2011.03.18

Батлан хамгаалахын сайд Л. Болд БХИС-р Зочиллоо

1921 оны гуравдугаар сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийн хувьсгалт цэргийн баярын өдөр болгон тэмдэглэж байхаар болсон түүхтэй.

Тэгвэл энэ тэмдэглэлт өдөр өнөөдөр 90 дэх удаагаа тохиож байна. Харин энэ жилийг Монгол цэргийн өдөр хэмээн тэмдэглэж байна. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Л.Болд, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар Батлан хамгаалахын их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж тус сургуулийн эрдмийн хамт олонтой уулзалт ярилцлагыг хийлээ. Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн командын сургууль, Цэргийн инженерийн сургууль, Эрдмийн сургууль, Ахлагчийн сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ерөнхий Боловсролын Тэмүүжин өрлөг сургууль гэсэн байгууллагууд энэ сургуульд хамрагддаг. 

Мөн тус сургуульд гадаад хэлний сургалтын төв байдаг аж. Монголд төгсөгчид нь 100 хувь ажлын байртай болдог ганц л сургууль нь Батлан хамгаалахын их сургууль гэж хэлэхэд хилсдэхгүй. Үүнийг ч тус сургуулийн захирал З.Болдбаатар баталж байв. Тэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний шинэ халааг бэлдэхээс гадна хүчний байгууллагууд болох ТЕГ, хилийн болон дотоодын цэргийн алба, Төрийн тусгай хамгаалалтын алба, ШШГЕГ зэрэг байгууллагуудад тус сургуулийн төгсөгчид боловсон хүчин болж очдог аж. Энэ жил л гэхэд ШШГЕГ тус сургуулийн төгсөгчдөөс 25 хүнийг авч ажиллуулна гэсэн захиалгыг өгчихөөд байгаа гэнэ. 

Мөн БХИС хоёр хөрш улсаас гадна Солонгос, Япон, АНУ-тай хамтран ажиллаж сонсогчдоос гадна магистрантур, докторантурыг сургаж цол хамгаалуулдаг аж. Харин Ерөнхий боловсролын "Тэмүүжин өрлөг" сургуулийн хувьд өнгөрсөн онд байгуулагдсан. Энэ жил 30 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Батлан хамгаалах болон БСШУ-ны сайдыг очиход Батлан хамгаалах сургуулийн эгнээнд шинээр нэгдсэн бяцхан цэргүүд уран зохиолын хичээлээ үзэж байлаа. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын дунд сургуулийн тавдугаар анги төгссөн 30 хүүхдийг сонгож авсан гэнэ. 

Цэргийн дүрэмт хувцсаар ижилсэн, Монголын зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг цорын ганц сургуульд бүл нэмсэн эдний дээр ирэх жил дахиад 60 хүүхэд элсэх аж. Оюутан ах, эгч нарынхаа адил дүрэмт хувцсаар жигдэрсэн тэд одооноос цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ бие бялдрын хүмүүжил олгох хүндхэн хичээлийн ард гарах гэж чамгүй хөдөлмөрлөдөг гэнэ. Алхаж гишгэхээсээ эхлээд өдий багаасаа цэргийн эрдэмд суралцаж буй бяцхан цэргүүд ирээдүйн шижигнэсэн офицер болохоор бэлтгэгдэж байгаа нь манайдаа анхдагч тохиолдол юм. Гэхдээ боловсролын яамнаас бага насны хүүхдүүдэд хэт их ачаалал өгч болохгүй гэсэн чиглэлийг өгсөн байна. 

Тиймээс цэргийн хичээлийг бага цагаар орж байгаа гэсэн. ҮАБЗ-өөс Батлан хамгаалах яам болон Батлан хамгаалахын их сургуульд Тэмүүжин Өрлөг сургуулийн үйл ажиллагааг тэлж, болж өгвөл 21 аймагт байгуулах чиглэл өгсөн байна. Гэвч Батлан хамгаалахын их сургуулийн дэргэд байгаа Тэмүүжин Өрлөг сургууль өөрийн гэсэн хичээлийн байргүй байна. Одоохондоо Батлан хамгаалахын инженерийн сургуулийн нэг давхрын баруун талыг ашиглаж байгаа аж. Мөн Батлан хамгаалахын их сургуулийн нийт бүрэлдэхүүн зургаан мянга гаруй. Гэтэл биеийн тамирын заал нь тус сургуулийг 600 хүний бүрэлдэхүүнтэй байхад буюу 1979 онд баригдаж байжээ. 

Ингэснээр биеийн тамирын заалны ачаалал хэтэрчихээд байгаа юм байна. Тиймээс спорт заалыг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулаач ээ гэдгийг Засгийн газрын хоёр сайдаас хүсч байсан юм. Батлан хамгаалахын их сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр 680 мянган төгрөг бөгөөд үүнээс 180 мянгыг нь суралцагчийн иж бүрэн хувцас авахад нь зориулдаг аж. Харин энэ жил хүний хөгжил сангаас 500 мянган төгрөг өгч байгаа. Ингэснээр тус сургуулийн сурагчид энэ жил өөрсдийнхөө хувцасны мөнгийг даагаад үнэгүй сурч байна гэсэн үг. Хүний хөгжил сангийн мөнгөө одоохондоо аваагүй байгаа бөгөөд зарим оюутны талаарх материал нь гүйцээгүй байгаагаас үүдэлтэй гэнэ. 

Л.Болд сайд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Монгол цэргийн өдөрт зориулсан уулзалтыг хийсэн юм. Энэ үеэр тус сургуулийн зарим ажилтан, албан хаагчдад БСШУЯ болон Батлан хамгаалах яамны нэрэмжит шагналыг олгов. Батлан хамгаалахын сайд Л.Болд энэ үеэр "Манай салбарын сургууль бол ардын хувьсгалтай нас чацуу. Монгол Улсад Зэвсэгт хүчин оршин тогтнож, цааш хөгжих нь энэ сургуультай холбоотой. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб өөрсдийнхөө үндэс суурь болсон энэ сургуулиа улам хөгжихөд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийнэ" гэж хэлсэн юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.