“Энхийг сахиулагчид орчин цагийн Дандар баатрууд юм”
2012.05.28

“Энхийг сахиулагчид орчин цагийн Дандар баатрууд юм”

Монгол цэрэг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Эх орныхоо нэрийг дэлхийн давцнаа цуурайтуулсан сүр жавхлант цэнхэр дуулгатнуудын гавьяаг хэн хүнгүй магтан ярьж байна. Монголчууд 2002 онд БНАКонго Улсад НҮБ-ын цэргийн ажиглагчийг илгээсэн түүхэн тэр цаг мөчөөс хойш 10 жилийн хугацаанд дэлхийн гурван тивийн 12 улсад 6000 орчим цэргийн алба хаагчдыг илгээжээ. Энэ ч чанараараа үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн монгол цэрэг эрсийн алдар дэлхийн орнуудад гайхагдаж байна.Өнөөдөр энэхүү сайхан мэдээг дуулгахын шан тавьсан эрхмийн нэг нь яахын аргагүй салбар хариуцсан сайд байсан Л.Болд гэдгийг энхийг сахиулагчид онцоллоо.

Цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангасан хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаас эхлээд дэлхийд цэрэг эрсээрээ нэр хүндээ өсгөх үүдийг нээсэн нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд голдуу харуул хамгаалалт, ажиглагчийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол цэргийн баг 2009 оноос эхлэн бие даасан ажиллагаанд бүрэн шилжив. Тухайлбал, Чад болон Төв Африкийн Бүгд Найрамдах улсад Монголын цэрэг бие даан НҮБ-ын ажиллагааны секторыг хариуцсан бол 2010 онд Суданд цэргийн хээрийн эмнэлгийн баг орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагаанд энэ оноос эхлэн бүтэн батальон оролцсоноор монголчууд цэрэг илгээгч ТОП-20 орны эгнээнд багтах болсон юм.

Ялангуяа сүүлийн дөрвөн жилд энхийг сахиулах ажиллагаанд Монголын дайчдын гүйцэтгэдэг үүрэгт зарчмын өөрчлөлт оржээ. Энэ нь хамтарсан Засгийн газрын үед батлан хамгаалах салбарт өрнөсөн томоохон шинэчлэлийн нэг хэсэг юм. Энэ талаар Батлан хамгаалахын сайд асан Л.Болд “Юуны өмнө Олон улсын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэндийг Монголын Зэвсэгт хүчний нүүр царай болсон нийт энхийг сахиулагчдадаа дэвшүүлье. Энхийг сахиулах ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчин оролцож байгаа нь зэвсэгт хүчний үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, цэрэг дайчдын ур чадварыг дээшлүүлэхэд зүйрлэшгүй ач холбогдолтой гэж үздэг.

Намайг Батлан хамгаалах сайдаар энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын нийгмийн баталгаа эрс сайжирсныг онцлон тэмдэглэх нь зөв болов уу. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийг 2010 онд парламентаар шинэчлэн баталснаар энхийг дэмжих ажиллагаанд орлцох эрх зүйн орчин сайжирсан. Мөн хамтарсан Засгийн газар тогтоол баталж,НҮБ-аас дайчдын гар дээр олгодог томилолтын зардлын 60 хувийг 70 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ нь дайчдын хүнд хүчир хөдөлмөрийг үнэлж буй хэрэг юм. Батлан хамгаалахын сайдаар ажилласан хугацаанд Монголын дайчдын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо ихээхэн өргөжсөн төдийгүй энхийг сахиулагчдын маань гүйцэтгэдэг чиг үүрэгт зарчмын өөрчлөлт орсон. Өмнө нь голдуу харуул хамгаалалтын үүргэ гүйцэтгэдэг байсан бол 2009 оноос хойш Чад-Төв Африкийн бүгд найрамдах улсад манай энхийг сахиулагчид НҮБ-ын ажиллагааны бүтэн секторын аюулгүй байдлыг бие даан хариуцдаг болсон. Түүнчлэн 2010 оноос эхлээд Монголын Зэвсэгт хүчнээс анх удаа цэргийн эмнэлгийн баг энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдод эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг дэлгэн ажиллуулдаг болсон.

Афганистан дахь НАТО-гийн олон улсын цэргийн ажиллагаанд АНУ, ХБНГУ, Бельгийн цэргийн хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдынхаа тоог 2011 оноос нэмэгдүүлж, Афганистанд нийт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн 400 орчимд хүрээд байна. Мөн Өмнөд улс дахь энхийг дэмжих ажиллагаанд 2012 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс бүтэн батальон оролцсонооор НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний тоо 900 давж, энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч ТОП-20 орны эгнээд орж буй нь бахархмаар үзүүлэлт юм.

Ер нь манай цэргийнхэн Халхын голд 1945 оны чөлөөлөх дайнаас хойш байлдаанд орж байгаагүй. Өнөөдөр халуун цэгт үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид маань эрсдэлтэй, байлдааны нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа гайхамшигтай эрэлхэг дайчид, орчин цагийн Дандар баатрууд юм. Тийм учраас цэргийн хамгийн дээд цолыг юун түрүүнд энхийг сахиулагчид хүртэх ёстой гэдэг бодлогыг хэрэгжүүлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Д.Баярмагнай, Д.Баярсайхан, Б.Бадамбазар, Л.Онцгойбаяр нарт генерал цол хүртээсэн нь ч учиртай. Монголын төр энхийг сахиулагчдынхаа үүргийг асар өндрөөр үнэлж байгаагийн илрэл гэдгийг бахархан дурсч байна” гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.