал авлига, хариуцлагагүй байдал, төсвийн алдагдал, үр ашиггүй зардал улам даамжирна. Тиймээс төсвийг захиран зарцуулагчид сургалт, форумд сайн суух хэрэгтэй байна.