Баасанхүү.О 2013.11.27 | Сайт: Vip76.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хороо

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, Х.Тэмүүжин нараас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар төсөл санаачлагч гишүүн О.Баасанхүү танилцуулга хийсэн юм. Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 8 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдож ажиллахыг хориглохоор тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд төсөлд 8 жил гэж заасан нь хугацааны хувьд урт байж магадгүйг хэлэлцүүлгийн шатанд анхаарах хэрэгтэй гэж байв. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.