Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд, залуучууд санал бодлоо хэллээ
Хэлэлцүүлэгт
2013.11.21

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд, залуучууд санал бодлоо хэллээ

Хэлэлцүүлэгт оролцсон Их дээд сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцов.

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/, дүүргийн Иргэний танхим, Боловсролын хэлтэс, Цагдаагийн 1, 2-р хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон, Их Дээд сургуулийн оюутнуудын дунд “Дүүргийн хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнд хийх дүгнэлт, цаашид зохиох ажлын талаарх ”хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дүүргийн хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн талаар залууст мэдээлэл өгч, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиогдох ажилд тэдний санаа бодлыг тусгах, оролцоог нэмэгдүүлэхэд энэ хэлэлцүүлгийн гол зорилго оршиж байгаа юм.

Оюутнууд

Хэлэлцүүлэгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, дүүргийн прокурор Чойжилсүрэн,  Цагдаагийн 2-р хэлтсийн захиргааны үйл ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганзориг нар оролцож, дүүргийнхээ хүүхэд, залуучуудад мэдээлэл өгөн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон юм.

Хэлэлцүүлгийг ерөнхий боловсролын сурагчид, их дээд сургуулиудын оюутан гэж хоёр ангилан зохион байгууллаа. Ингэхдээ тэдний өртдөг гэмт хэргийн төрөл, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзсэн байна. Жишээлэхэд 10 жилийн хүүхэд багачууд цахим тоглоомтой холбоотойгоор гэмт хэрэгт өртөх магадлал нэмэгдэж , тамхи татах зуршилтай болж эхэлдэг. Тиймээс ч хүүхэд багачуудад цахим тоглоом тоглох асуудлыг багасгах, тамхи татахгүй байхад хүүхэд багачууд нэг нэгнээ уриалж байх талаар ярилцлаа.

Харин оюутан залуусын дунд тэднийг түр ажлын байраар хангахад төрийн байгууллагын зүгээс хэрхэн дэмжих, архи тамхины хэрэглээг багасгаж, зүй зохистой хэрэглэх, төрийн захиргааны болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаанд оюутан залуусын санал бодол тусгагдаж байх талаар гэх мэт томоохон асуудлыг хөндсөн юм.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2013 онд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил, түүнд хүүхэд залуучуудын холбогдсон байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар  ярилцаж, мэдээлэл өгснөөрөө хэлэлцүүлэг илүү үр дүнтэй боллоо. Хэлэлцүүлгийн үр дүнд хүүхэд, залуучуудаас ажил хэрэг болгох санал санаачлагууд гарч, дүүргийн удирдлагууд ч эдгээр санал санаачлагыг дэмжихээ  илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон төрийн өмчийн сургуулийн сурагчдын төлөөлөл