Бат-Амгалан.Б 2013.11.29 | Хэвлэл мэдээллийн алба: Яам

Б.Бат-Амгалан: Оюуны хөдөлмөр эрхлэгчдийг жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжтой гэж үзсэн

Хөдөлмөрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан

Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангийн сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.

-Өнөөдрийг хүртэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг маргаантай хэвээр л байна?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин нь сайн бүрдсэн боловч үүнийг амьдралд хэрэгжүүлэх тухайн аж ахуйн нэгжийн хүсч байгаа орчинг бүрдүүлэх, нүдээ олсон шийдвэр гаргах хэмжээний механизмыг л бид бий болгох шаардлагатай.

Өнөөдрийг хүртэл энэ хэмжээний орчин бүрдээгүй гэж үзэж байгаа. Ер нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болчихдог. Засгийн газрын зүгээс иргэн аж ахуйн нэгжийг аль алиныг нь дэмжиж ажиллах бодлого л баримталдаг. Ялангуяа сум хөгжүүлэх сангийн дэмжлэгээр орон нутагт нэлээн бодитой дэмжлэг иргэд авч чадаж байгаа.

-Энэ салбарыг дэмжих зорилгоор зарим тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тухай хууль баталсан ч энэ жилээр хугацаа нь дууслаа. Цаашид хэрэгжүүлэх нь зөв үү. Эсвэл хуулийн хугацаа нь дууссан гээд орхих уу?

-Засгийн газарт бид гааль НӨАТ-аас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг нэмж оруулахаар ярьж байна. Өнгөрсөн жилүүдэд мэргэжлийн  холбоод салбарын яам, төрийн бус байгууллагаас  авсан жагсаалтыг үндэслэн гааль дээр олон улсын бараа кодлуулах системийн дагуу ажиллаад барааных нь ангилал таарсан тохиолдолд бид жижиг дунд үйлдвэрийн хуульд зөвшөөрөгдсөн салбарын тоног төхөөрөмжийг аль болох түлхүү оруулж өгсөн.

700 гаруй тоног төхөөрөмжийг өнгөрсөн оны байдлаараа гааль НӨАТ-аас чөлөөлж байсан бол энэ жилийн арванхоёрдугаар сарын байдлаар 1065-ыг чөлөөлсөн. 

Энэ бол жижиг дунд үйлдвэрлэгчдэд үзүүлж байгаа маш том дэмжлэг. Өнгөрсөн жилийн гаалийн мэдүүлгээс үзвэл үндсэндээ 54 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид авчээ. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн өөрийн хүссэн тоног төхөөрөмж нь тэрхүү кодлох системийн ангилалд таарахгүй, эсвэл нэр нь зөрөөд гэсэн зарим хүндрэл гарсан. Дээрээс нь гааль дээр очингуут жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн гэрчилгээ тодорхойлолт авах гэсэн нэг асуудалтай тулгардаг. Үүнийг зохицуулахын тулд бид УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийнхэнтэй уулзалт хийсэн. Гаалийн болон татварын ерөнхий газрынхантай ч уулзсан. Тэгэхээр аж ахуйн нэгжийг бүртгэхдээ анхнаас нь жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн статус тавьж өгөх асуудлыг улсын бүртгэлийн ерөнхий газрынхантай ярьсан.

-Доноруудыг нэг дор цуглуулж, Засгийн газар салбарын яам нь үйл ажиллагаагаа танилцуулж байгаа учраас нэлээн бодитой үр дүн хүлээж буй болов уу?

Хурлын үеэр Хөдөлмөрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан

-Жишээ нь, Европын холбоо болоод НҮБ-ын зүгээс манай залуучуудын хөдөлмөрийн биржийн санаачилж байгаа оюутнуудын цагийн ажил буюу сум хөдөө орон нутагт оюутнууд дадлага хийх тэр ажлыг дэмжиж өгье. Зөвхөн Хөдөлмөрийн яам санаачлан Залуучуудын хөдөлмөрийн биржтэй хамтарч хэрэгжүүлж байгаа гэсэн үүднээс оюутнуудаа цалинжуулаад зогсохгүй, БСШУЯ-тай хамтраад оюутнуудын кредит цагийг нэмэгдүүлэх чиглэлээр гурвалсан холбоо байгуулаад үйл ажиллагаагаа уялдуулбал яасан юм бэ.

Бид санхүүгийн  талаас нь буцалтгүй болоод хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ гэсэн асуудлыг донорууд маань ярилаа. Тийм учраас бид ийм бодит үр дүнг харахын тулд Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бүх донор байгууллагуудаа цуглуулаад жил бүр энэ зөвлөгөөнийг  хийхээр төлөвлөж байна.

-Өнгөрсөн жил зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэлээ. Ирэх жилийн хувьд?

-Ирэх жилийн хувьд сум хөгжүүлэх сангийн 24 тэрбум төгрөг бол үндсэндээ 50 хувиар багассан. Бид үүнийг нөхөхийн тулд донор байгууллагуудтай ярилцаж байна. Сум хөгжүүлэх сангийн 24 тэрбум төгрөгийг 2011 оноос хойш гаргасан. Нийтдээ 72 тэрбум төгрөг энэ сангаар дамжин хөдөөгийн иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг хөгжүүлэх чиглэлээр зориулагдсан.

Улсын төсөвт жил бүр суулгахаас гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор гарсан хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтүүд төвлөрдөг.

Оны эхэнд 20 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрт сонгон шалгаруулалт зарлах болов уу. Мөн Чингис бондын мөнгөнөөс зээлжихээр тодорхой хэмжээний тооцоо судалгаа Эдийн засаг хөгжлийн яаманд гаргаж өгсөн. Хэрвээ батлагдвал ойролцоогоор 100 орчим сая  ам.долларыг, төгрөгөөр 120-160 тэрбумыг үйлдвэрлэл эрхлэгчдийн гарт хүргэхээр ажиллаж байна.

-Жижиг дунд үйлд­вэрлэл эрхлэгчдэд л гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид маань орхигдчихоод байдаг. Саяхан программ хангамжийнхан цуглахдаа энэ талаар хөндсөн.
Ойролцоогоор 100 орчим сая  ам.долларыг, төгрөгөөр 120-160 тэрбумыг үйлдвэрлэл эрхлэгчдийн гарт хүргэнэ

-Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо энэ чиглэлээр бас нэлээн том арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр Хөдөлмөрийн яам мэдээлэл харилцаа шуудан технологийн газартай хамтран ажиллах саналд гарын үсэг зурсан. Ажлын хэсэг гараад Ерөнхий сайдын ажлын албанд хэд хэдэн удаа танилцуулсан.

Тийм учраас зөвхөн программ хангамж үйлдвэрлэгчид гэлтгүй оюуны бизнес эрхлэгчдийг жижиг дунд үйлдвэрлэлд  тооцон, төрийн хөнгөлөлттэй зээлэнд хамруулах бодитой алхмууд хийх тал талынхаа судалгааг хараад боломж байна гэсэн дүгнэлтэд хүрээд ажиллаж байна.

-Энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчид маань санхүүгийн хариуцлагын талаар сүүлийн жилүүдэд гайгүй сайн мэдлэгтэй болжээ. Зээлийн эргэн төлөлт их өндөр байгаа гэж дуулсан?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас өгч байгаа мэдээллээр зээлийн эргэн  төлөлт 94 хувь байна. Үндсэндээ 100 хувь байна гээд бид санаа  амрах ёсгүй. Хэрэгжилтийн асуудал бол тухайн салбарт ажлын байр бий болж байна уу.

Тухайн зээл зориулалтаараа ашиглагдаж байна уу, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна уу, импортыг орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэр байна гэдгээс л эргэн төлөлтөө харах хэрэгтэй.