Баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ
Төрийн байнгын хорооны хуралдаан
2013.11.27

Баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүн С.Баярцогт хууль батлагдсанаар амралтын өдөр нэгээр нэмэгдэхээр байгаа тул нийт амралтын өдрийг цөөрүүлэх талаар ямар саналтай байгааг тодруулахад төсөл санаачлагч “Хөдөлмөрийн хуулиар бүх нийтээр амардаг 10 өдөр байгаа нь нэгээр нэмэгдэх юм,

цаашдаа үндэсний уламжлалтай холбоотойгоос бусад амралтын өдрийг цөөрүүлэх чиглэлээр бодолцож үзэх нь зүйтэй юм” гэсэн хариулт өгөв. Харин төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан саналаа хэлсэн гишүүн Н.Батцэрэг цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх нь үндэсний уламжлалт ёс заншил, түүхэн уламжлалаа залуу хойч үеийнхэндээ өвлүүлэхэд ач холбогдолтой юм.

Манайд одоогоор ямар нэг нам гэхгүйгээр үндэстнээрээ сэргэн дэвжиж болох томоохон хөтөлбөр, үзэл баримтлал хараахан гараагүй байгаа тул төр энэ талаар анхаарах шаардлагатай байгааг дурдав.