МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.11.28

Г.Шийлэгдамба: МАН-тай хамтарч ажиллахад бэлэн байна

Ардын намын удирдлагууд бусад намын удирдлагатай “Үндэсний зөвшилцөл” нэртэй нээлттэй уулзалтыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд өчигдөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат бусад намуудын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт хийлээ. Уг уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хүрэлцэн ирсэнгүй.

Үүний өмнө болсон нээлттэй уулзалтыг Ардын намын дарга М.Энхболд удирдсан бөгөөд тэрхүү хуралд мөн л Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ирээгүй. Үүнээс болоод “Н.Алтанхуяг М.Энхболдыг үл тоов” гэсэн утга бүхий мэдээлэл гарсныг хүмүүс санаж байгаа байх. “Үндэсний зөвшилцөл”-ийн эхний хуралдаанд зөвхөн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас гадна Иргэний зориг-Ногоон намын дарга С.Оюун ч ирээгүй байсан. Харин тэрбээр өчигдөр болсон хуралдаанд Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбатыгаа явуулсан харагдсан.

Тухайн үед Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийж таарсан болохоор М.Энхболд даргын урилгыг хүлээж авч чадаагүй гэдгийг хожим албаных нь хүмүүс тайлбарласан байдаг.

Харин энэ удаа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дотоод дахь маргаантай асуудлаас болоод орон нутагт ажиллаж байгаа учир Ардын намаас зохион байгуулсан нээлттэй уулзалтад хүрэлцэн очиж чадаагүй гэнэ. Ингээд л Ардын намын зохион байгуулж байгаа “Үндэсний зөвшилцөл” нэртэй нээлттэй уулзалт эрх баригч хүчний оролцоогүйгээр аяндаа өрнөөд эхлэх нь тэр.

“Ардын намаас уриалж байгаа дээрх асуудал манай намын мөрийн хөтөлбөртэй нийцэж байгаа учир хамтарч ажиллахад бэлэн байна”

Уг нь Ардын намынхан энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа гол шалтгаан нь улс төрийн намуудтай тохиролцоонд хүрч, харилцан ойлголцох гэж байгаа. Энэ хүрээндээ ч эхнийхээ уулзалтаар Ардчилсан намаас бусад намтай ойлголцох эхлэлийг тавьсан бололтой юм.Өчигдөр болсон хуралдаанаараа үүнийгээ бататгаж Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Тэд тогтвортой хөгжлийн загвар, Үндсэн хуулийн өөрчлөлт, хэт намчирхал, талцлаас ангид төрийн тогтолцоо, Сонгуулийн тухай хууль, тогтолцоо, Улс төрийн намуудын тухай хууль, стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр, баялгийн шударга хуваарилалт, гадаад харилцаа, залуусын хүмүүжил, боловсрол зэрэг асуудал дээр хамтарч ажиллахаар болж байна.

Сүүлийн үед “Ардын намын гишүүдээс цус сэлбэх гэж байна” гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа МАХН-ынхан ч дээрх асуудлаар хамтарч ажиллахад таатай байгаагаа энэ үеэр уриалгахан мэдэгдэж байсан. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Ардын намаас уриалж байгаа дээрх асуудал манай намын мөрийн хөтөлбөртэй нийцэж байгаа учир хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээн мэдэгдсэн. Ардын намынхан эрх баригч хүчнээс бусад намынхантай ийнхүү хэл амаа ололцож эхлэв бололтой. Энэ нь ч тэдний зорилго байсан байж магадгүй юм.

Энэ мэтчилэн Ардын намаас зохион байгуулж буй хурлуудын үеэр Ардчилсан намын удирдлагууд ажилтай болчихоод байгаа нь тохиол уу, тохируулга уу гэлтэй.