Баярсайхан.Г Энхбаяр.Ж Бурмаа.Р 2013.11.29 | Сонин: Өнөөдөр сонин

“Бүдэрсэн” төсөл байнгын хороонд буцаж ирлээ

“Бүдэрсэн” төсөл байнгын хороонд буцаж ирлээ
Төслийн байнгын хороонд буцлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Уг хуулийн төсөлд улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр, нөхөр, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг  насанд хүрээгүй хүүхэд, эцэг, эхийн нэр дээр оффшор компани байгуулах, банк, 'банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглохоор тусгасан юм.  

Мөн дээр дурдсан субъектууд гадаад улсын банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгаламжийн болон харилцах данс эзэмших, зээл авах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон аж ахуйн нэгж, компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж байхыг шаардаж буй. Ингээд зогсохгүй дээр дурдсан албан тушаалтнууд гадаад улсын харьяат эхнэр, нөхөртэй бол үүнийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэх болж байгаа юм.

“Оффшор” гэсэн нэр томъёо ойлгомжгүй, уялдаа муутай байна гэж Байнгын хорооны хурал дээр баахан баалуулж, бүр сүүлдээ гэр бүлийн хүнд нь хязгаарлалт тавих нь хүний эрх зөрчсөн хэрэг гэж зэмлүүлж, “бүдэрсэн” төсөл нэгдсэн хуралдаанд орсон нь энэ. “Оффшор” гэсэн ойлголттой холбоотой хуулийн агуулга, зарчмыг дэмжиж буйгаа гишүүдийн олонх нь илэрхийлж байсан ч гадаад эхнэр, нөхрийн асуудал нэлээд маргаан дэгдээсэн юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа:

УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа

-Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор аль ч банк дансны мэдээллээ өгөх ёстой. Хэрэв дутуу мэдүүлсэн байвал хариуцлага тооцох тал нь дутагдалтай байгаа. Гэтэл энэ төслөөр хариуцлагын тухай ярихгүй байгаа юм. Харин ч хориглоно, нууцална гэж байгаа нь асуудлыг замхрах тийш нь хандуулж байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу тайлбарласан бол түүнийг огцруулах хэмжээнд ярьж болохоор байхад зүгээр л нуух, хаацайлах тухай яриад байгаа юм. Нөгөө талаас эхнэр, нөхрийн асуудлыг ҮАБЗ-д оруулах асуудал нь мөн л хариуцлагыг замбараагүй болгож байгаа хэрэг.

Энэ бол популист, шоу арга хэмжээ. Оффшор гэсэн ойлголт одоогоор манай ямар ч хуульд байхгүй. ЖБатзандан гишүүний оруулж ирснээр цаашид ойлгоно гэвэл дэлхий биднийг яаж харах бол. Төсөл маш ойлгомжгүй, түүхий байна. “Оффшор” гэсэн ойлголтыг төрийн бодлогын хэмжээнд гаргаж ирэх хэрэгтэй.

Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Энхбаяр:

Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Энхбаяр

-“Оффшор” гэх ойлголт хөрөнгө шилжүүлэхтэй холбоотойгоор гарч ирдэг. Тэгвэл өнөөдөр манай улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Эдийн засаг нь уул уурхайгаас хэт хамааралтай болчихсон, тэндээс орж ирэх хэт их орлогын өмнө хүчгүйдэж байгаа.

Үүнээс болж баялгийн хуваарилалтын асуудал нийгэмд бухимдал бий болгож байна. Ийм "цаг үед төрийн өндөр албан тушаалтнуудыг ямар нэг нөлөөлөлд автуулахгүйн тулд тодорхой хязгаарлалт хийх нь цаг үеийн шаардлага.

УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан:

УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан

-Оффшороор дамжиж Монголын их хэмжээний валют гадагш урсаж байгаа нь бодитой. Гэхдээ энэ нь дэлхийн эдийн засгийн их урсгалд орох нэг арга мөн үү гэвэл мөн. Хэн оффшор данс нээлгэх вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй. Харин гадаад эхнэр, нөхрийн асуудлыг хуулиар зохицуулах нь өрөөсгөл.

Энэчлэн асуулт тавьж, саналаа хэлсний дараа УИХ-ын дарга хууль санаачлагчид гадаад эхнэр, нөхөртэй байх асуудал нь хуулийн төслийг хөлдөө чирж мэдэх юм гэж зөвлөсөн.

Өөрөөр хэлбэл, гол маргаан дэгдээж буй заалтыг хасаж бусдаар нь санал хураалгахыг санал болгосон юм. Ж.Батзандан гишүүн ч төслийг бүхэлд нь дэмжчихвэл хэлэлцүүлгийн явцад тэр саналыг татахад бэлэн гэв. Ингээд санал хураалгахад байнгын хороон дээр “бүдэрсэн” төсөл дэмжигдэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжлээ.