2013.11.07

Ц.Даваасүрэн: Монгол улсын нийт өр 8,4 их наяд байгаа

NTV телевизийн “Гурамсан холбоо” нэвтрүүлгээр монгол улсын гадаад өрийн талаар санал солилцлоо. Нэвтрүүлгийн зочдоос УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн байр суурийг онцолж байна.

-Монгол улсын өр хэд болсон бэ. Тэр нь их үү, бага уу?

-Өнөөдрийн статистик өрийн судалгаа, сангийн яамнаас гарсан тоо мэдээллээр манай улсын гадаад өр 6,2 их наяд. Дээр нь дотоод өрөө нэмбэл нийт өр 8,4 их наяд байгаа. Энэ нь ДНБ-ий 49,5 хувь. Төсвийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтээр 40 хувиас дээшгүй байна гэсэн шалгуур тавьдаг ч тэр нь хэтэрсэн.

Тиймд төсвийн хэлэлцүүлгийн явцад төсвийн тогтвортой байдлын хуульд орсон өрийн харьцааны шалгуур үзүүлэлтийн асуудлыг эргэж харах, хоёр жилийн хугацаатай шатлалыг нь өөрчлөх зүйл яригдаад 2014 оны хэлэлцүүлгийн явцад тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийднэ. ДНБ-ий 49,5 хувь гэдэг нь дотоод өр орсноороо.

Гадаад өрийн дарамтаараа тооцож үзвэл өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 26,6 хувь байгаа. Энэ 26,6 хувьд ямар өр тооцогдоогүй гэхээр Оюутолгойн 34 хувьд ноогдох төлбөр тооцогдоогүй. Гадаад өрийн хувьд 40 хүртэл тодорхой орон зай байна гэсэн үг. Өр зээл тавих нь байдаг зүйл ч бид нэг зүйлийг анхаарах ёстой. Ирээдүйд тодорхой төлөх бололцоо юу вэ гэдгээ нарийн харах ёстой.

Өр зээл тавих нь байдаг зүйл хэдий ч бид ирээдүйд төлөх бололцоо юу байгааг нарийн харах ёстой.

Өрийн тооцоо нэгдсэн өрийнхөө удирдлагын хүрээнд явж байгаа. 2014 оны төсөвт 76 сая ам.долларын хүүгийн төлбөр орсон. Бондын зээлийг хоёр янзаар авч үзэж болно. Нэг хэсэг нь үйлдвэрлэлд өгсөн. Тэр нь үйлдвэрлэл нь сайн яваад, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлээд, өөрөө орлого олоод зээлээ төлнө. Нөгөө дэд бүтцэд орж буй хэсгийг улс хариуцна. Нийгмийн чанартай бүтээн байгуулалтад орсон зээлийг улс л төлнө.

-Төрийн компаниуд угаасаа алдагдалтай ажиллаж байгаа. Бондоосоо авсан мөнгө хэзээ ашиг хийх вэ. Энэ талаар төрийн хэмжээнд ямар бодлого явдаг вэ?

-Одоогийн гадаад өрөнд төрийн өмчийн компаниудын зээл, мөн тэр чиглэлд Засгийн газраас гарсан баталгаанууд бүгд орж байгаа. Тиймд 2015, 2016 онд муудаад байгаа нь тухайлбал, самурай бонд 600 саяд баталгаа гаргана гэсэн төлөвлөлт хийсэн. Мөн газрын тосны боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхэлбэл 700 орчим сая долларт баталгаа гаргах байх.

Ингээд ирвэл бараг 2,5 их наядтай тэнцэх хэмжээний баталгааг Засгийн газар гаргахаар тооцож байгаа. Үүнийг бид 60-д хүргэхгүй, 40-д байлгая гэвэл энэ баталгаанууд гарахгүй. Ер нь эдийн засгийн гол зарчим бол хязгаарлагдмал нөөцтэй, сонголтоо яаж хийх, аль ашигтай хувилбараа авах вэ гэдэг асуудал.

Дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү...