Нэг, хоёрын гурваа
2004 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар “International Day Against Homophobia and Transphobia” буюу “Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ
2013.11.20

Нэг, хоёрын гурваа

Яг ингэж тоолоод л хол гэгч нь үсрэн харайдаг шиг аливаа ялгаварлан гадуурхалтаас холдоцгооё. Таниас хэн нэгэн арай өөр байна гэдэг нь түүнийг ялгаварлаж гадуурх гэсэн үг биш.

Өөр гэдэг үгийг толгойноосоо авч хаях хэрэгтэй.

Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг хоёрдугаар зүйл:

“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж эхэлдэг. Харин би үүнд бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхаж үл болно хэмээн оруулж өгөх хэрэгтэй.

Хүн өөрийн эцэг эхээ сонгож төрдөггүй шиг бэлгийн чиг баримжаагаа сонгох боломжгүй гэдгийг  шинжлэх ухаанаар нотолсон билээ. Бидний хэн маань ч ялгаагүй өсвөр насандаа байхдаа бэлгийн чиг баримжаагаа мэдэрч, мэддэг.

Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс оронд IDAHO-г янз бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээ, үйл хөдлөлөөр дамжуулан тэмдэглэж байна.

25 настай, Ч хэлэхдээ: “Ихэнхи гей залуус өсвөр насандаа өөрийгөө бусдаас “Арай” өөр гэдгээ мэдэрдэг бөгөөд үүнээс шалтгаалан гайхаж, ганцаардаж, сэтгэл санааны хүнд байдалд орсноос болж хичээл номондоо муудаж, найз нөхөд, эцэг эх болон хэн нэгэн мэдэх вий гэхээс маш их эмээдэг. Ер нь там гэж байдаг бол сэтгэлийн шаналалаас илүү там гэж үгүй биз ээ” хэлсэн юм.

Хүмүүсийн ялгаварлалаас илүү тэд өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж бартаатай, хүнд замыг туулдаг. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг нь өөрийнхөө бэлгийн чиг баримжааг ойлгож, бүрэн хүлээн зөвшөөрөх, мөн бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хэлнэ. Энэ нь тухайн хүний сэтгэл зүйн хувьд маш эмзэг асуудал. Ганцаараа эрэгтэй хүн сонирхдог, бусад бүх эрэгтэй хүмүүс нь эмэгтэй хүнийг хайрлахыг хүсдэг ийм нэг аймагт амьдарна гэдэг хар дарсан зүүд шиг. Өөр ертөнцөд ганцаар юм шиг санагдах үе олон байдаг ч хэнд ч сэтгэлээ нээж ярих эрхгүй” хэмээн 32 настай З ярьж байсан.

Тэд өөрсдийгөө хүртэл эрхгүй хэмээн хязгаарлаж байгаа нь хүний ертөнцөд бий болсон буруу хандлагуудтай холбоотой юм. Хүн судлаач Форд, Бееч нар гей бэлгийн чиг баримжааг судалсны эцэст энэ нь сүүн

тэжээлтэн аймгийн бүх амьтанд байдгийг баталжээ.

Тэгэхээр ухаант хүн та 2013 онд амьдарч, өндөр боловсрол эзэмшиж, IPhone 5 барьж, наногоор хийсэн хувцас өмсч байгаагийнхаа хувьд дундад зууны үеийн боолын нийгмийн алагчлах сэтгэхүйнээс салах хэрэгтэй. Тэд л хүмүүсийг ялгаварлаж, сүүлдээ нохойны дайтай үзэж, үй олноор нь нэгнийгээ хөнөөсөн. Бид өнгөрсөн зуунуудын гашуун сургамжаас олныг мэднэ. Тэр тусмаа хүний эрхийн зөрчлүүдээс олныг нэрлэж чадна. Хүний эрх анхны харцнаас л зөрчигдөж эхэлдэг. Өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэснээс нь эхлээд ялгамжтай хандаж, тухайн хүний ямар чадвар, мэдлэгтэйг ч үл харгалзан гадаад байдлаар нь дүгнэж, эсвэл бэлгийн чиг баримжаагаар нь ялгамжтай харьцдаг.

Тэгэхээр хүн та харцнаасаа эхэлж өөрийгөө өөрчлөөрэй.  Хайр энхрийлэл бол соёл иргэншил хэмээн нэгэн сэтгүүлч хэлсэн байдаг. Тийм ээ, өөр байна гэдэг нь ялгаварлан гадуурхана гэсэн үг биш.

Өнөөдөр их дээд сургууль нь хүн тоосго, хүн роботуудыг бэлдэж байна. Бодол сэтгэхүй нь яг тоосго шиг ижилхэн хэмжээтэй. Хүсэл мөрөөдөл нь яг адилхан. Харин зүрх сэтгэлгүй, бусдыг хайрлах энэрэх сэтгэлгүй болсоныг нь хүн робот гэнэ. Харин хүн робот, хүн тоосго бишүүд нь гудамжинд хүн хаягдал болсон. Бүр дор нь хүн араатан болчихсон. Ард түмний төр, жинхэнэ ардчилал ярьж байгаа бол эхлээд хүмүүсийн тархи, оюун, зүрх сэтгэл, сүнс нь гоё болох ёстой. Харамсалтай нь эд материал л гоё болоод байгаагаас биш хүн нь улам муухай болж байна. Хүмүүсээ эхлээд өөрсдийнхөө дотоод хүнээ сайхан болгоё.